БОГД ЖИБЗУНДАМБА ХУТАГТЫН ТӨР БА ДАМБИЙЖАНЦАН
ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийн хуудсанд харь улсын иргэншилтэймонгол гаралтай хүмүүс нилээдгүй байдгаас Хаант Орос улсын харьяат Жа лам хэмээн нийтэд нэрлэгдсэн монгол үндэстэн халимаг Дамбийжанцан юм.
Эдүгээгээс 100 жилийн тэртээ Монгол улсын баруун хязгаарын Ховд хот дахь манж хятадын түшмэл, цэргийг үлдэн хөөхөөр Богд эзэн хааны өөрийн зарлигаар Хатан баатар Магсаржав, Баргын Манлай баатар Дамдинсүрэн тэргүүтэй хүмүүсийг томилон явуулж, улмаар тэд нар энэхүү Ховд хотыг чөлөөлөх дайнд халимаг Дамбийжанцанг татан оролцуулсан тухай Монголын түүхийн ном зохиолуудад тэмдэглэсэн байдаг.
Халимаг Дамбийжанцан 1912-1914 онд Монголын баруун хязгаарын олон монгол аймгийг дагуулан тохинуулах сайдын албыг хашихдаа Монгол улсын эзэн хаан Богд Жибзундамба хутагт, Сайн ноён хан Намнансүрэн, Эрдэнэ дайчин чин ван Ханддорж, Дотоод яамны тэргүүн сайд Цэрэнчимэд, Жалханз хутагт Дамдинсүрэн, Егүзэр хутагт Галсандаш нарын зэрэг Монгол улсын төрийн зүтгэлтнүүд болон өөрийн багш шавь нартай харилцаж байсан баримт Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байна. Миний бие энэхүү илтгэлдээ Богд Жибзундамба хутагтын төр Дамбийжанцантай хэрхэн харилцаж байсан талаар хэдэн зүйлийг хэлье.
Ховд хотыг чөлөөлсний дараа Дамдинсүрэн, Магсаржав, Наваанцэрэн, Дамдинбазар нараас 1912 оны 08-р сарын 27 буюу Олнаа өргөгдсөний хоёрдугаар он долоон сарын арван таванд Ховдыг эзлэхэд гавъяа байгуулсан ноёд, түшмэд, лам нарыг хөхиүлэн шагнахыг Богд эзэн хаантад айлтгасан айлтгалдаа халимаг лам Дамбийжанцангийн зүтгэлийн талаар “…Их Монголын Эрдэнэ бишрэлт засаг лам Дамбийжанцан болбоос удаа удаагийн байлдах хэрэг тутамд түрүүлэн явсан ба бас ч Алтайн Урианхайн хошоод, захчины зэрэг долоон хошууг элдвэрээр сэнхрүүлэн сургаж нэгмөснөөр шин төрд багтаан дагуулж тэрхүү дагаж орсон хошууны зарим этгээдээс зэвсэг бүрэн морьтой цэрэг тавь илүүг дайчлан томилуулж хүчин туслуулж нэгэнтэйгүүр баруун хойд хязгаарын аймшигтай мэдээг сар дараалан гурван удаа нааш мэдээлэн мэдүүлгэхээр тушааж хүлээлгэсэн ач ийм бөгөөд энэхүү Дамбийжанцанг эрхбиш хэтэрхий сайшаан хөхиүлэхийг үзүүлбээс зохимой…” /МУҮТА Х-27, Д-1,ХН-2 Хуу 4-6/.Энэ дагууд Богд эзэн хаан зарлиг буулгаж, түүнийг Баруун хязгаарын олон монгол аймгийг дагуулан тохинуулах сайдаар томилсны сацуу Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагт цолыг шагнан хүртээсэн билээ.Олнаа өргөгдсөний хоёрдугаар оны өвлийн тэргүүн сарын арван есөнд Дотоод яамнаас Богд эзэн хаанд айлтгасан айлтгалдаа Дамбийжанцанд Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр ноён хутагт номун ханы тамга цутган олгож,баруун хязгаарын элдэв хэрэгт нэн тустай хэмээн тодорхойлсонд Монгол улсын Эзэн хаан хүлээн зөвшөөрч, Дамбийжанцанд хутагтын тамга шийтгэн олгуулжээ. /МУҮТА,Х-А2, Д-1,ХН-82 10-р бичиг/ Монгол улсын эзэн хааны хишгийг дараа дараагаар хүртсэн Дамбийжанцан Монгол улсын эзэн хаан, Засгийн газарт талархсанаа илэрхийлж байсан билээ. Зарим судлаачдын бүтээлд Дамбийжанцанд Богд эзэн хаан “Түшээ гүн”, “Догшин ноён хутагт”цол олгосон гэж бичсэн байгаа нь ташаа мэдээ юм.
Олнаа өргөгдсөний гуравдугаар оны есөн сарын хорин гурван буюу аргын тооллын 1913 оны 10 сарын 23-нд Богд эзэн хаан дахин зарлиг буулгаж, баруун хязгаарыг батлан тохинуулах сайд ноён хутагт Дамбийжанцанд сайдын тамга олгуулагтун хэмээсэнд, Дотоод яам зарлигийг даган сайдын тамгыг цутгуулж хүргүүлсэн ба /МУҮТА,Х-А2, Д-1, ХН-160 7-р бичиг/ халимаг Дамбийжанцан сайдын тамгыг Олнаа өргөгдсөний гуравдугаар он арван сарын шинийн есөнд /1913.11.07/ хүлээн авснаа мэдэгдэн Монгол улсын Засгийн газарт бичиг хүргүүлжээ. Уг бичигт “Их Монголын Зарлигаар өргөмжилсөн баруун хязгаарын монгол олон аймгийг дагуулан тохинуулах сайд Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагтын бичиг, Бүгд Ерөнхийлэн Захирах Яам, Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам, Гадаадын Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яам, Сангийн Хамаг Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам, Цэргийн Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам, Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа өргөн илгээв. Мэдүүлэн явуулах учир, эдүгээ энэ он арван сарын шинийн есөнд манай сайд хутагтын газраас айлтгасан нь баруун хязгаарыг тохинуулах сайдын тамга шагнасан учирт хүлээн авч Тэнгэрийн хишигт мөргөж нээн хэрэг шийтгэсэн явдлыг зүй нь хичээнгүйлэн нугалбар бичиж сонсгон айлтгахын учир. Энэ он арван сарын шинийн есөнд хүлээн авсан Дотоод яамнаас Дээд зарлиг буулгасан нь Баруун хязгаарыг батлан тохинуулах сайд ноён хутагт Дамбийжанцанд сайдын тамга олгуулагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж сайд ноён хутагтад олгуулах сайдын тамгыг цутган үйлтгүүлж туслагч тайж Сонинпил нарт тушаан өгч хүргүүлсэн учрыг сийрүүлэн гаргаж хүргэж ирсэн мөнхүү өдрөө харьяат туслагч тайж Сонинпил нар залан авчирсанд даруй шавь боол Дамбийжанцан дэвхцэн баярлаж хүжийн ширээ жагсааж Тэнгэрийн хишигт мөргөж мөнхүү өдрөө нээн хэрэг шийтгэснээс гадна Дамбийжанцан болбоос нэгэн адгийн хязгаарын тэнэг боол Богд эзэн удаа дараацан хишиг хүртээсэн нь туйлын хүнд гүн ер өчүүхэн бага зүтгэсэн газар үгүй. Одоо зүй нь морь нохой мэт мунхаг үнэнхүүг улмаар гүйцэтгэн чадахын чинээгээр хичээн зүтгэхийг наманчлан хичээх явдлыг зүй нь хичээнгүйлэн нугалбар бичиж сонсгон айлтгаваас зохимой үүний тул хичээнгүйлэн айлтгав. Ийнхүү айлтгасан явдлыг явуулан тушааваас зохих олон газраа тус бүр явуулан тушаасугай. Үүний тул өргөн илгээв.Олнаа өргөгдсөний гуравдугаар он арван сарын шинийн есөн” /МУҮТА,Х-А2, Д-1, ХН-137, 31-р бичиг/ хэмээн өгүүлжээ.
Үүний дараагаар сайд ноён хутагт Дамбийжанцан бээр Дотоод яамнаа хандан ”Мэдүүлэх учир, эдүгээ хутагт өчүүхэн Дамбийжанцан би болбоос адаг хязгаарын нэгэн доорд хувилгаан бөгөөд Богд эзний гайхамшигт шашин төр дэлгэрэн мандах цагийг төсөвлөн чин үнэнхүү нэгэн сэтгэлээр дагаар орж өчүүхэн төдий хүчин зүтгэхийг хичээж, баруун хязгаарт ирээд олон сайд ноёд лугаа санаа нийлж хавсран явсан учраа Богд эзэн хэтэрхий хишиг хүртээж хүрэн жолоо, хувилгаан янба шагнажээ. Бас сайдууд цэргийн хамт Ховд хотын тэрслэсэн хятад түшмэл цэргийг сөнөөхөд хамт явж хүчин зүтгэсэн учраа Богд эзэн хэтэрхий өршөөн Үнэн хүчин төгөлдөр ноён хутагт өргөмжилж баруун хязгаарын монгол аймгийг дагуулан тохинуулах сайд тавьж дараагаар номун хан цол, шар жолоо шагнасныг хичээнгүйлэн дагаж Эзний хишгийг сүслэн оролдсон тушаалын хэрэгт зүтгэн явмой. Эдүгээ бас Үнэн хүчин төгөлдөр ноён хутагт номун ханы тамга шагнасан нь үнэхээр нойр зүүдэнд эргэлзсэнгүй хүнд зузаан хишиг хүртээжээ. Мэхийж хянаваас Дамбийжанцан би угаас адаг хязгаарын нэгэн доорд боол ер Богд эзний хэтэрхий өршөөн гүн хүнд хишгийг хариулан зүтгэх хүчин өчүүхэн боловч гагцхүү чингэж үнэнсэтгэлээр чадахын чинээгээр хичээн зүтгэмүй. Одоо ер Эзний хишигт хэтрэмхийлэн эрмэлзэх газар үгүй гагцхүү онц доорд хүн бөгөөд Эзний өршөөл шагнасан гавъяа хишгийг хойч өдөр хүндэтгэн дагаж явахыг үнэхээрийн хүсэх тул тусгайлан өргөмжлөл олгуулбаас болох, үл болох явдлыг олдвоос Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа өргөн мэдүүлээд гуйх нь уламжлан айлтгаж хишиг хүртээвээс болох ажааму үүний тул өргөв” хэмээн шар торгоны өргөмжлөл хүсэн бичиг явуулсанд, Монгол улсын Засгийн газрын сайдууд зөвлөлдөн Богд эзэн хаанд өргөн айлтгасанд ёсоор болгож түүнд гуйсан ёсоор шар торгоны өргөмжлөлийг олгожээ./МУҮТА,Х-А2, Д-1, ХН-129, 31-р бичиг/ Богд эзэн хааны зарлигийг сийрүүлвэл “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хааны зарлиг, Дамбийжанцан болбоос миний биеийг их сууринаа сууж, шашин төрийг хослон барьж монгол язгууртаныг нэгэн хамт болгон амгалан жаргаланд жолоодох цагийг тохиолдуулан умар зүгийн адгийн хязгаараас үнэн санаагаар баруун хойд монгол аймагт ирж тэдний сэтгэлийг тохинуулан дагуулж чармайн зүтгэсэнд би ихэд сайшааж Эрдэнэ бишрэлт Дамбийжанцан чамд хишиг хүртээж Үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагт, улбар шар жолоо нэмэн шагнаж, сайд талбиад басхүү Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагтын тамга олгуулав. Чи миний дотно хишгийг хүртсэнийг тулд шашин төрийн үйл хэрэгт номун ёсчлон чин үнэнээр зүтгэж олон монгол аймгийг сайхнаар тохинуулан гадаадын дайсныг номхотгогтун битгий осолдтугай хэмээн сургаж хойч өдөр гавъяаг илэрхийлэх эрдэнэ дарсан шар торгоны өргөмжлөл шагнан олгуулбай.Олнаа өргөгдсөний гуравдугаар он” /МУҮТА, Х-А173, Д-1, ХН-116 3-р нугалбар/ хэмээжээ.
Богдын Засгийн газар Дамбийжанцанд ингэж хэд хэдэн удаа шан харамж хүртээж, Монгол улсын баруун хязгаарын олон монголчуудыг Богд хаант улсад нэгтгэх, хилийн хавийн нутгаар орших тэнүүлчдийг устгах, улсын хилийн халдашгүй байдлыг сахиулах, Баруун зүгээс ирэх гаднын хүчийг таслан зогсоох зэрэгт түүнийг ашиглаж байсан ба харин Дамбийжанцангийн хувьд бол Богд хаан болон түүний засгийн газарт өөрийн хүчээ өгч Богд хаан, Монгол улсын Засгийн газрын итгэлийг олж Баруун хязгаарт өөрийн нэр нөлөөг бэхжүүлэхийг чин сэтгэлээсээхичээж байлаа.
Богд эзэн хаантнаас өндөр шан хүртсэн Дамбийжанцангийн нэр хүнд ихээхэн өсөх болсон учир Халхын Засагт хан аймаг, Дөрвөдийн Зүүн, Баруун хоёр аймгийн олон засаг ноёдын нилээд нь өөрийн харьяат хошууны тайж, ард, болон лам хуврагуудыг хүрээ хийдийнх ньхамт шавь болгон өргөсөн учир түүний харьяат хүн амын тоо нилээд өссөнд тэрбээр өөрийн шавь ардыг нэг нутагт нутаглуулахаар зорьж Дотоод яамаар дамжуулан Богд эзэн хаан Жибзундамба хутагтад айлтгасанд Богд хаан түүний хүсэлтийг ёсоор болгож нутаг олгосон байна. /МУҮТА, Х-А173, Д-1, ХН-111 4-р нугалбар/ Дамбийжанцан бээр өөрийн шавь нарыг тусгайлан засаг байгуулж /МУҮТА, Х-А3,Д-1,ХН-413 3-р бичиг/, урьдын Бат ерөөлт Далай хан Галсаннамжилын хүү тайж Түмэнбадам-Аюурзанаар/МУҮТА,Х-А3,Д-1,ХН-413 2-рбичиг/ өөрийн шавь ардыг захируулахыг эрж Монгол улсын Засгийн газарт хандаж, улмаар өөрийн хүсэлтийг шийдвэрлүүлж чадсан юм. МөнБогд хаант улсын Засгийн газраас тайж Түмэнбадам-Аюурзанад шинэ засгийн тамгыг олгож, мөн түүнд засаг улсад туслагч гүнгийн хэргэм үе улиран залгамжлуулсан аж./МУҮТА,Х-А2,Д-1,ХН-125, 27-р бичиг/Монгол улсын эзэн хаан Богд Жибзундамба хутагтаас нилээд их шан харамж хүртсэн сайд ноён хутагт Дамбийжанцан бээр Богд эзэн хаанд хүндлэл үзүүлж нилээд хэдэн удаа есөн цагааны бэлэг хүргүүлж байжээ.
Сайд ноён хутагт Дамбийжанцан Богд Жибузандамба хутагтад өөрийн зүгээс хувийн захидлыг хэд хэдэн удаа өргөн толилуулсан ба ихэнх захидлынх нь гол агуулга тухайн үеийн Монгол улсын баруун хязгаарын болон хилийн чанад дахь нөхцөл байдал, Цагаан түнгэндбайрласан хятад цэргийн тухай хөндөж танилцуулсан байдаг.. Сайд ноён хутагтаас Богд хаанд явуулсан тэдгээр захидлаас зөвхөн нэгийг нь Та бүхэнд толилуулъя. Тэрбээр бичихдээ“Доорд шавь Да наманчилан Авралт оройн дээд Очирдара Богд багш таныг шинэ жилийн түмэн амгаланг эрж алтан өлмийн доор мөргөн өргөв, Энэ учраа. Дээд номын гурван бие бүрдсэн гэгээн лагшин тогтом тунгалаг аливаа таалсан шашин амьтны тус хэрэг таалалчилан дэлгэрсээрийг шавь даруй наманчилан мэдэх бөлгөө. Энд доорд шавь би Авралт багш таны гэгээн нигүүлслэлд цаг бүр итгэн наманчилсаар сайн буйгаас шинэ жил орж түмэн бодис хөврөн дэлгэрч түгээмэл их баяр дэлхий дахинд дүүрч ялангуяа багш таны түмэн өлзий бум түмэн онд батдаад хамаг амьтан нэг ч хоцролгүй түүн лүгээ учраж амьтны тус бүгдээр ертөнцийн зургаан ихэс лүгээ адил болох бат ерөөлийг айлтгаж шинэ жилийн их баярын ёсоор тавин лангийн мандалыг хадаг нугалаанд дашлуулан дээд амгаланг эрж өргөв.Сайн өдөр Жич: давшуулан сонсгох нь, саяхан үүний урьд элдэв зүйлийг бичиж өргөсөн нь нэгэнт толилсон болох бөгөөд, эдүгээ энэ Алтайн давааны янад Цэнхэрийн амны газраа шавь Ма-ийн хамт бүх цэргийг авч буудлажээ. Багш таны авралаар ханиад томуугүй тэнгэрийн цаг ээлттэй бүгдээр хиймортой сайн байна. Бүгд цэргийн тоо гурван мянга илүү хүрч буй. Мөн Баруун хоёр аймгийн цэргийн дутуу дараа дараагаар ирцгээж буй сураг буй нь дан удахгүй бололтой. Баруун хятад цэрэг мөнөө цагаантүнхэнээс хоёр тасарч бүгд гурван газраа буудлаж буй ба басхүү Гүчений зүг харилцан нааш цааш хүн явж тасрахгүйн хоёр зуун морьтой цэрэг нэмэн иржээ хэмээсэн дээр одоо бас нэмэх мэдээ ирсэн нь Цагаан түнхэний газраа хоёр мянга бас хойд хороонд нэг мянга таван зуун цэрэг ирэв хэмээн мөн мэдүүлжээ. Ийнхүү байдал төлөвийг үзвээс санаа хэвээр лав халдах байдал дүрс буй болов уу гагцхүү Ховдын шинэ тушаалын консул болбоос биеэр явц тэрхүү хятад цэргийг ятгаж буцаах ба Өрөмч, Гүчэний зэрэг газраар одож олон хятад сайдууд лугаа зөвлөлдөж элсүүлэх аргыг хичээсүгэй хэмээсний тулд эл бүхий хэргийн байдал дүрсийг тодорхойлон гаргаж айлтгасны тул сургах Зарлигийн хүлээлцэж буйн дээр одоо шавь Да нарын газраас мөнхүү тэдний хятад цэргийн тэргүүлэгчидэд ухуулах бичиг өгөх, үл өгөхийг мөнхүү консул сайдад зөвлөж явуулав хараахан хариу ирээгүй хүлээлцэн буй бас үүний урьд хасгийн Бардамыг бариулж ирүүлэхээр нэгэн зуун цэрэг мордуулсан нь одоо харьяат цэргийг захирсан манай түшмэдээс өргөсний дотор Бардам даруй нааш дагаар орохоор биеэр ирж батлан хэлж уналга морь мал үлэмжхэн туслуулах хэмээснийг цугларч ирэхийг хүлэглэжин буй ба бас бүгд нэг мянган илүү эрх хасаг цөм дагалдан орох аяс буй хэмээн хэлэлцгээж буй учрыг мэдүүлжээ. үүнээс өөр сонин болгон давшуулах зүйл энэ удаа үгүй явдлыг хамтаар гаргах давшуулан сонсгов.” хэмээсэн байдаг
Богд эзэн хаан Жибзундамба хутагтаас хэд хэдэн удаа өндөр их хэргэм зэрэг, ямба, эрх мэдэл хүртсэн тэрбээр сүүлдээ өөрийн эрх сүр, албан тушаалаа урвуулан ашиглаж, Баруун хязгаарын олон монголчуудыг хэт дарангуйлах болсноор Баруун хязгаарын олон монголчууд хутагтын үйл ажиллагааг эсэргүүцэх болсон юм. Монгол улсын Засгийн Газрын тэргүүн Сайн ноён хан Намнансүрэнг Хаант Орос улсад айлчлах үеэр Монгол улсын Баруун хязгаарын олон монголчуудаас Орос улсын Засгийн газарт хандан Жа лам хэмээх хүний аюул занлаас ангижруулахыг хүссэн нэгэн захидлыг явуулсан билээ. Энэ тухай мэдсэн Сайн ноён хан Намнансүрэн Нийслэл хүрээ Жа ламын асуудлыг анхаар хэмээн цахилгаан утас илгээсэнд Монголын улсын эзэн хаан Богд Жибзундамба хутагтаас Дамбийжанцангийн энэхүү үйлдлийг буруушаан, түүнийг Нийслэл хүрээнд үтэр түргэнээирүүлж шийтгэхээр өөрийн Засгийн газартаа зарлиг буулгажээ. / МУҮТА,Х-А2, Д-1, ХН-160 4-р бичиг/
Дамбийжанцанг олон удаа Нийслэл хүрээнд ирэхийг шаардсан боловч Олнаа өргөгдсөний гуравдугаар он арван хоёр сарын шинийн найманд тэрбээр Бат ерөөлт төгс хүлэг Далай хан Түмэндэлгэржав, Үнэн зоригт хан Содномжамцой нараар дамжуулан Бүгд ерөнхийлэн захирах зэрэг таван яаманд нэр хамтлан илгээсэн захидалдаа“…эдүгээ сайд ноён хутагтаас шилжүүлэн хүргэж ирсэн бичигт, үүний урьд Дамбийжанцан Дээд Зарлигийг хичээнгүйлэн дагаж Нийслэл хүрээнээ одоход нэгэнт тамга хэргийг Бат ерөөлт төгс хүлэг Далай ханд шилжүүлэн хамааргаж цэргийг захирган хэрэг шийтгүүлсэн боловч гагцхүү биеийн хуучин оршсон өвчин нэмэн хүндэдэж энэ удаа хатамжин мордож чадахгүй болсон тул шаардан эмчлүүлж бага илааршсаар яаравчлан мордож гавшгайлан явж Нийслэл хүрээнээ орж Тэнгэрийн гэгээнээ бараалхан мөргөхийг чин үнэнхүүгээс хүсч буй учрыг урьдаар гаргаж айлтгаад нэгэнтэйгүүр уг нугалбарын эхийг журамлан сийрүүлж Ерөнхийлэн захирах зэрэг яамны зэрэг зохих газраа явуулан тушаасныг цөм данснаа тэмдэглэжээ. Үүнд одоо зүй нь уг буулгасан Дээд Зарлигийг хичээнгүйлэн дагаж биеийн өвчнийг хатамжин мордвоос зохивч гагцхүү энэ завсраа Дамбийжанцангийн биеийн өвчнийг зүйл зүйлээр шамдан засуулсаар бүхий боловч огт илаарших төлөв үгүй гэдэсний хавдар улмаар нэмэгдэж амьсгал дээш давхцах үе үе ухаан төөрөгдөх өвчин нэмэн хүнддэж ууж идэж шөнө дуусан унтах цаг үгүй болж энэ хир холчлон явах байтугай эгнэгт маш дорой буй нь үнэнийн тулд үүнийг хамаарсан сайд Бат ерөөлт төгс хүлэг Далай хан, Үнэн зоригт хантанд шилжүүлэн явуулаад байцаан үзэж уламжлан зохих газраа явуулж энэ удаа чөлөө олгуулж Дамбийжанцангийн биеийн өвчнийг засуулан тэжээлгэхийг гуйсугай хэмээн хүргээр иржээ. Иймийн тулд үүнийг олдвоос Цэргийн яамнаа мэдүүлэн явуулаад хүрмэгц урьд эдүгээгийн хэрэгт байцаан үзэж уламжлан төлөө айлтгаж харъяат сайд хутагтад чөлөө олгуулж болох ажааму”/МУҮТА,Х-А2, Д-1, ХН-160 5-р бичиг/ хэмээжээ. Үүнийг хүлээж авсан Засгийн газрынхан Богд эзэн хаанд айлтгасанд тэрбээр түр чөлөө олгох зарлиг буулгасан ба үүний дараагаар удалгүй дахин Дамбийжанцанг Нийслэл хүрээнд ирэхийг шаардсанд, Дамбийжанцан биеийн өвчин эдгэрээгүй хэмээн шалтаглан дахин чөлөө гуйн Нийслэл хүрээнд ирээнгүй аж.
Ийнхүү Олнаа өргөгдсөний гуравдугаар он илүү арван хоёр сарын хорин есөнд буюу 1914 оны 02-р сарын 23-нд Хатан баатар Магсаржав нараас Дотоод зэрэг олон яаманд мэдүүлсэн бичигт“энэ он илүү арван хоёр сарын хорин зургаанд Ховдын консул сайдаас манай Монгол улсаас санаа урваж тэрслэн оргож Оросын хязгаарт орсон хасгуудыг хүчлэн хураалгах хэрэгт томилон гаргасан хэмээх гурван орос түшмэл тавин цэрэгтэй ирсэн тухайд гэр хэрэглэл, морины тэжээл өвс зэрэг зүйлийг бүрнээ шударгаар нийлүүлэн өгсөний манагар хорин долоонд дахин хоёр орос түшмэл зуун цэрэгтэй нэмэн ирээд сайд номун хан ноён хутагт лугаа уулзаж зөвлөн шийтгэх албаны хэрэг буй хэмээн хэлж гурван орос түшмэл цэргүүдийн нэгэн думдуурыг авч боол Ма-ын хамтаар мордоод сайд хутагтын суусан газарт хүрч гэнэт цэргээр хүрээлэн жагсааж харьяат сайд хутагтыг тус улсын хааны Зарлигийг дагаж барьж аваачмой хэмээн хэлж шууд барин авав. Энэ завсар нөгөө үлсэн цэргүүд нь манай цэргийн хорооны газраа давшихаар одож зэр зэвсгийг бүрнээ тавин өгтүгэй хэмээн шууд буудаж, жадлаж нэгэн хүнийг алж, гурван хүнийг хүнд шархлуулж олон цэргүүдийг зүг зүгт үлдэн хөөж зэр зэвсэгийг бүрнээ хураан авч басхүү санд хадгалсан мөнгө, орос мөнгөний тэмдэг цаас, цэргүүдийн юмыг цөлбөн авч ашиглан шингүүлж журамгүйгээр хүчирхэн дарласан боловч бид хоёр улсын найрамдлыг хүндэтгэж ер эсэргүүцсэнгүй…” хэмээжээ. Үүний дараа Богд эзэн хаан зарлиг буулгаж, харъяат баруун хязгаарын сайд ноён хутагтыг эгүүлэн суллах талаар Гадаад хэргийн яамандаа үүрэг өгсөн авч Хаант Орос улсын талаас эзэн хаанаас урвасан өөрийн улсын гэмт хэрэгтнийг барин авав хэмээн мэдэгджээ.
ИйнхүүМонгол улсын Баруун хязгаарын Ховдыг манж хятад түшмэлээс чөлөөлөх дайнд оролцож, Богд эзэн хааны хайр харамжийг маш ихээр хүртэж, Монгол улсын сайдын албыг хашиж байсан Дамбийжанцанг Хаант Орос улсын харьяат гэдгийг мэдсэн Богд эзэн хаан ба Монголын засгийн газар сайд ноён хутагтад итгэл алдарч улмаар түүнд хүртээсэн цол хэргэм, тамга, сайдын тушаалыг эвдэж, мөн түүний шавь хошууг татан буулгаж, шавь ардуудыг уул нутагт буцаажээ.
