Гаалийн үнэ, гаалийн үнэлгээ
Гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд гаалийн үнэ, гаалийн үнэлгээ болон хэлцлийн үнэ зэрэг нэр томъёо, ойлголтууд болон хэлцлийн үнийн аргын талаар товч, тодорхой мэдээлэл өгөхийг зорилоо.
Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүдийн нэг, Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээр-1994-ийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр болох Гаалийн үнэлгээний хэлэлцээрт /цаашид хэлэлцээр гэх/ “ Импортолсон барааны гаалийн үнэ гэж тухайн барааны хэлцлийн үнэ, өөрөөр хэлбэл барааг импортлогч оронд экспортоор худалдахад төлсөн буюу төлбөл зохих бодит үнийг 8 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ хийснээр ойлгоно..”гэж, Монгол улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3.1.4 дүгээр зүйлд “..гаалийн татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах зорилгоор тодорхойлж буй үнэ” хэмээн тус тус тодорхойлсон байна.
Хэлцлийн үнэ гэдэг нь худалдагч, худалдан авагч хоёрын хооронд байгуулсан гэрээ, хэлцлээр тохирсон барааны үнэ өөрөөр хэлбэл, хилийн чанадаас худалдан авсан барааны болон худалдагчид шууд буюу шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг хэлнэ. Тиймээс хэлцлийн үнэ бол гаалийн үнийн анхдагч суурь юм.
Гаалийн үнэлгээ гэдэг нь гаалийн үнийг тооцон тодорхойлох, холбогдох бичиг баримт ба мэдээллээр нотлон баталгаажуулах, барааны гаалийн үнийг мэдуулэх, тэрчлэн нягтлан шалгах цогц үйл ажиллагаа ба гаалийн үнэлгээ хийх эрх зүйн үндэс нь Хэлэлцээр болон Монгол улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болно.
Эдгээр хууль, тогтоомжид заасны дагуу мэдүүлэгч эсвэл, гаалийн байгууллага гаалийн үнийг гаалийн үнэлгээний 6 аргыг дараалан хэрэглэж тогтоох ба 1-р арга буюу хэлцлийн үнийн арга нь барааны гаалийн үнийг тогтоох үндсэн арга болно.
Хэлэлцээр болон дээрх үндэсний хууль, тогтоомжид заасан нөхцлүүд хангагдсан тохиолдолд импортолсон барааны үнэлгээг 1-р аргаар тодорхойлно.
Зохиомлоор болон зоргоороо гаалийн үнийг хэрэглэхээс хамгаалах үүднээс гаалийн зорилгоор барааг үнэлэх шударга, нэгдмэл, дундыг барьсан тогтолцоог бий болгох шаардлагын дагуу гаалийн үнэлгээ хийгдэх ёстой. Үүний тулд мэдүүлэгч гаалийн үнийг үнэн зөв тодорхойлсноо нотлох бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх ёстой бөгөөд энэ нь тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн, бодит мэдээлэл дээр үндэслэгдсэн байвал зохино.
Гаалийн үнэлгээний үндсэн аргыг хэрэглэснээр гаалийн байгууллагын зүгээс гадаад худалдаа эрхлэгчдийн эрх ашигт нийцсэн хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, хялбарчлахад бодит нөхдөлөөр хангах, цаг хугацаа хэмнэх, зардлыг багасгах нөгөө талаар хүнд суртал, хээл хахуулийг таслан зогсоох, алив техникийн хориг саад учруулахаас сэргийлэх, харилцан хамтран ажиллаж үнэн зөв мэдээлэл солилцох өргөн боломж нээгдэх болно,
www.fact.mn
URL: