Чингис хаан бол цэргийн стратеги, оперативын удирдлагыг үндэслэгч

Афганд явуулж байгаа АНУ- ын цэргийн ажиллагаа 11 дэх жилдээ үргэлжилж, зорилгодоо хүрээгүй л байна. Тэртээ 800 жилийн өмнө Чингис хааны их цэрэг ердөө 1 жилийн дотор энэ орныг бүрэн эзлэж, тохинуулж чаджээ. Дундад Азийн хүчирхэг Хорезмын эзэнт гүрнийг Азид танигдаагүй шинэ Монгол Улс мөхөөсөн нь тухайн үедээ цэргийн хувьсгал байжээ.

 

Стратегийн нэрт онолч Лиддел Харт Чингис хааны стратеги, оперативын чадвартай дүйцэх хүн бол дэлхийн түүхэнд зөвхөн Наполеон л дөхөж очих бөгөөд Монголын цэргийн тактик орчин үеийн цэргийн шинжпэх ухааны хөгжилд ямар үүрэг гүйцэтгэснийг “Дэлхийн суут жанжнууд” номондоо тодорхой дурдсан байдаг билээ.

 
Улс дамнасан тагнуулын байгууллагыг үндэслэгч Монгол цэргийн Дундад Ази, Европт хийсэн аян дайнд дайсны гүн, ар талд өргөн хүрээнд тагнуулын байгууллагыг ашигласан ба тэрхүү тагнуулын ажиллагаа нь дайсны ард иргэдийн дунд сурталчилгаа явуулах, бүх төрлийн мэдээлэл цуглуулах гэсэн 2 үүргийг гүйцэтгэж байв.
Монголчууд Европын бүхий л газарт тагнуул явуулж, тэдний сул тал, цэргийн тактик, газар орныг судалж байв.

 

Монголын тагнуулчид Венецийн худалдаачидтай холбоо тогтоож, тэд Монгол цэргийн хүчээр худалдааны гол өрсөлдөгч болох Женовагийн худалдаачдын Кримын хойгийн худалдааны төвд давуу эрх олохын тулд төрөлх нутаг, шашнаа умартан Монголчуудын гол мэдээлэгч болсон гэгддэг.

 

Барри профессор “Монголчууд Европыг байлдан дагуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Унгар, Польшид тагнуулын ажиллагаагаа төвлөрүүлж, хангалттай мэдээлэлтэй болсон байсан бол Унгар болон бусад Европын улсууд хүй нэгдлийн хүмүүс мэт дайсныхаа тухай ямар ч мэдлэггүй байлаа” гэж бичсэн байдаг.

 

Ингэж Монголчууд европт тагнуулын бодит мэдээлэл, нарийн тооцоо, судалгаанд тулгуурласан төлөвлөгөөний дагуу өндөр хурд, хуралдуулсан хүчээр довтолсон бөгөөд европчууд тэдний хүч, стратеги, тактикийн өмнө өвдег сөхөрч байлаа. Монгол цэрэг тоогоор хэд дахин илүү байсан болохоор ялагдсан гэж ярих нь дундаж зууны торгон цэргийн нэр хүндийг хадгалахын тулд тухайн үеийн түүхчдийн бичсэн зохиомол түүх юм.

 
Чингис хаан бол орчин үеийн байлдааны зарчмуудыг үндэслэгч. Үнэн хэрэгтээ дэлхийн I дайнд анх хэрэглэгдсэн дайсны ар талаас тойрох давшилтыг нээсэн нь Чингис хаан, түүний Түркистанд явуулсан дайн байлаа. Тэрээр Хориезмын нийслэл Самаркандыг 1220 оны хавар 4 сард эзлэхээр 1219 оны хавар төлөвлөгөөг боловсруулж, хүч хуралдуулалт, гол хүчний маневрыг хангах байлдааны ажиллагааг 1219 оны намар эхлүүлсэн байдаг.

 

1220 оны хавар явуулсан Зүч, Цагаадай нарын Сирдариаг уруудан явуулсан ажиллагаа нь гол хүчний Кизилькумын цөлийг туулах маневрыг гайхалтайгаар нууцалж, Шаахын үндсэн хүчийг ашиггүй заагт оруулж, дайсны араас гэнэт довтлох нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. 40-50 мянган цэрэг бүү хэл амьд амьтан амьдрах боломжгүй Кизилькумын цөлийг туулна гэж бурхан ч бодоогүй “гэнэтийн ажиллагаа, ов мэх”-ний зарчмыг гайхамшигтай төгс байдлаар хэрэгжүүлж чадсан.

 

Энэхүү дайны явцад маневр, аюулгүй байдлаа хангах, хүч хуралдуулах, гэнэтийн цохилт, ов мэх гэх мэт байлдааны бүхий л зарчим хэрэгжиж байсан байна.
Чингис хаан бол атакийн өмнөх галын бэлтгэлийг үндэслэгч юм. 5 цувраагаар зохион байгуулагдах байлдааны журмыг нээсэн бөгөөд 1, 2 дугаар цувраа сэлэм, жадаар зэвсэглэн хүн, морь нь бүрэн хуягласан, арын 3 цувраа нь хуяглаагүй, нум сум болон шиддэг жадтай байв.

 

Эхлээд арын цувраанаас томилогдсон отрядуудаар дайсныг түйвээх ажиллагааг явуулж, дайсныг ойртох үед арын 3 цуврааг гэнэт урагш гарган суман мөндөр буулгаж, жад шиднэ. Дайсны байлдааны журам эвдэрч, эмх замбараагүй болмогц 1, 2 дугаар цувраа дайсан шийдвэрлэх цохилтыг өгнө. Энэ бол гал, цохилт хоёрын төгс нэгдлийн тактик байлаа.

 

Өөрөөр хэлбэл эхлээд дайсныг пуужингийн цохилтоор эмх замбараагүй байдалд оруулж, дараа нь цохилт хийх тактикийг Монголчууд анх цэргийн урлагт нэвтрүүлсэн гэж болно.Тэрээр цэргийн стратеги, оперативын удирдлагыг үндэслэгч юм. Олонхи түүхчид Монгол цэргийн ялалтыг хэт их цэргийн хүчтэй холбодог ч тоонд биш чанарт байсныг олон дайн, тулаанаас харж болно.

 

Тухайн үеийн улс, гүрнүүдийн армид цэргийн удирдлага, стратегийн мөн чанарыг ойлгож, хэрэглэж байсан зөвхөн Монгол цэрэг байлаа. Дайны төлөвлөгөө, бодлогыг хаан зөвшөөрсөн үеэс эхпэн өрлөг жанжнууд нь ямар ч хөндлөнгийн оролцоогүй хариуцсан цэргээ шууд удирдаж байсан нь дэлхийн l,ll дайнд анх удаа бий болсон гэгдэх арми, фронт командлагч нарыг аль эрт Чингис хаан төрүүлжээ.

 
Монгол цэргийн тактик нь төлөвлөгөө, тушаалаар хэдэн хэдэн бүлэглэлийн маневрыг зохицуулж, цаг хугацаа, орон зайгаар нягт харилцан ажиллагаатай одоогийн тактикийн хээрийн сургууль мэт байснаараа гайхалтай үр дүнг авчирч байсан бөгөөд тэднээс хэд дахин илүү ямар ч хүчирхэг цэрэг, арми эсэргүүцэл үзүүлж чадахгүй болдог байлаа.

 

Дундад Азид явуулсан дайны ажиллагаа нь сүүлчийн эзлэх объект хүртэл эхнээсээ нарийн төлөвлөгдсөн ба нэг цэргийн ажиллагаа нь нөгөө цэргийн ажиллагааг хангаж, тэртээ XIII зуунд бүхэл бүтэн 3 армийн харилцан ажиллагааг урт хугацааны турш хээрийн сургууль мэт төлөвлөн явуулж чадсан нь Чингис хааныг цэргийн удирдлага, стратегийн том үндэслэгч болохыг харуулдаг.

 

Чингис хаан ба цэргийн урлаг сэдэвт эссэ бичлэгийн дэд байр байр /Афганистан дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагааны VII ээлжийн цэргийн багийн захирагч, дэд хурандаа Т.БУЯНБАТ/


URL:

Сэтгэгдэл бичих