Улсын архивын түүх судлалын анхны бүтээл

Орчин цагийн архивын суурь 1927 оны 12 сарын 5-нд тавигдаж энэ цагаас эхлэн 1950-иад оны дунд үе гэхэд архивын баримтуудыг нягтлан боловсруулж нэгдсэн сан хөмрөгийг бий болгон, сурталчилан таниулах, хэвлэн нийтлэх ажлын эхлэл тавигдсан үе юм. Иймээс тухайн жилүүдэд ажиллаж байсан Д.Лувсанжамъян(1931 оны 11 сарын 15-наас ажиллаж эхэлсэн[1]) болон Л.Дэндэв(1945 оны 1 сарын 5-наас Улсын архивт манж бичгийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн[2]) нар нь Шинжлэх Ухааны хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулан “Шинжлэх Ухаан” сэтгүүлд архивын түүхийн судалгааны анхны бүтээл болох “Улсын архивын материалууд” гэх өгүүлэл нийтлүүлсэн байна. Монгол улсад архивын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойд зориулан энэхүү архивын түүх судлалын эх болсон уг бүтээлийг та бүхэнд толилуулъя.

Улсын архивын Материалууд

Хувьсгалын өмнөх Монголд, түүхийн талаар чухал холбогдол бүхий баримт бичгүүд цуглуулах ба хадгалах архив гэдэг байгууллага байсангүй.

1921 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнг байгуулсны дараа, түүний даргын санаачлагаар Дотоод явдлыг яамны складаас нийслэл (одоогийн Улаанбаатар) Хүрээн дахь Манжийн засгийн газрын сайдын яамны зуу гаруй жилийн Бүх бичиг хэргүүдийг өөрийн хамгаалалтанд авсан байна.

1927 онд бусад улсын үлгэр жишээгээр Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс Монгол Ард Улсын архивыг байгуулсан юм.

Энэ шинээр байгуулагдсан улсын архив нь, тус орны олон албан байгууллагуудын баримт ба бичиг хэргүүдийг цуглуулах, хадгалах, зорилгыг тавьсан юм. Улсын архив нь энэ завсар, материал цуглуулах талаар ихээхэн ажлыг хийсэн үүнд: жишээлбэл, 1927 онд нийслэл хүрээн дахь манжийн Засгийн Газрын сайдын яамны бүх архивыг зөөж авсан ба 1928 онд Жавзандамба хутагтын шавь яамны архивын материалууд болон Түшээт хан аймгийн чуулганы даргын архивын материалуудыг тус тус цуглуулж авсан байна. Түүнчлэн 1934 онд Завхан, Өвөрхангай аймгууд ба мөн сангийн яамны бичиг баримтнуудыг тус тус цуглуулжээ.

Дараа нь 1935 онд шүүх, дотоод, гадаад, ардыг гэгээрүүлэх, мал тариалан, тээврийн зэрэг олон яамдын ба Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо мөн түүнчлэн Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан, Өмнө ба Дорноговь зэрэг аймгуудын материалуудыг хүлээн авсны дээр,

1936 онд Хэнтий, Дорноговь, Төв, Ховд ба Завхан аймгуудын архивын материалуудыг авчирсан байна.

Мөн дараа нь 1937 онд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг Эрхлэх Газар, Шинжлэх Ухааны Хүрээлэн, Хэнтий аймгийн ба хотын худалдааны трестийн материалуудыг цуглуулжээ.

Тэгээд 1939 онд аж үйлдвэрийн комбинат, Хөвсгөл, Увс, Ховд зэрэг аймгууд ба мөн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн архивын материалуудыг хүлээн авснаас гадна 1940 он Гадаад Явдлын Яам, Шинжлэх Ухааны Хүрээлэн, Үйлдвэрчний Төв Зөвлөл ба Хэнтий аймгийн материалуудыг хүлээн авсан байх бөгөөд 1941 онд Улсыг Батлан Хамгаалах Хороо, Сайд нарын Зөвлөлийн Хэрэг Эрхлэх Газар, Үндэсний эрх гэдэг сонины гарын ба архины заводын материалуудыг хүлээн авчээ.

Мөн дараа нь 1942 онд архивын хадгалах газраа Сайд нарын Зөвлөл, Шинжлэх Ухааны хүрээлэн ба худалдааны трест зэрэг газруудын материалуудыг нэмэн авчирсан ба 1943 онд мөн Сайд нарын Зөвлөл, Хотын Шүүх, Үйлдвэрчний Төв Зөвлөл, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн архивын материалуудыг хүлээн авсан болоод, 1944 онд мөн Сайд нарын Зөвлөл, Ардыг Гэгээрүүлэх Явдлын Яам, Эвлэлийн Төв Хороо, Үйлдвэрчний Төв Зөвлөл зэрэг газрууд ба 1945 онд мөн Шинжлэх Ухааны Хүрээлэн, Завхан аймаг болон, Жавхлант, Улиастай хотын архивын материалуудыг тус тус цуглуулан авчээ.

Улсын архив нь нам ба улсын байгууллагууд, мөн зарим нэгэн хүмүүсийн тусламжтайгаар өөрийн орныг судлах явдалд маш чухлаар холбогдох ихээхэн хэмжээний материалуудыг цуглуулан чадсан байх бөгөөд, тэрхүү бүх цуглуулагдсан материалуудын хүндийн хэмжээ нь нэг мянган тонн орчим болно гэхээс ангид, улсын архиваас энэ завсар боловсруулсан материалуудын хэмжээ нь маш өчүүхэн бөгөөд, тэр нь одоогийн бүх байгаа бэлтгэл материалын зөвхөн арваны нэг хувийг эзлэнэ. Улсын архив нь өөрийн бүх материалуудыг боловсруулах ба мөн түүнийг судлахдаа дор тодорхойлсон гурван үеэр хуваах үүнд:

1. Манжийн үе (1911 он хүртэл)

2. Автономитын үе (1911 оноос 1920 он хүртэл)

3. Одоо үе (1921 оноос) эдгээр болно.

Ингэж боловсруулагдсан материалуудыг төрөл ангиар ялган салгаж, тусгай боть болгон үдэж хадгалдаг бөгөөд, үүний тоо нь энэ хир 29 мянга орчимд хүрчээ.

Эдгээд боловсруулагдсан баримт бичгүүдийн ботийн тоо ба тэдгээр нь чухам ямар, ямар төрөл анги ба сэдвүүдэд хэрхэн хувиарлагдсан болохыг дор дурдсан хүснэгтээс үзнэ үү.

Боловсруулагдсан бичгүүдийн ботийн тоо (мянгаар)

Аль ямар үе болох Улс төрийн

сэдэв

Эдийн засгийн сэдэв Шашны сэдэв Бүгд
1 Манжийн үе 5,9 5,8 4,0 15,7
2 Автономитын үе 4,8 1,7 0,7 7,2
3 Одоо үе 3,4 1,8 0,7 5,9
Дүн нь 14,1 9,3 5,4 28,8

 

Үүгээр үзэхэд боловсруулагдсан баримт бичгүүдийн ихэнх хувийг нэгдүгээр үе эзлэнэ. Энэ үе бүрийн зарим ботиудаас ихээхэн сонирхолтой баримт бичгүүдийг тодорхойлбол:

1. Манжийн үе

1. Тэнгэрийн тэтгэсний 21 онд (1756) Хотгойдын Цэнгүүнжавыг санаа урвасан тухай буруушааж, зарлиг буулгасан бичиг.

2. Цэнгүүнжавыг дагалдаж, түүнд тусалж үл болох тухай Халхчуудыг сургамжилж мөн онд буулгасан зарлиг.

3. Мөн онд Цэнгүүнжавыг бариулахаар буулгасан зарлиг.

4. Халх Монголчуудыг заалдан, Амарсанааг бариулахаар цуглуулсан гучин мянган цэргийн тухай Цэнгүүнжавын илтгэлд өгсөн хариу ба уг цэргийг тараахтун гэсэн зарлиг.

5. Тэнгэрийн тэтгэсний хорин хоёрдугаар он (1757) Амарсанаагийн Волга мөрөнд унаж үхсэн гэдэг явдал нь түүний уран арга, заль болох тул бүү итгэхтүн гэж буулгасан зарлиг.

6. Хил хязгаарыг тогтоох тухай Манж ба Орос улсын тусгай төлөөлөгчдийн хурлаар тогтоосон гэрээ бичиг. (1727-1728)

7. Дөрөвдүгээр үеийн Жавзандамба хутагтыг Төвдээс залж ирүүлэх зардалд 70 мянган лан мөнгө гаргах тухай баримт бичиг. (1815 он)

8. Хятадыг эсэргүүцэн, тэдний 40 тооны пүүсийг шатаасан хэргийн 400 ард иргэдийг яллах ба цөлөх тухай Манжийн засгийн газрын шийдвэр. (1900).

2. Автономит Монголын үе

1. 1910 онд байгуусан Орос, Монгол хоёрын гэрээ ба түүний хавсралт худалдааны гэрээ болон бусад бичиг баримтууд.

2. 1910 онд Хятадын Шиү шү жангаас боловсруулсан Гадаад Монголын байдлыг сайжруулах найман зүйлийн бодлогын тухай бичиг.

3. Монголын хаан Жавзандамба хутагт ба Хятад улсын их ерөнхийлөгч Юан ший хай нарын хооронд харилцааны тухай захидал ба баримт бичгүүд. (1910-1912).

4. 1911 он халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас, Монголын ард түмэн нь Манж, Хятадын дарлалд тэсхүйеэ бэрх болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламж гуйж, Оросын хаанд өргөсөн бичиг.

5. 1912 онд Монгол, Төвд хоёр улсын бүрэн эрхэт төлөөлөгчид нийслэл хүрээнээ хуралдаж тогтоосон найрамдлын гэрээ бичиг.

6. Гадаад улсуудаас ирүүлж байсан нот бичгүүдийн бүртгэл. (1913)

7. Эрдэнэ Шанзавын яамнаас тус шавийн хурал номын зэрэг албанд 100 мянга илүү лан мөнгийг нутгийн ардуудаас татварлан гаргуулахаар тушаасан бичиг.

8. 1914 онд Монголын засгийн газраас буу зэвсэг авах ба мөнгө цаас зээлдэх болоод Монгол газраа төмөр зам, цахилгаан мэдээ байгуулах тухай Монгол, Оросын бүрэн эрхт төлөөлөгчдөөс тогтоосон гэрээ бичгүүд.

9. 1915 онд Хятад, Монгол, Орос гурван улсын төлөөлөгч Хиагт хотноо хуралдан хэлэлцэж тогтоосон гэрээ бичиг ба харилцан солилцсон тусгай тогтоол бичгүүд.

10. Хиагт хотноо хуралдсан гурван улсын төлөөлөгчдийн хуралд гадаад ба Дотоод Монголыг салган тусгаарлах тухай үл зөвшөөрөн тэмцсэн, өмнө хязгаарыг сэргийлэх цэргийг захирах сайд Бавуужавын бичиг.

11. Ерөнхий сайдаас баталсан 1916 оны орлого, зарлагын төсөвлөсөн данс.

12. 1919 онд Халхын дөрвөн аймгийн өртөө харуул зэргийн албаныг малын тоо, хувьд тохируулан хуваасан хүснэг данс.

13. 1919 онд Гадаад Монголын засгийн газар ба Хятад сайд Чин И нарын урьдчилан төлөвлөж хэлэлцсэн Монголын автономит засгийг өөрчилсний дараа Хятадаас Монголчуудад олгох эрх хэмжээний тухай хууль зүйлийн бичиг.

3. Монгол улсын шинэ үе

1. Монгол Ардын Хувьсгалт намын тунхаглан зарлах бичиг.

2. Монгол Ардын Хувьсгалт намын эрмэлзэх арван зүйл.

3. Намын байгууллагуудаас харилцаж байхдаа хэрэглэж байсан нууц үсгийн түлхүүр.

4. Сүхбаатараас цэргийн штабын хамт нийлж Хиагтын дайлаар орох цэргийн бодлогыг төлөвлөсөн төлөвлөгөө.

5. Хатан баатар Магсаржаваас цагаан намын түшмэл Ванданыг Орос, Буриад тавиад цэргийн хамтаар олзлон авах тухай жанжин Сүхбаатарт бичсэн захидал.

6. Дээд шивээнээ хуралдсан ардын намын анхдугаар хурлын тогтоол.

7. Үндсэн хуулийг үндэслэн засгийн газраас хэвлэн нийтэлсэн хууль дүрмүүд.

8. Манай улс ардын хэмжээт эрхт засгийг явуулсан. Богд хаан нэгэнт таалал төгссөн учир, Ардын Бүгд Найрамдах Засгийг байгуулж улсын дээд эрхийг улсын их хуралд хадгалуулж, оны цолыг Монгол Улсын 14 дүгээр он гэж хэлж тогтоосон зэргийг заралсан бичиг.

9. Монгол улсын 8, 12, 13, 14 дүгээр онуудын өрх, ам, хөрөнгө, малын дансын товч. (1918, 1922, 1923, 1924)

10. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газрын ерөнхий сайд ба Гадаад Явдлын Яамны тэргүүн сайдаас Монгол Улсын тусгаар тогтносон явдлыг тухай бүх олон улсын засгийн газруудад тусгайлан зарласан бичиг.

Тус архивын эдгээр боловсруулагдсан баримт бичгүүдийн ботинуудын тооны мэдээ ба ихээхэн сонирхолтой онцлог баримтуудын жагсаалт (нэрс) нь улсын архивын бүх материалын чухал ач холбогдлыг төдий л сайнаар үзүүлж чадахгүй боловч, энэ бүхий боловсруулагдсан баримт бичгүүд нь манай орны өнгөрсөн үеийг судлах явдалд ихээхэн үнэтэй зүйлүүд болно.

Архивын баримт бичгүүд нь одоо ч болов түүхийн хэргийг гэрчлэх, мал аж ахуй ба байгалийн баялгийг шинжлэн судлах ажлуудад чухал баримт болсоор байна.

Нөгөө талаар тус архивын ажлын хэмжээ нь их болохын хамт, түүний зарцуулах зардал нь нэг адил өсөн ирсэн байна. Тус архивын орон тоо ба төсөв нь хэрхэн өсч ирснийг доорх хүснэгтээс үзнэ үү.

 

Он Орон тоо Төсөв (мянган төгрөгөөр)
1928-1934 1-2 3-5
1935 3 6
1937 4 6
1938-1939 5 18
1940 6 12,3
1941-1942 8 17,9
1943 10 34,4
1944 10 36,6
1945 17 60,8

 

Үүгээр үзэхэд энэ 12 жилийн дотор тус архивын орон тоо нь 8 дахин, төсөв нь 12 дахин өсчээ.

Хэдий тийм боловч, улсын архивын одоогийн ажиллагаа байдал нь туйлын зохимжгүй байдалд оршиж байгаа. Үүнд: жишээлэн үзүүлбэл: баримт бичгүүдийг хадгалдаг тохирсон орон байшингүй, мөн тэдгээр нь шороо тоос ба чийг нойтноос сахин хамгаалагдаагүй түүнчлэн, тэдгээрийг агуулах байшингийн температур тогтмол биш зэрэг үндсэн дутагдлууд оршиж байгаагийн дээр одоо аймгуудаас элдэв бичиг баримтууд ирэх явдал үргэлжилсээр байна. Үүнээс гадна бидэнд жинхэнэ мэрэгжилтэй хүмүүс үгүй ихээхэн гачигдан байна.

Тиймийн тул, улсын архивын өмнө бүх цуглуулсан баримт бичгүүдийг эмх журамтай болгох ба, түүнийг өргөнөөр ашиглах бололцоог олгох тухай зорилго тавигдсан боловч, архивын ажлыг дээд хэмжээнд нь хүртэл өсгөх талаар холбогдсон зохион байгуулалтын ихээхэн чухал ажлууд нэгэн адил шаардагдана.

 

Материалы Государственного архива

Дореволюцнонная Монголия не имела такого учреждения, как архив, где бы собирались и сохранялись документы, имеющие важное историческое значение. С 1927 года, когда был организован Государственный архив МНР, проведена большая работа по ебору архивных материалов, начиная с периода маньчжурского владычества и до настоящего времени. Общий вес собранных архивов составляет около тысячи тонн.

Количество обработанных материалов пока относительно невелико и составляет не больше 1/10 всего фонда. Обработанны документы, из которых к периоду маньчжурского владычества относятся около 16 тысяч томов, к Автономной Монголии 7 тыс. томов и к современной МНР 6 тыс. томов.

При обработке выявлено много весьма ценных материалов, из которых особенный интерес представляют документы начального периода Народной Революции 1921 года.[3]

 

ЛМСТөвийн ажилтан Г. Ариунтуяа

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих