Алтан Овоог тахиж байсан түүхэн уламжлалаас

Дарьгангачууд үе удмаараа олон зууны турш дээдлэн шүтэж ирсэн далайн түвшнээс дээш 1356 м өндөрт орших унтарсан галт уулыг эрт цагт Захын хар Өндөр гэж нэрлэдэг байжээ. Харин ХYII зуунаас Хааны зарлигаар тайж тахиж Дарь-Овоо, Алтан Овоо, Богд Алтан Дарь Овоо хэмээн нэрлэж иржээ.

1690-ээд оны дундуур Алтан дарь овоог анх тайж тахих үед оройд нь алтан ганжиртай гэр хэлбэртэй “Батцагаан” хэмээх дугуй цагаан суварга барьсан нь хаа холоос шижиртэн туяарч харагддаг болсноос “Алтан Дарь-Овоо” гэх болсон хэмээн нутгийн буурлууд хүүрнэдэг юм. Батцагаан нь гэр хэлбэртэй шаталсан гурван давхар бөгөөд нийтдээ таван метр өндөр, түүний дээр модон иштэй уран нарийн хийцтэй алтан шаргал өнгөт ганжиртай байжээ.

Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12, бичин өдрийн луу цагт овооны тахилгыг анх хийхдээ Засгийн газрын Ерөнхийлөн захирах яамны төлөөлөгч, дэс түшмэл, хонин сүргийн дарга Доржийн Магсаржав Богд хааны зарлигийг уншин сонсгон, овоонд сумыг өргөн залж, хүж торгыг шатааж, залагдаж ирсэн Орлой мэргэн хутагт Овоон сүмийн лам нарын хамтаар тахилгын ном уншсан юм.

Үүний дараа 1918 онд Алтан Овоог тахих өдрийг тогтоосон тухайд холбогдох архивын нэгэн сурвалжийг толилуулж байна.

“ Жич хуудас хавчуулж, айлтгах нь: Шавь боолчуудын газраас Дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж, Дарьганги дахь Дарь Овоог хуучин удаагаар энэ жил зуны дунд сард тайлгах сайн өдөр, цагийг сонгон үзүүлвээс энэ зуны дунд сарын 19-ний баасан гариг гал морь, энэ өдрийн морин цагт тайваас сайн хэмээснийг дээр сонсгон айлтгахаас гадна шавь боолчуудын газраас Сэцэн хан аймгийн эрх гүн Пунцагдалайнамжилыг томилон гаргаж, эрхлэн тайлгах ба мөн элдэв хэрэгсэх зүйлийг хуучныг мөрдөн сайн сайхнаар тайлгах явдлыг зохих газраа өөрөө тушааж гүйцэтгэх явдлыг хамтаар гаргаж хичээнгүйлэн хуудас хавчуулан айлтгаад Богд эзэн гэгээнээр толилох ажаамуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав” хэмээжээ.“Мэдэв “гэж мутрын тэмдэг дарсан байна.

Олноо өргөгдсөний наймдугаар он зуны тэргүүн сарын хорин таван

ҮТА. А-173, д-1, хн-187

Алтан Овооны их тахилгын үеэр эрийн гурван наадам хийдэг уламжлал тогтсон.  Алтан Дарь Овооны өөрийн ариун сан, тахилгатай хүндэтгэл, магтаалын ном судартай уул усаараа нэрлэсэн өвөрмөц ур хийцтэй эзэд бурхдын хөрөг дүртэй, шүтэх бишрэх хайрлаж хамгаалах уламжлалт нарийн дэг журамтай тогтоолын зарлиг шийдвэрээр тайж тахидаг Монголын төрийн хамгаалалт тахилгатай уулын нэг.

Алтан-Овооны эзэн сахиус нь эрдэнийн цагаан хүлэгтэй, эрдэнийн баринтаг хувцастай баруун мутартаа шашны дайсныг үндсээр нь таслагч болор шилэн илдтэй, зүүн мутраараа эрдэнэ агуулагч тэвш залан барьж хүссэн бүхнийг хайрлах, гурван цагийг эзэмдэх гурван мэлмийтэй , тэргүүндээ торгон титэмтэй баатар дагнас лам түшмэл, бараа бологч нараар хүрээлүүлсэн баатар эрийн дүрээр дүрсэлсэн аж

1927 оны намар Оросын нэрт эрдэмтэн, жуулчтин В.А.Казакевич Дарьганга нутгаар судалгааны ажлаар явахдаа Батцагаааны гэрэл зургийг авч, өөрийн бүтээл номондоо хэвлүүлэн үлдээсэн байдаг.

1938-1939 оны үед овооны дээрх Батцагааныг нурааж тахилга үйлдэх ёслолыг ч зогсоосон байна.

Нутгийн ард түмэн 1990 онд Батцагааныг сэргээн босгож, Алтан Овооны анхны тахилга хийсэн билээ. Үүнээс хойш 1994, 1999, 2004, 2009 онд их тахилга хийжээ.

Лавлагаа, Мэдээлэл, Судалгааны Төвийн архивч

С.Шижирбаатар

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих