Үрийн заяагаа гомдоосон намайг НУЛИМС ХҮРТЭЛ ОРХИСОН

Хүн хүнээр дутах хамгийн гашуун уй. Тэр тусмаа гараасаа хөтлөх үргүй нэг насыг барна гэдэг төсөөлж илэрхийлэхийн аргагүй ганцаардал, гунигт амьдрал билээ. Түмэн зүйлийн өнгөтэй хорвоод ийм гунигт амьдралаар амьдарч буй олон мянган бүсгүй бий. Тэдний нэг хэсэг нь үр хөндүүлсний уршгаар эх хүний жаргал эдэлж чадахгүй зовж, шаналан амьдарч байна. “Залуу нас минь гараас хөтлөх үрээр л дутаж, гудамж талбай, хаа ч алхахдаа сэтгэл нэг л хоосон оргиж, надаас бусад нь хүүхэдтэй юм шиг санагдаад өөрийн эрхгүй нулимс асгардаг” хэмээн ярих Б.Тэргэлмаа (нэрийг нь өөрчлөв) хэмээх бүсгүйтэй ярилцлаа.

-Уучлаарай, үр хөндүүлсний улмаас дахин хүүхэд гаргах боломжгүй болсон гэсэн. Өнөөдөр охид, бүсг үйчүүд үр хөндүүлэх нь цөөнгүй болсон. Тэдэнд сургамжтай байх болов уу гэх үүднээс өөрийг тань сонгож ярилцах гэсэн юм л даа.

-Одоо би 37 настай. Өөрийн гэсэн байр, ажил, амьдралд шаардлагатай хөрөнгөтэй болсны дараа хүүхэдтэй болно гэж шийдээд анхны хүүхдээ төрүүлээгүй юм. Гэвч одоо надад хүүхдээс бусад нь байна. Би дөрвөн удаа үр хөндүүлсэн. Хоёрыг нь Монголд, гурвыг нь Германд. Сүүлийн найман жилийг ганцаардал, өөрийгөө зүхсэн зүхэлт дунд өнгөрөөлөө. “Тэр өдөр яах гэж тийм шийд гаргав аа” гэж бодохоор одоо дотроос нэг юм хатгах шиг л болдог.

-Та машин, байр, хоолны мөнгөний төлөө л үүнийг хийсэн хэрэг үү?

-Ердөө л тийм. Би энэ хорвоогийн хамгийн нүгэлтэй эмэгтэй. Надад энэ бүхнээс илүү хүүхэд, гэр бүл чухал гэдгийг нэг их бодож явсангүй. Зөвхөн ажиллах, ажиллах. Би үйлчлэгчээс удирдах ажилтан хүртэл дэвшиж, өөртөө хэрэгтэй бүхнийг авах мөнгө цуглуулж чадсан.

Гэвч эд хөрөнгө, мөнгө юу ч биш юм байна. Эмэгтэй хүний шазруун, хор шартай, тэнэг зангаасаа болж би энэ хэрэггүй зүйлсээр үр удмаа сольсноо хожимдсон хойноо ухаарсан. Энэ бүхнийг юу ч өөрчилж чадахгүй. Зөвхөн өөртөө л гомдох юм даа.

-Та гэрлэж байсан уу?

-Албан ёсны гэр бүл байхгүй ээ. Тэгээд ч тэр үү би гадуур гарах дургүй. Хаашаа л харна хүүхдээ тэвэрсэн хүмүүс. Би л орь ганцаараа. Энэ хорвоод надаас бусад нь хүүхэдтэй юм шиг л санагддаг. Өдөр ирэх тусам сэтгэл минь хатуу, хүйтэн болоод байгааг мэдэрдэг. Одоо уйлъя гэсэн ч нулимс гарахаа больсон.

Өмнө нь бол нус, нулимстайгаа хутгалдаад л сууж байдаг байлаа. Нулимс хүртэл намайг орхисон гэхээр би их азгүй хүн байгаа биз. Надтай гэрлэх хүсэлтэй залуу олон байсан ч тэдэнд удам залгах үр хэрэгтэй. Намайг хүүхэд тээж чадахгүйг хэзээ нэгэн цагт мэдэж л таарна. Тиймээс тэднийг өөрөөсөө холдуулсан. Одоо бүгд гэр бүлтэй, сайхан амьдарч байгаа дуулддаг.

-Та яагаад хүүхэд гаргахг үй гэж шийдсэн юм бэ. Таныг хувь заяагаа өөрчилтөл юу ингэтэл нөлөөлөв?

-Миний нэг найз бүсгүй байсан юм. Тухайн үед тэднийх жаахан ядруу амьдралтай байсан. Тэр маань нэг залуутай сууж, хөөрхөн охинтой болсон. Гэтэл ар гэр нь ядуу зүдүү гэх шалтгаар найзыг маань миний нүдэн дээр уйлуулаад орхиод явсан. Энэ байдлыг хараад тэр муу ёрын шийдийг гаргахад хүргэсэн. Найзыгаа буруутгаж боддоггүй. Миний найзад ямар ч буруу байхгүй. Зөвхөн эр хүний дор орж, тийм зовлон амсахгүй гэх үзэл бас хэн нэгэнд хог шаар шиг хаягдах вий гэх айдсаасаа болсон хэрэг.

-Та хүүхэд үрчилж авч болно шүү дээ. Бас үр шилж үүлэн суулгаж хүүхэдтэй болох боломж хэнд ч нээлттэй болсон.

-Би судалж үзсэн. Үр шилж үүлэх боломжгүй болсон байна гэж эмч хэлсэн. Яагаад гэхээр олон удаа үр хөндүүлэ хээр савны хана нимгэрч, хүүхэд тээх боломжгүй болдог юм байна. Хүүхэд үрчилж авах талаар олон удаа бодсон. Хорвоог ганцаараа туулалтай биш, гараасаа хөтлөх хүүхэд үрчилж авна гэж бодож байгаа. Гэхдээ хүний үрийг хайрлаж, халамжилж, зөв хүмүүжүүлж чадахгүй болов уу гэж айх юм. Хайрлаж чадахгүй бол яана. Би дэндүү жаахныг нь арчилж чадахгүй байх. Бас өнгөрсөн хугацаанд дандаа ганцаараа амьдарсан. Их зожиг.

-Та хүүхдэд хайртай биз дээ. Хүүхэдтэй болохыг хүсдэг болохоор чадах байх аа.

-Тийм ээ. Надад миний хийсэн амтгүй хоолыг хувааж идээд, өвөрт минь унтах үр… Одоо ч харамсдаг юм, Герман явалгүйгээр хүүхдээ гаргаад эндээ байсан бол би хамгийн аз жаргалтай ээж байх байсан гэж. Хоногийн хоолгүй ч гэлээ хүүхдүүд маань ойлгох л байсан.

Харамсал гэдэг зүгээр л нэг бодол юм даа. Юуг ч өөрчилж чадахгүй дэмий л шаналгаж, тарчлаадаг бодол. Би гэртээ харихгүй хэдэн өдөр ч болж болно. Тэнд намайг хүлээх хэн ч байхгүй. Ингэж бодохоор бүх юм утгагүй байгаа биз. Гэвч юунд ч юм итгэсээр, горьдсоор амьдарч л байна. Надад байнга очдог асрамжийн хэд хэдэн газар бий.

-Та хэдэн хүүхэд үрчилж авна гэж бодож байна вэ?

-Найм. Дөрвөн хүү, дөрвөн охин. Надад гадаад хүүхэд үрчилж авах санал олон ирж байсан. Гэхдээ би монгол хүүхдэд хайртай. Эргэж тойрдог хүүхдүүд ч бий. Тэднийгээ аваад Герман явна. Монголд амьдрахгүй.

-Та сайн ээж болох байх аа. Эхээс хэдүүлээ вэ. Үр хөндүүлж байгааг тань аав, ээж чинь мэдэж байсан уу?

-Би сайн ээж байх байсан бол яалаа гэж хүүхдээ авахуулж байх юм бэ. Би ганцхан дүүтэй. Дүү маань одоо АНУ-д амьдардаг. Аав, ээж хоёртоо юу гэж хэлэх вэ дээ. Тэр хоёр маань бурхан болоод удаж байна. Надаас дандаа л зээ нэхдэг байлаа. Тэр болгонд нь би дараа жил хүүхэд гаргаад, та хоёроор харуулна гэж хуурдаг байсан. (хэсэг чимээгүй суув)

-Таны харууслыг ойлгож байна. Үр хөндүүлж байгаа охид, бүсгүйчүүдэд хандаж юу хэлмээр байна вэ?

-Миний амьдралыг надтай ижил зовлон амсаж яваа хүмүүс л ойлгоно. Надад тухайн үед бас л бэлэн биш санагдсан. Ийм хор уршигтайг нь мэдэхгүй юм чинь яах вэ дээ. Болохгүй гэх бүхнийг хийж байж болохгүй байсныг нь ойлгодог юм байна. Хүүхэдтэй болж байна гэж заримдаа зүүдэлдэг.

Зүүдлэх бүртээ буян бодож хэн нэг хүүхдэд бэлэг өгдөг. Тэглээ гээд зүүд минь биелдэггүй ч хүний горьдлого тасардаггүй юм байна. Хүн болгонд өөр өөрийн гэсэн зовлон бий. Гэхдээ тэр зовлон чинь үр хүүхэдгүйн зовлонгийн дэргэд юу ч биш. Бүгдээс нь гуйя. Битгий хүүхдээ авахуул. Над шиг болбол яана. Надад намайг гэх хэн ч алга. Аав, ээж, үр хүүхэд, хань ижил. Хорвоо дээр үнэт зүйл гэж байдаг бол тэр нь чиний үр хүүхэд, амьдралаа зориулах хань ижил байх болно. Өөр юу ч биш. Үр хөндөлтийг зогсоох нь зөв.

Бидний ээж, ээжийн ээжүүд үр хөндөлт хийлгэхгүй амьдраад болоод л байсан шүү дээ. Үр хөндөлт гэж байгаагүй бол би ямар ч байх байсан юм билээ. Юм хөгжих тусмаа мөхөл рүүгээ ойртдог гэж үнэн үг шүү.

Ийнхүү бидний яриа өндөрлөхөд ярилцлагын турш нүднээсээ салгаагүй хар шилээ авч, гуниг, цөхрөл бас итгэл гэрэлтсэн харцаар хаашаа ч юм ширтээд “Би хүүхдээ дагуулж яваа бүсгүй хүн бүрт аз жаргал хүсэн шивнэдэг. Тэд бол амьд бурхан” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих