”Оны онцлох хүн”-д улстөрчид тэргүүлж байна

Алдарт “Time” сэтгүүл “Оны онцлох хүн”-ийг 1927 оноос хойш тодруулсаар иржээ. 2012 “Оны онцлох хүн”-ий шалгаруулалтад нийт 38 хувь хүн өрсөлдөж байгаа аж. Цахим хуудсаар энэ сарын 12 хүртэл санал авах юм. 2008 онд АНУ-ын анхны өнгөт арьстан Ерөнхий лөгч Барак Обама, 2010 онд Фэйсбүүк хуудсыг санаачлагч Марк Зюкерберг нар тус тус “Time” сэтгүүлийн оны хүнээр шалгарч байжээ. “Оны онцлох хүн 2012”-т тодрох магадлалтай байгаа хүмүүсийн тухай товч мэдээллийг Танд хүргэж байна.

Малала Юсуфзаи

Пакистаны 15 настай блог хөтлөгч охиныг 2012 оны аравдугаар сард сургуульдаа явах замд нь талибууд буудаж толгой, хүзүүнд нь хүнд шархдуулсан юм. Талибуудын эзэрхийлэл доорхи амьдрал, сурч боловсрох боломжийн талаар өөрийн гэсэн блогийг Малала охин хөтөлдөг байжээ. Түүнийг буудуулсны дараа НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун Малила охиныг дэмжих уриалга гаргасан билээ. Улмаар НҮБ арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг Ойрхи Дорнод дахь эмэгтэйчүүдийн боловсрол, эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзаиг дэмжих өдөр болгон зарласан. Мөн 10.000 гаруй британи иргэний төлөөлөл Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандаж Малала Юсуфзаиг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхийг хүссэн байна. Английн Бермингем хотын эмнэлэгт эмчлүүлж, өдөр ирэх бүр бие нь сайжирсаар байгаа Малала охин илааршсаныхаа дараа блогоо үргэлжлүүлэн хөтлөх бодолтой байгаагаа ярьсан юм.

Аун Сан Су Чи

Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч, хатагтай Аун Сан Су Чигийн амьдралаар кино бүтээхээр болжээ. Ардчилсан үндэсний холбооны удирдагч Аун Сан Су Чи арваннэгдүгээр сард гэрийн хорионоос суллагдсан юм.Тэрбээр Бирмийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваад 1947 онд алагдсан Аун Саны охин. 20 жилийн өмнө Аун Сан Су Чигийн тэргүүлсэн “Ардчиллын төлөөх үндэсний нам” шийдвэрлэх ялалтыг авсан хэдий ч түүний намыг засгийн эрхэнд гаргалгүй өөрийг нь баривчлан хорьжээ. Тэрбээр гэрийн хорионоос суллагдсаны дараа дэмжигчидтэйгээ уулзан «Итгэл, найдвараа хэзээ ч битгий алдаарай» гэж захисан байна. Өдгөө 65 настай Аун Сан Су Чиг Мьянмар улс арваннэгдүгээр сарын 7-нд олон намын оролцоотой парламентын сонгуулиа явуулснаас зургаан өдрийн дараа сулласан нь олон улсын хэвлэл мэдээллээр ихээхэн шуугиан тарив. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Барак Обама Мьянмарт албан ёсны айлчлал хийж, түүнтэй уулзсан юм.

“Pussy Riot” хамтлаг

“Pussy Riot” бол 2011 онд Москвад байгуулагдсан Оросын феминист панк-рок хамтлаг юм. Москвагийн метроны шат, троллейбусны орой зэрэг өвөрмөц газруудад Оросын улстөрийн амьдралын тухай шүүмжилж дуулдаг тус хамтлагийн дөрвөн гишүүн 2012 оны хоёрдугаар сарын 21-нд Москвагийн гол сүмийн үүдэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын Каталик сүмийн улстөрчдийн байр суурийг эсэргүүцсэн дуу дуулж, этгээд бүжиг бүжиглэсэн билээ. Дараа нь энэхүү бичлэгээ интернэтээр цацсаны улмаас шоронд хоригдсон юм. Тус хамтлагийн гишүүн Надежда Толоконникова, Мария Алёхина, Екатерина Самуцевич нарыг хорьсон явдлыг ОХУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгчид эсэргүүцсээр байна. Эдгээр эмэгтэйг шүүх шүүх хурал наймдугаар сарын 17-ны өдөр болж, тус бүр хоёр жилийн хорих ял оноосон шүүхийн шийдвэр гарсан нь зөвхөн Орост төдийгүй олон улсын хэмжээнд ихээхэн шүүмжлэлийг дагуулсан юм.

Өмнөд Солонгосын дуучин “Psy”

“Ганнам стиль” дууны эзэн болох Өмнөд Солонгосын дуучин “Psy” буюу Пак Жа Сан нь 1981 онд төржээ. 2000 оноос урлагт хөл тавив. Тэрбээр нийт 10 гаруй цомог гаргасан байна. Түүний хамгийн сүүлд гаргасан “Ганнам стиль” дуу нь Өмнөд Солонгосын хөгжмийн чатуудыг тэргүүлээд зогсохгүй Канад, Финланд, Данид хүртэл тэргүүлж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн саруудад хөгжмийн фестиваль, олон улсын наадам, шоу тоглолт, шууд нэвтрүүлэг гээд томоохон хэмжээний арга хэмжээнд зөвхөн энэ дуугаа дуулах гэж олонтаа уригдаж, Япон, АНУд ч хэд хэдэн удаа айлчлаад байгаа. Түүнийг хаана ч явсан мэдээллийн хэрэгслүүд дагаж, түүнтэй холбоотой зүйлсийг сонирхсоор байна. “Ганнам стиль” дууг “YouTube” сайтад хамгийн олон буюу 820 сая үзэгч үзжээ.

Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Ун

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намаас тус орны лидер Ким Чен Уныг магтан дуулсан ном хэвлэн гаргасан тухай Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг мэдээлэв. Тус номд залуу удирдагчийн дипломат болон цэргийн авьяасыг магтаж, бага насандаа хэт ухаантай хүүхэд байсан, түүнчлэн хэрхэн буудаж, машин барьж сурсан зэргийг өгүүлжээ. Энэхүү номын араас дараагийн ботиуд ч мөн хэвлэгдэх гэнэ. Ким Чен Уны эцэг Ким Чен Ирт зориулсан магтаалын ном 70 гаруй бий. Харин Ким Ир Сений тухай 100 орчим ном хэвлэгджээ. Номоос гадна түүнд шинэ сүлд дуу зориулан бүтээсэн билээ. Мөн тэрбээр саяхан 2012 оны тачаангуй эрээр тодорсон юм.

Феликс Баумгартнер

Австрийн Зальцбург хотод төрсөн Феликс 16 настайдаа анх шүхрээр буужээ. Одоо 43 настай тэрбээр:
- Агаарын бөмбөлгөөр хамгийн өндөрт гарсан.
- Агаар мандлаас дээш хамгийн өндрөөс буусан.
- Чөлөөт уналтаар дууны хурдыг давсан.
- Агаар мандалд хамгийн удаан тэссэн зэрэг олон дээд амжилтыг
нэг зэрэг тогтоосон юм.
Түүнчлэн Феликс Баумгартнерийн сансраас чөлөөт уналт хийн, дэлхий дээр газардах үеийн бичлэгийг нэг өдрийн дотор нийт найман сая хүн үзсэн байна. Мөн түүний газардах үеийн бичлэгийг дэлхийн 50 оронд телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.

Г.НЯМСҮРЭН

URL:

Сэтгэгдэл бичих