Ц.Цолмон: АН, ”Шударга ёс” эвсэл хоёр эн тэнцүү тоглогч шүү дээ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-”Шударга ёс” эвслийн бүлгээр сонин сайхан юутай байна вэ. Орон нутгийн сонгууль гээд багагүй ажил өр нөлөө. Танай эвсэл энэ сонгуульд огт анхаарсангүй юу?

-Орон нутгийн сонгууль саяхан боллоо. Сонгуульд “Шударга ёс” эвслийг бүрдүүлж буй намууд эвслээрээ орж чадсангүй. Салангид орсон. Энэ нь сонгуулийн дүнд сөргөөр нөлөөллөө. Бид нэг зүйлд их эргэлзэж байна. “Шударга ёс” эвсэл Архангай аймгийн төвд УИХ-ын сонгуулиар 40 хувийн санал авч байсан. Гэтэл орон нутгийн сонгуулиар манай нам, эвсэл бүх газар 10 хувийн санал авлаа. Үүнд манай намын гишүүд эргэлзэж байгаа.
Автомат санал тоолох машиндаа 10 хувь гэдэг программ суулгачихсан юм уу. Тэгээгүй л бол яахаараа дөрвөн сарын дотор 40 хувь байсан рейтинг 10 хувь болтлоо буурдаг юм. За яахав буурлаа гэж бодоход ямар шалтгаанаас болж вэ гээд бодохоор тодорхой шалтгаан олдохгүй байгаа юм. Эрх барьж буй АНынхан нэр дэвшигчдийг хасах, сонгуульд нь оролцуулахгүй байх ажиллагаа их явуулсан.
Нөгөө талаас бүх тойрогт 10 хувийн санал авах, сонгуульд оролцохгүй байх хоёрын хооронд ялгаа байна уу, үгүй юу гэсэн бодол төрж байна. Бид санал тоолох машинд эргэлзэж байсан. Орон нутгийн сонгуулиар улам эргэлзээ төрж, харддаг боллоо. Цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд санал тоолох автомат машиныг хэрэглүү лэхгүй байх тал дээр манай нам, эвс лээс анхаарал хандуулж, ажиллах ёстой юм байна гэсэн бодолтой байна.

-Та зарим тойргуудад танай нам, нэр дэвшигчийг бүртгээгүй гэлээ. Тухайн тойргийн хороодоос энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргасан уу?

-Монгол Ардын Намаас албан ёсоор гаргаагүй байна гэсэн шалтгаанаар олон хүн хасагдсан. Говь-Алтай, Хөвсгөл аймагт уг асуудал ноцтой болсон. Тиймээс манай нам уг аймгуудад дахин сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Цаашид энэ талаар хөөцөлдөж ажиллана.

-Орон нутгийн сонгуулийн үр дүн танай нам, эвслийн хувьд тийм ч таатай байсангүй. Та бүгд үүнд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Бид менежмент муутай оролцлоо гээд өөрсдийгөө шүүмжлэх тал давамгайлж байсан. Тэгэхээр менежментээс хамаарахгүйгээр бүх газар 10 хувийн санал авч байна гэдэг бол эцсийн дүндээ компьютерээс хамаарч байна гэдгийн нотолгоо боллоо. Манай Н.Энхболд дарга, Н.Батцэрэг дарга хоёр УИХын танхимд гар бариад л “Нэг нэгнийгээ дэмжинэ.
Сонгуулиа шударга, хуулийн дагуу явуулна” гэж зөндөө ярьсан. Гэтэл Говь-Алтай, Хөвсгөл аймагт дарга нарынхаа ч тохиролцоо, шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өөрийнхөө эрх ашиг, орон нутгийнхаа маргалдаанд автаж сонгуулийг түвэгтэй болгосон. Энэ тал дээр Монгол Ардын Нам, МАХН удирдлагууд хамтарч, доор ажиллаж байгаа хүмүүсээ хууль, шийдвэр биелүүлдэг болгох хэрэгтэй.

-Ер нь МАХН орон нутгийн сонгуульд дангаараа орсон нь дээр байсан юм биш үү?

-Үүнд дүгнэлт хийх аргагүй болчихоод байна. Бид эхлээд эвслээрээ орох ёстой гэж үзэж байснаа сүүлдээ аймаг бүрт янз янзын хувилбар гаргаж ирсэн. Тухайлбал, ИЗНН-тай нэгдээд, дэмжиж оролцвол ямар үр дүн гарах нь, хоёр нам тус тусдаа орвол ямар үр дүн гарч байна гэдэг олон хувилбараар сонгуульд оролцоод дараа нь нийт авсан саналынхаа байдлаар дүгнэлт гаргая гэж бодож байлаа.
Гэтэл ямар ч вариантаар орсон 10 хувийн санал аваад байгаа болохоор бидний үйл ажиллагаанаас хамаарахгүй компьютероос шалтгаалсан зүйлд орчихов уу гэсэн дүгнэлт хийхээс аргагүй байдалд орсон.

-”Шударга ёс” эвсэл өнгөрсөн пүрэв, баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй нь Ц.Оюунбаатарын оронд Э.Батшугарыг тангараг өргүүлэхтэй холбоотой гэж яригдах боллоо. Уг асуудалд тодорхой хариулт өгөхгүй юу?

-Манай нам, эвслээс СЕХ-нд өгсөн гомдол, шийдвэрлэгдээг үй асуудал бий. Бусад намын хувьд ч ялгаагүй. Ялангуяа, Өвөрхангай аймгийн тойргийн асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй, маргаантай байгаа нөхцөлд УИХ-ын даргаас нэр томьёололгүй, хэнийг, яаж тангараг өргүүлэх нь мэдэгдэхгүй, бүрхэг асуудлыг удаа дараа оруулж ирж байгаагаас болж УИХын чуулганы үйл ажиллагаа түвэгтэй байдалд орж байна.

-”Шударга ёс” эвслийнхэн ерөнхийдөө Э.Батшугарыг тангараг өргүүлье гэдэг зүйлийг ярьж байгаа юм биш үү?

-Э.Батшугарын асуудлыг шийдвэрлэхийг СЕХ-нд тавьчихаад байж байна. Мэдээж СЕХ дэмжиж тангараг өргүүлэх нь зүйтэй гэж үзвэл тангараг өргөнө.

-Яагаад заавал Э.Батшугар тангараг өргөх ёстой гэж үзээд байгаа юм бэ?

-Анх Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй гэж хассан. Гэтэл Батлан хамгаалах яамнаас энэ жил цэргийнхээ үүргийг гүйцэтгэсэн байна гэсэн бичиг авсан. Энэхүү бичгийг үндэслэж Э.Батшугарыг жагсаалтаас хассан нь буруу байсан. Тиймээс СЕХ буруугаа хүлээж энэ хүний сонгогдох эрхийг нь сэргээгээч гэсэн.
Э.Батшугар нэрийн жагсаалтаар тавд, Ц.Оюунбаатар 10-т бичигдсэн байгаа. Манайхаас долоон хүн УИХ-д орж байгаа. Энэ удаад долоо дахь хүний асуудал яригдаж байна. Э.Батшугарын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дараагийн хүнийг УИХ-д оруулах нь зохимжгүй. Нам дээр ийм асуудал яригдаж байгаа. СЕХ-нд уг асуудлыг эцэслэн шийдвэрлээч гэдэг хүсэлт тавьсан.

-Нэгэнтээ Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэхээр өргөн барьчихаад байдаг. Гэтэл хууль зүйн үүднээсээ Э.Батшугарыг оронд нь оруулах боломж бий юу?

-Үүнийг СЕХ л мэднэ. СЕХ эцэслэж хариугаа өгөх ёстой. Хэрэв Э.Батшугар хасагдвал Ц.Оюунбаатар оронд нь орж болно.

-Э.Батшугарыг тангараг өргүүлэх тухай асуудал Н.Энхбаяр даргын асуудалтай холбоотой юу?

-Н.Энхбаяр даргын шүүх хурлаас өмнө УИХ-ын сонгуулийн үед л шийдчихсэн асуудал. Нэгэнт нэрээ дэвшүүлчихсэн. Гэтэл буруу шийдэгдчихлээ гэж үзэж байгаа учраас бид эцсийн шийдвэр гартал уг асуудлыг хөөцөлдөж ажиллана. Э.Батшугардаа ч биш. Аль ч хүн нэрээ дэвшүүлээд нэр нь хасагдвал ямар ч байсан эцсийн шийдвэр гартал хөөцөлдөх л ёстой.

-Тэгэхээр “Шударга ёс” эвслийхэн СЕХ-ноос уг асуудлаар тодорхой шийдвэр гаргатал УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэж ойлгож болох уу?

-Нөхцөл байдал хэвэндээ байвал шийдвэр нь хэвэндээ л байна шүү дээ.

-Нэг талаар Монгол Ардын Нам, танай нам хоёр асуудал нэгтэй болчихож байгаа юм биш үү. Тэгэхээр зарим гишүүдийг тангарах өргүүлэх тухай асуудлаар хоёр намын зүгээс уулзаж ярилцав уу?

-Бид уг асуудлаар Монгол Ардын Намынхантай зөвлөлдөж ажиллаж байгаа. Улс орон, Монгол төрийн эрх ашгийн төлөө бололцоотой бүх зүйл дээр хамтарч ажиллах ёстой. Түүнээс дөнгөж саяхан салсан авгай, нөхөр шиг уулзаж, ярилцахгүй бие биеэсээ зугтаад байх ямар ч шаардлагагүй.

-Та шинэ байгуулагдсан парламентын гишүүн болж асуудал дотор нь яваа хүний хувьд өнгөрсөн хэдэн сар УИХ, Засгийн газрын төвшинд өрнөсөн үйл явдлуудыг хэрхэн дүгнэж байна вэ?

-АН манай нам хоёрын харьцааны тухайд гэвэл өнөөгийн эвслийн Засгийн газрыг өнгөрсөн дөрвөн жил явсан хамтарсан Засгийн газартай харьцуулж, жишдэг алдаатай зүйл бий. Өөрөөр хэлбэл, өмнөх дөрвөн жилд Монгол Ардын Нам ялчихаад АН-ын зургаан сайдыг өөрийнхөө танхимд урьж оруулсан. Уг зургаан сайдыг урихгүй ч байж болох байсан.
Тухайн үед Монгол Ардын Нам дангаараа засаг, төрөө байгуулаад явахад хангалттай суудалтай байсан. Одоо бол АН-д дангаараа засгийн эрхийг барих ямар ч бололцоо байхгүй. Олон болсон болохоос олонхи болж чадаагүй. Тиймээс манай эвсэлтэй нийлж олонхи болсон. Тэгэхээр энэ хоёр схем бол шал өөр, зарчмын ялгаатай. Тухайн үед АН уригдсан зочдын үүрэг гүйцэтгэж байсан. Харин өнөөдөр “Шударга ёс” эвсэл эн тэнцүү тоглогч болчихоод байна.
Үүнийг АН-ын удирдлагын зарим хүмүүс эхэн үедээ ойлгохгүй байсан. Бид үүнийг сайн тайлбарласан. Өнөөгийн бодит байдал дээр бид 11 суудалтай ч өмнөх Засгийн газарт 26 суудалтай байсан АН-ын гүйцэтгэсэн үүргээс илүү чухал ач холбогдолтой үүргийг төр, засгийн бүтцэд гүйцэтгэж байгаа. Үүнээс болж манай хоёр намын дунд “АН олонхи болоогүй байж, олонхи болчихсон юм шиг шахалт, араншин гаргаж байна” гэж шүүмжилж байсан тал бий.
Харин Монгол Ардын Нам, АН хоёрын харьцаанд бие биедээ гомдол санах зүйл байдаг. Тухайлбал, бүлэг байгуулах тухай асуудал. Миний ойлгож байгаагаар Монгол Ардын Намд бүлэг байгуулах гарцаагүй шаардлага байхгүй. Би гурван сарын өмнө хэлж байсан. Ер нь УИХ-ын бүтцэд бүлэг гэдэг байгууллагын үүргийг хэтэрхий дөвийлгөсөн.
Уг нь гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж, бүлэг гэдэг зүйлд баригдаж, бүлэг, намын даргын бодол, санаанд авталгүй УИХ-ын гишүүд үр дүнтэй ажиллаж, өөрийнхөө тойргийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах учиртай. Энэ утгаараа Монгол Улсын түүхэнд туршлага болж байна. Бүлэггүй ажиллах бүх нөөц бололцоогоо Монгол Ардын Нам шавхаагүй гэж ойлгож байгаа.
Бүлэггүйдээ гоморхож хурал, бусад зүйлд идэвхгүй оролцож байгаа зүйл ажиглагддаг. Уг нь Монгол Ардын Нам их идэвхтэй ажиллавал явж, явж АН “Та нар бүлгээ байгуулаач” гэж гуйх ёстой юм. Тэгэхээр нэг загварт баригдаад байж болохгүй. Энэ бүлгийн асуудлыг маш эрт зохицуулж болох байсан.
УИХын гишүүн С.Дэмбэрэл бид хоёр бүлгийн асуудлыг хурдан шийдэх үүднээс “Бүлэг байгуулах асуудал бол тухайн намын өөрийнх нь сонирхлын асуудал байх ёстой” гэсэн нээлттэй заалт хийж өгөх хуулийн төсөл өргөн барьсан. Гэтэл үүнийг одоо болтол шийдээгүй байна.

Ц.Жаргалцэцэг
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Сэтгэгдэл бичих