1917 онд Орос улсад өрнөсөн хувьсгалын үеэр халимаг Дамбийжанцан суллагдан улмаар 1918 оны хавар4-р сарын 23нд Ахай бэйс Цэдэндоржийн хошуугаар дайрч, мөнсарын 27нд Жалханз хутагтын шавийн хүрээнд ирснийг Жалханз хутагтын шанзудба Лхасүрэнжав Засагт хан аймгийн чуулган дарга Жалчингомбодоржоор дамжуулан Дотоод зэрэг таван яаманд мэдэгджээ. /МУҮТА, Х-А3,Д-1,ХН-973 8-р бичиг/Удалгүй Дамбийжанцан энэ олнаа өргөгдсөний наймдугаар он дөрвөн сарын хорин хоёр буюу 1918 оны 6 сарын 1-ндЗасагт хан аймгийн чуулганы дарга Дайчин бэйлийнгазар хүрч очин“…би уул нутаг газрын олон шавь ард лугаа хэд хэдэн жил алстал ер уулзсангүй одоогийн ийнхүү газар газарт цаг түгшүүртэй болоход тэдний өчүүхэн шавь нарын байдал төлөвийг үзэж хамгаалах нь гагцхүү багшийн ёсыг илтгэн хүлцэн санаж огоорон эргэж асрах нь маш эрхэм бас ч тэр зүгт явах хэрэг учир нилээд буй…” гэсэнд Дайчин бэйл Жалчингомбодорж түүнд урьдын адил хүндэтгэл үзүүлэн, морь малаар туслан явуулсан аж. /МУҮТА, Х-А3,Д-1,ХН-973 9-р бичиг/.
Халимаг Дамбийжанцанг эргэн ирсэн тухай мэдээ авсан Богд Жибзундамба хутагтын Засгийн газар Дамбийжанцанд хэрхэн хандах, хэрхэн хүлээж авах тухай зөвлөлдөн тогтоод Халхын 4 аймаг, Дөрвөдийн 2 аймаг болон бусад олон газруудад ухуулан тушаажээ. Уг ухуулан тушаасан бичигт ”…энэхүү Дамбийжанцан хэмээгч уулаас Орос улсын харьяат торгуудын хэрж явсан нэгэн энгийн зэрэг ард мөн. Гагцхүү урьд бидний Монголыг Ховд хотыг байлдан байлдан авах тухайд хүчин зүтгэхийг гуйн цэргийн хороонд дагаж ороод бага сага гавъяа байгуулсныг харьяат сайдуудаас удаа дараа хэтэрхийгээр магтаж айлтгасан учир бидний Богд эзэн удаа дараацан түгээмэл хишиг хүртээж онц сайшаан хөхүүлэхийг үзүүлсэн нь нэгэнт гавъяа ба хирээс хэтэрсэн хэрэг болой гэтэл тэр хишгийг сүслэн хэвийг сахихгүй харин Дөрвөдийн олон аймаг хошууд ба хасаг ардыг зүйл зүйлээр харгислан дарлаж бас хэтрээд хүний амийг бусниулах зэргийн харгислалтай хүнд хэрэг будлиан дараацаар өдүүлснийг бидний засгийн газраас хараахан нягтлан шийтгэхийг завдан бүхийд Орос улсаас түүний халдсан эл хэрэг учрыг бүрнээ сурвалжлан мэдэж урьдаар түшмэл цэрэг гаргаж шууд бариулан аваачаад үүрд гянднаа хорьсон нь эдүгээ түүний бие Оросын самууны дашрамд завсрыг олж огцорон гарч ирсэн болох бөгөөд одоо бидний улс түүнийг урьд чингэж гавъяа бүхий хэмээн хүндэтгэн үзэх явдал огт үгүйгээр үл барам харин ч хязгаарын дотор уулзаж үл болох хэрэг болой, гэтэл чуулганы дарга Дайчин бэйл Жалчингомбодорж эзний хишигт нэгэн аймгийн хэргийг тэргүүлэн шийтгэх ба хэрэг учрыг нэвтэрхийгээр мэдэх ихээхэн тушаал хэргэм бүхүй хүн бөгөөтөл Дамбийжанцангийн уул халдсан эл ялын хэрэг учир ба Зарлигаар тусгайлан сайд гаргаж тодорхойлон байцаалгаад түүний тамга, өргөмжлөл зэргийг нэгэнт татаж эвдсэн зэрэг хэрэг учрыг төдий л санаанд агуулахгүй харин түүний урьдын гавъяа зүтгэл хэмээхийг дурьдан гаргаж хэвээр сайд ноён хутагт хэмээх ба бас багш шавийн ёсоор түдгэлзүүлэхийг хичээвч миний төдийд ятгагдан дагах лам бус хэмээх зэргийн олныг удирдан хөгжөөх дэмий цуурхал үг бичиж мэдүүлсан ба Дамбийжанцан болбоос хуурмаг үгээр бусдыг мэхлэн бишрүүлэх ба хэрцгий догшноор олныг харгислан дарлаж амтшилыг олсон зальхай муу ард болох бөгөөд одоо мөн урьдын халдсан эл хэргийн ял зэмлэлийг огтхон ч юмнаа тооцохгүй харин аймшиггүйгээр бидний хязгаарт дахин орж ирээд уул нутаг газрын олон шавь ард лугаа хэд хэдэн жил алстал уулзсангүй, одоо ийнхүү газар газар цаг түгшүүртэй болоход тэдний өчүүхэн шавь нарын байдал төлөвийг үзэж багшийн ёсыг илтгэн хамгаалан асрах нь маш эрхэм бас ч тэр зүгт явах хэрэг учир нилээд хэмээх зэргийн хээнцэр үг хэлж баримтлан явах зэргийг үзхүл харьяат олон аймаг хошуу шавийн түшмэл ард хэн хэрхэн бачлагдан аядан дагалдах ба Дамбийжанцан мөн хэнийг хэрхэн харгислан дарлаж зах хязгаарын газраа шашин төрд ямархан харшлалтай хүнд хэрэг будлиан дахин өдүүлэхэд хүрүүлэхийг үгүй болгоход үнэхээрийн бэрхтэй одоо зүй нь түүний биеийг даруй бариулан уул улсад нь хүргүүлэн тушааж чангалан баримтлан захиргаваас зохимой. Гагцхүү энэ хир Орос улс дотороо ихэд самуурч түүнийг тушаан өгөх газар давдув олдохгүй болсон тул энэ удаа түр түдгэлзэн гагцхүү түүний биеийг хэн хүн урьд адил хүндэтгэн үзэх ба аядан дагалдах зэргээр хэрэг будлиан өдүүлэхэд хүрүүлж хэрхэвч үл болох явдлыг харьяат олон газраа зарлан ухуулж нийтээр дагаж шийтгүүлбээс зохих…/МУҮТА, Х-А3,Д-1,ХН-973 6-р бичиг/Харин Дамбийжанцан бээр өөрийг нь Богд хаан засгийн газар дурамжхан хүлээж авч буйг мэдмэгцээ Монголын баруун өмнө хязгаар луу явсан аж. Хэдий тийм боловч Богдын засгийн газар түүнийг анхааралдаа авч, түүний үйл ажиллагааг тагнах арга хэмжээг авч байжээ. байна.
Миний бие Монголын баруун хязгаарт өөрийн хүчээр төрийн хэрэгт оролцож, Богд эзэн хаанаас өндөр цол, хэргэм зэрэг хүртэж, тамга өргөмжлөл шагнуулж байсан, сүүлд нь эрх ямба, хэргэм зэрэгээ эвдүүлж, дахин 1918 онд Монгол улсад эгэж ирсэн Ижил мөрний халимаг ойрд Дамбийжанцан хэмээх энэ хүний 1922 онд Монголын баруун өмнөд хилийн ойролцоо төрийн цаазаар авахуулсан тухай энэхүү илтгэлд дурдсангүй болно.
Төгсгөлд
Одоогоос 100 гаруй жилийн тэртээ 1880-аад онос 1918 онд Монголд гурван удаа ирж Монгол үндэсний тусгаар тогтнолыг сэргээх их үйлсэд зохих хувь оруулж Богд эзэн хаантнаас цол зэрэг шагнуулж, хязгаарын сайдын алба хашиж байсан Дамбийжанцангийн тухай нухацтай судалгаа хийх талаар урьд өмнө нь зарим судлаачид анхаарч бүтээл туурвисан боловч түүнийг зөвхөн сүүдэртэй талаас түлхүү харуулсан байдаг. Хэдийгээр тэрбээр элдэв бусаар аашилж өөрийнхөө хүссэнээр бүх зүйлийг шийдвэрлэхийн тулд харгис хэрцгий авирлаж байсан нь үнэн боловч түүнийг голч байдлаар буюу хартай цагаантай нь үнэлэж дүгнэх зайлшгүй шаардлагатай байгааг зориуд тэмдэглэе.
МУИС-ийн багш Түүхийн ухааны доктор З.Лонжид, МУБИС-ийн багш Түүхийн ухааны доктор На.Сүхбаатар нарын удирдлага дор хийсэн “Дамбийжанцан” хэмээх баримт бичгийн эмхтгэлд миний бие Дамбийжанцангийн намтар судлал, үйл ажиллагаанд холбогдох баримтаасдөнгөж 50 хувийг авч оруулсан тооцоо байна. Үүнийг хойшид үргэлжлүүлж хийх болно гэдгийг Та бүхэнд дуулгая.
Лавлагаа, мэдээлэл, судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан
Г.Намнансүрэн
www.fact.mn
URL: