Сценари 1: Зоргоор нь орхисон бол илүү байх хувь Заяа

Өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 31. Хорвоод мэндлээд 37 нас хүрч буй  Заяа бүсгүй  өнөө орой Шинэ жилийн баяраа тэмдэглэхээр бэлтгэж суугаа ч түүнд баяр хөөрийн сэтгэл өчүүхэн ч үгүй. Заяагийнх  амьдралаа төвхнүүлж чадаагүй, өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж буй 800 гаруй мянган гэр бүлийн нэг. 10 жилийн өмнө яригдаж, олон хүнд итгэлийн оч бадрааж асан уул уурхайн төслүүд сураг тасарч, баялгаа гадныханд зарж хөлжигсөд, ил далд  аргаар орд газруудыг гартаа оруулсан уурхайн эзэд Монголоос хол газарт аж төрөхүйд дундаж жирийн айл өрхүүд ийнхүү толгой дараалан сөхөрч эхэлсний бодит жишээ болж буйдаа гутрах Заяа маргаашийн тухай бодохоос аль болох зайлсхийнэ.

Тэрбээр одоогоос яг хорин жилийн өмнө дээд сургуульд элсэх шалгалтад тэр үеийн Архангай аймгаас тэнцэн Улаанбаатарт ирж эрхзүйчийн мэргэжил эзэмшин, гэр бүл зохиож хоёр хүүхдийн эх болжээ. Гэр бүлийн түшиг тулгуур болох хань Орхон нь эзэд нь тодорхойгүй нэгэн жижиг компанид хамгаалагчийн ажил хийсээр өдийг хүрчээ. Тэрбээр олон жижиг шороон ордоос олборлолт хийдэг компанийн  өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах үүрэгтэй хамгаалагч гэж нэрийдсэн олон мянган ажилчны нэг.

Хүүхдүүд нь  13, долоон настай агаад дунд сургуульд суралцдаг. Монгол Улсын боловсролын систем өдгөө тун эмзэг  болжээ. Мөнгөтэй айлын хүүхдүүд хувийн сургуульд болон төлбөр авдаг улсын сургуульд сурна. Харин Заяагийнх шиг айлын хүүхдүүд жирийн улсын сургуульд явдаг. Ийм сургуулийн багш нарын цалин муу тул багш барагтай бол тогтохгүй, дээрээс нь анги танхим хүрэлцэхгүйгээс хүүхдүүд нэг ангид олноороо хий үймэлдэж цагийг барах нь хэвийн үзэгдэл.

Аргын тооллын шинэ он хот газрынхны хувьд эрхэм баяр болдог ч Заяагийн хувьд сүүлийн тав, зургаан удаагийн шинэ жил айдас, битүүхэн гунигийг дагуулах болжээ. Хүүхдүүд нь эрүүл саруул өсөж бойжиж байгаа ч цаашид хүний дайтай амьдрах баталгаа улам бүр алдагдаж байгаа нь түүний сэтгэлийн гол шаналан болсоор нэлээд жилийг үдэв. Цаашлах тутам байдал улам дордох нь ч тодорхой хэмээн тэрбээр уур савсан хөлрөх цонхны цаана сүүмэлзэх өөр айлын лааны гэрлийн ойлтыг ширтэн санаа алдана. Дулааны шугам  хуучирч цоорсноос халаалт үе үе доголдон, элэгдэж муудсан станц  цахилгааны хязгаарлалт хийж зутраах нь дасал болжээ.

2.

Тээр жил Заяаг хотод ирж байхад ид засаглаж байсан хүмүүсийн үр хүүхэд, садан залуус мөн л түүн шиг насанд хүрч, амьдрал зохиосон ч эрс өөр дүр зургийг бий болгожээ. Тэд л өнөөдөр хөрөнгө баялгийн хуваарилалтыг алсаас болон шууд зохицуулан шийдэж, улстөрийн хувь заяаг хоорондоо тохиролцон, үе залгамжлан удирдах болсон нь эрхзүйчийн мэргэжил эзэмшиж, иргэнлэг нийгмийн харилцааны дууч нь болж явсан түүний үеийнхнийг байнга гайхашруулж, улс орон нь хаана, хэзээ, яаж алдсаныг эргэцүүлэн суух шалтгаан болжээ.

Заяа дээд сургуулиа төгссөн жилээ ажил олж хийж чадалгүй, аахар шаахар жижиг компаниудад туслах, үйлчилгээний ажилд нь зарагдаж явсаар он дамжин шуугьсан Оюу Толгой, Таван Толгойн төслийн гэрээнүүд үзэглэгдсэн жилүүдийг үдсэн аж. Удалгүй инженер болохоор суралцаж байсан Орхонтойгоо танилцан нэг гэрт орсон нь саяхан мэт. Уул уурхайн томоохон төслүүдээс  асар их орлого орж ирнэ гэж шуугьсан 2012, 2013 онууд улиран одсон ч монголчууд тэр их орлогын барааг харсангүй. Харин оронд нь Монголын уул уурхайн ирээдүйд итгэж хөрөнгө оруулалт хийсэн гадаадын компаниудын нэхэмжлэлээр Монгол Улс байгуулсан гэрээ хэлэлцээрээ зөрчсөн гэх асуудлаар Олон улсын шүүхээр буруутгагдсан тухай сонстож эхэлсэн байна.
Заяагийн санаж байгаагаар 2012 оны сонгууль дахин мөнгөний сонгууль болж улс орны хувь заяа эргэлт буцалтгүй буруугаар эргэхэд хүрчээ.  Бэлэн мөнгө амлаж улс орныхоо хөгжлийг баллахгүй гэж ам өчгөө өгсөн улс төрийн хоёр том хүчин хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Тэд сонгууль болохоос хоёр гуравхан хоногийн өмнө бие биетэйгээ өрсөлдөн Таван Толгой хувьцааг иргэдэд шинээр нэмж өгөх, мөн бусад уул уурхайн том төслөөс хувьцаа эзэмшүүлэх, цалин тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, бусад элдэв хөнгөлөлт, нөхөн олговор олгох амлалт ар араасаа хөврөв. Шинээр байгуулагдсан Засгийн газар сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх сорилттой тулгарч Таван Толгойн хувьцааны үнийг индексжүүлэн иргэдэд олгосон нь сонгуулийн өмнө Таван Толгойн хувьцааг мөнгөжүүлэх замаар олгосон 1 сая төгрөгтэй хавсран инфляцийг  хөөрөгдөж, юмны үнэ тэнгэрт хаджээ.
Сонгуулийн дараах зун ашиглалтанд орсон Оюу Толгойн ил уурхайгаас олсон орлого УИХ-ын сонгуулийн бэлэн мөнгө тараах амлалтыг биелүүлэхээр 2012-2013 онуудад Рио Тинтогоос  урьдчилан авсан зээлийн өрийг буцааж төлөхөд зарцуулагдсан тул хөрөнгө оруулалт болж эргэлтэд орж чадаагүй юм.  Уул уурхайн салбарын дэд бүтэц, ханган нийлүүлэлт авилгад улам хүчтэй идэгдэж, тэр хэрээр компаниудын зардал нь өсөж төлдөг татвар нь буурлаа. Евро бүсийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр хөрөнгийн олдоц хомсдож Оюу Толгой төслийн 50 хувийг  төрийн мэдэлд авах шахалт шаардлага жижиг намууд болон иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс байнга тавигдах болсон нь Оюу Толгойн хөрөнгө оруулагчид далд уурхайд оруулах санхүүжилтээ азнаж, нөхцөл байдал хэрхэн өрнөхийг ажиглах шийдвэр гаргахад хүргэв.

Иймэрхүү нөхцөл байдалд Таван Толгойн нүүрсний уурхай дараагийн том бүтэлгүйтэл болж хувирав. Засгийн газар болон гадаадын компаниуд Таван Толгойн уурхайн нөөц, зах зээлийн үнэ, зардал, хөрөнгө оруулалтын өгөөж, ашиглалтын эрсдэлийн талаар өөр өөр ойлголттой байснаас санал зөрөлдөн Таван Толгойн ордын бүрэн хэмжээний олборлолтыг эхлүүлж чадаагүй юм. Эрдэнэс Таван Толгой л бага хэмжээний олборлолт явуулж байв.

Сонгогчдын бухимдлаас эмээсэн улстөрчид 2016 оны сонгуулиас өмнө гадаадын компаниудтай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг шинээр хийх, дахин авч үзэх оролдлого хийв. Янз бүрийн нууцлаг этгээдүүд гарч ирж хувьцаа эзэмшүүлэхийг шаардах, заримдаа ил цагаан хахууль нэхэх болсноор гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хэн шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй болсон аж. Ингэж тоглоомын дүрэм тодорхойгүй болсноос уул уурхайн компаниудын хөрөнгө босгох боломж эрс муудан хөрөнгийн хомсдолд орж эхэлсэн бөгөөд 2015 оноос шинээр хийгдэх хөрөнгө оруулалт зогсож, улмаар томоохон компаниуд  хувьцаагаа зарж эхэлснийг тэр бүүр түүрхэн санах аж. Олон улсын төдийгүй Орос, Хятадын компаниуд Монгол Улсад итгэхээ больж, хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах, өөрчлөх эрсдэлээс зайлсхийхийн тулд хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, концессийн гэрээ хүртэл байгуулахыг шаардах болжээ.

Ийнхүү жинхэнэ чөтгөрийн тойрог эхэлсэн юм. Дахин сонгогдохыг хүссэн улстөрчид сонгуулийг хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа их мөнгө авах арга хэрэгсэл болгож, ирээдүйд олох орлогыг барьцаалах болов. Сонгууль болгоноор баялгийн шударга хуваарилалтыг шаардах нийгмийн бүлэглэлүүдийн шахалт зарим улс төрчдийн явцуу эрх ашигт нийцэн,  гэрээг эргэн харах, Монголын талын оролцоог нэмэгдүүлэх саналыг тавьдаг болжээ. Олсон мөнгийг нэн даруй сонгогчдын саналыг худалдан авахад ашиглах болсон нь цаашид олох мөнгөний хэмжээг бууруулж, тэр хэрээр сонгогчдын улс төрчдөд итгэх итгэл улам бүр алдарч, нийгмийн дунд сэтгэл ханамжгүй байдал газар авав. Бэлэн мөнгө тараах тусам хүмүүс ажиллах хүсэлгүй болж ажлын байр шинээр нэмэгдэхгүй, өгөх мөнгөний хэмжээ багассан ч энэ мөнгөнөөс улам ихээр хамаарах аж. Бэлэн мөнгөний оронд Таван Толгойн хувийг хувьцаа хэлбэрээр иргэддээ дахин тараасан ч мөнгөний гачаалд гүн орсон ард олон эдгээр хувьцааг хэдхэн төгрөгөөр борлуулснаар цэнхэр ногоон тасалбар гэдэг шиг аанай л хоосон цаас болжээ.

Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ 2012-2016 онд харьцангуй өндөр байсан ч Монгол Улс ийнхүү үүнийг ашиглаж чадаагүй юм. Харин 2018-2019 онуудад Европ, Америкийн эдийн засгийн шинэ хямрал эхэлснээр ашигт малтмалын үнэ унаж, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт үндсэндээ зогсчээ.

3.

2020 он гэхэд төрийн санхүүгийн байдал багагүй хямралтай байв. Уул уурхайн төслүүдэд төр хөрөнгө оруулах, зарим нэгэн гадны компаниуд олон улсын шүүхээр нөхөн төлбөр гаргуулж, иргэддээ том төслүүдээс хувьцаа эзэмшүүлж, түүнийг мөнгөжүүлэхэд зориулан Засгийн газрын авсан их зээлийн дарамт мэдрэгдэж эхэлсэн нь төсвийн алдагдал жилээс жилд нэмэгдэхэд хүргэв. Зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ихээхэн унасан 2018-2019 онд энэ алдагдал 15 хувьд хүрчээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн алдаа завхрал гарч, зарлагыг дутуу тайлагнаж, мөн төсвөөс гадуур олон зардал гаргаж байсан тул санд хуримтлагдсан мөнгө 2017 он гэхэд шавхагдсан байв. Хөгжлийн банкны бондын төлбөр нэхэгдэхэд банк өөрөө эргэн төлөх чадваргүй байсан нь төсөв дээр нэмэлт дарамт болж байв. Уул уурхайн их ирээдүйг бодолцон арилжааны банкнууд их хэмжээний зээл гаднаас авч байсан нь эргэн төлөгдөх боломжгүй болж, төр хоёр ч банкийг дампууруулахгүйн тулд хөрөнгө оруулсан нь төсөвт таагүй нөлөө үзүүлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хүчингүй болгоход хүргэв. Хөгжлийн банкаар жилд цөөн тооны төслийг санхүүжүүлэх ч гол төлөв үр ашгийн тооцоо муутай, улс төрчидтэй холбоотой компаниудаар дамжиж байв. Гадаад өрөө төлөх боломж хязгаарлагдмал, бонд гаргаад авах хөрөнгө оруулагчид байхгүй байсан нь Хятад улсаас нэмж зээл авахад хүргэж 2020 он гэхэд Монгол улсын нийт өр ДНБ-ий 150 хувьд хүрсэн нь 1990 оноос өмнө ОХУ-аас авсан их өрөөс ч илүү дарамтыг эдийн засагт үзүүлэх болов.
2021 он гэхэд Таван Толгойн уурхайн дээр хамтран ажилладаг гадаадын голлох түнш нь Хятад улс болж, нүүрсний “зах зээлийн үнийг” ч тогтоож эхэлжээ. Тэрчлэн, Хятад өөрийн дотоодын зах зээлийн эрэлт өсөх хэрээр Монголтой хил залгаа нутагт хар, хүрэн нүүрсний олборлолтоо ихэсгэсэн Монголын нүүрсний экспортын орлого эрс буурахад давхар нөлөөлөв.
Монголын төрийн албан хаагчид болон Дэлхийн банкны шинжээчид улс төрийн намуудад Хятадын нүүрсний импорт багасна гэж анхааруулж байсан ч нүүрсний экспортоос олох орлогын хэмжээ огцом буурахад засгийн газар огт бэлтгэлгүй байлаа. Засгийн газар төсвийн их хэмжээний алдагдалд орж, ээлжит бэлэн мөнгөө тараахын тулд маш ихээр мөнгө хэвлэх болсноор инфляци хяналтаас бүрэн гарчээ.  Инфляцийн хэмжээ 12 хувь байгаа мэтээр албан ёсоор зарлах авч үнэндээ 30 гаруй хувьтай байх болсоор удаж байгаа юм. Хувийн хэвшлийн компаниуд 10-аад жилийн өмнө уул уурхайн ирээдүйн орлогод найдан ихээхэн хэмжээний зээл авсан нь даагдахааргүй дарамт болж, тэртэй тэргүй ихсээд байгаа үндэсний өрийн хэмжээг үлэмж нэмэгдүүлсээр байгаа юм. Дээр нь зээл очих ёстой эзэндээ очоогүй бөгөөд  банкууд улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын арга хэрэгсэл болсон билээ.

4.

Description: Description: Description: C:\Users\Baysgalan\Desktop\images (1).jpgОлигархиуд Монгол Улсын бүрэн эрхт эзэд болжээ. Заяа нэгэн интернэт хуудаснаас 200 гаруй гэр бүл л  Монголын эдийн засаг, улс төрийн намуудад  хяналтаа бүрэн тогтоосон гэж уншжээ. Дэлхийн банкны статистик судалгаагаар Монголын хүн амын нэг хувь нь л жилийн нийт орлогын 45 хувийг, нийт хөрөнгийн 90 гаруй хувийг эзэмшдэг гэсэн дүн гарчээ. Олигархиуд олон нийтийн уур хилэн, шүүх цагдаа, төр засгаас үл тоох мэт авирлана. Ард түмэн ядуурал, гуйланчлал дунд амьдарч байхад эдгээр айл тансаг хурим, найр хийн баярхаж, зараа сувдан шигтгээгээр чимж, гийчид нь орон сууц, автомашины түлхүүр уралдуулан бэлгэнд өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь дуу нэгтэйгээр шагшин дуулж байсныг бодон эргэцүүлэхэд өнөөдрийн ийм байдалд хүрэхээс ч өөр замгүй байсан мэт.

Заяа,  түүний найзууд хаана юу нь буруу болсноос ийм байдал үүссэн тухай  үргэлж л ярьдаг. 2012 оны сонгуулиар гарч ирсэн хөрөнгөтнүүд өөрсдийн нөлөөг шургуу тэлж, тун удалгүй бүрэн ноёрхлоо тогтоож эхэлсэн аж. Цагдаа, аюулаас хамгаалах хүчин, цэргийн төсөв ихээхэн өсөж, боловсрол, нийгмийн үйлчилгээний хөрөнгө оруулалт, зардал навс унав. 2016 онд УИХ-д сонгогдсон хүмүүс тус тусын суудлаа өв залгамжлуулан үлдээх нууц тохиролцоог хийсэн гэсэн яриаг Заяа сонсжээ. Энэ нь муухан киноны зохиол шиг сонстох боловч энэ  тохиролцоо аль ч хууль эрхзүйн баримтаас ч илүү тогтвортой биелэх болжээ. Шүүх засаглал ингэж найдвартай ажилладаг байсан ч болоосой гэж Заяа дотроо бодно.

Олигархиуд өөрсдийн эрх ашиг, албан тушаалыг хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй гэдгийг хүн бүр л мэддэг бөгөөд иргэний нийгмийн идэвхтнүүд, жагсаагчид руу дайрах нь нийтлэг болсон бөгөөд үүнд цагдаа, бүр армийн анги нэгтгэлийг ашигладаг болсон аж. Аргаа барсан иргэд үе үе жагсаал тэмцэл хийх авч тэдгээрийг зохион байгуулагчдыг нэг нэгээр нь, эсвээс хэсэг бүлгээр нь  барьж хорих болсноос тэсхийгээд үр нөлөөгүй төгсөх нь уль дол болжээ.  Ангийнх нь найз Ирээдүй “улсын  нууц “ хулгайлсан хэргээр ахиад л шоронд орсон бөгөөд энэ нь Хуульзүйн сайд болон Оросын бизнесүүдийн хоорондын хэлхээ холбооны талаар Орос улсад хэвлэгдсэн нэгэн мэдээг веб хуудсан дээрээ тавьснаас болсон гэнэ.

Төрийн хүчний байгууллагууд олигархиудад үйлчилдэг мэт болсон бөгөөд урд болон хойд хөршүүдийн хүчний  байгууллагуудын “зөвлөхүүд”, мэдээлэгчид  ажилладаг гэсэн яриа гарах болжээ. Гэсэн хэдий ч олигархиудын төлөө зүтгэх нь тийм амар, аюулгүй ажил бас биш юм. Өнгөрсөн шинэ жилийн баяраар Заяагийн нөхөр Орхон эздийнхээ шороон ордуудын нэгийг манан гэртээ ирээгүй бөгөөд дараа нь нүүр ам нь хавтгай болтлоо зодуулсан хүн гэртээ ирсэн байна. Орхон энэ талаар “Томчууд хоорондоо тооцоо хийгээд” гэснээс өөрийг дурдаагүй билээ. Бохир аргаар эрх мэдэлтэй болсон хүмүүс ямар ч аргаар өөрсдийгөө унахаас хамгаална гэдгийг Заяа ойлгох тул тэгсхийгээд дуугүй өнгөрсөн билээ. Хуульчдад аюултай байдаг тул Заяа алхам бүрээ хянаж явдаг. Олигархиудтай ямар нэг байдлаар хууль эрхзүйн хувьд шөргөөлцсөн хүмүүстэй Заяа ажилладаггүй бөгөөд шүүхийн шийдвэр нь гэрээ, контрактын үндсэн дээр гардаггүйгээс хойш хийх нь утгагүй юм шиг гэрээ хэлцлийг боловсруулан цагаа өнгөрөөнө.

Баян болно гэж Заяа хэзээ ч бодож байсангүй. Харин  хэзээ нэгэн цагт дундаж ангийн хэмжээнд сайхан амьдарна гэж бодож байсан үе Заяа болон Орхонд бий.  Одоо энэ нь боломжгүй болжээ. Өнөөдрийн нөхцөл байдлаасаа зугтах арга зам түүний хувьд байхгүй мэт. Янз бүрийн судалгаагаар ажилгүйдлийн түвшин 20 хувь,  хүн амын 60-80 хувь нь ядуу гэсэн дүн гардаг ч Нийгмийн Хамгааллын Яамны тоо баримт бодитой байдаггүй тул аль нь үнэн бодтой болохыг хэн ч мэдэшгүй. Дундаж орлоготой дундаж анги устаж алга болсноор Монголын нийгэмд хэт баяжсан цөөнхийн гадаад зах зээл, дэлхийд хандсан болон хэт ядуу дийлэнх олонхын үгээгүй, зогсонги дотоод зах зээл гэсэн хоёр зэрэгцээ эдийн засаг буй болжээ. Баруун бүс нутаг дэлхийн дулаарлаас үүдэн 2012-2017 онуудад дэс дараалан болсон ган, хуурайшлын нөлөөллөөр цөлжин, байнгын урсгалт гол горхи ширгэж алга болсноос үүдэн өмнөд болон баруунаас төв рүү чиглэх нүүдэл ихсэж Улаанбаатарын хүн ам 2,5 саяд дөхсөн нь хотын эрүүл ахуй, хоол хүнс, дулаан цахилгааны хангамжид гэнэтийн цохилт болж, хамгийн хүйтэн, харанхуй, бохир, балмад хот болжээ. Орлогогүй олон иргэд ядуусын эгнээг тэлж, гэмт хэрэг, танхайрал ихсэж цэрэг цагдаагийн төсөв данхайж, сүүлдээ цагдаагийн байгууллагын оролцоо ихэссэнээр өнөөгийн цагдаажсан улсын төрхийг олсон нь ядуурлын гинжин урвалын үр дүн гэлтэй. Сүүлд Москвад очиход л аюулгүй байдлыг мэдэрснээ Заяа дурсах бүрдээ нөхцөл байдал яагаад ийм болсныг гайхна.

5.

Энэ жилийн шинэ жилийн баярын гол төвөөр Заяагийнх ээлж таарсан бөгөөд гурван найз бүсгүй нь айлчлан ирэх дөхөж буйд оны зааг дээр бодлын хэлхээнд ийн автжээ. Хятадын зүүн нутагт ургуулсан хурдан ургацтай хүнсний ногоо Монгол айлын гал тогоо, хоолны жорыг бүрдүүлэх бөгөөд Солонгосын удаан хугацаагаар хадгалах зориулалттай хатаасан, лаазалсан хүнсний идэвхитэй хэрэглэгчид болсоор даруй арав шахам жилийг үджээ. Үндэсний хөрс шорооноо ургуулж өсгөсөн хүнсний олдоц олон жилийн өмнөөс сүйрсэн бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангаа дагаад мөн л байхгүй болжээ. Махны бодлогогүй экспорт, зах зээлийн монополь эрхийн төлөөх олигархиудын тэмцлийн галд бүс нутгийн бэлчээрийн аж ахуй бусниж,  генийн өөрчлөлттэй ургамлын тариалан Монголын эмзэг хөрс шороог шимгүйтүүлэн атаршуулжээ. Бэлчээрийн тухай бүтэл муутай хууль гарсан нь бүүр  нэрмэж, түүнийг тойрсон тэмцэл, өвөр хоорондын дайтал нь уламжлалт аж ахуйг сүйрүүлэх бас нэг том шалтгаан болсон аж. Малчид аргаа баран мал сүргээ зарж олноороо Улаанбаатарын захаар суурьшин хашаа байшин, ойр зуурын хэрэглээнд сүүлийн хэдэн төгрөгөө барсаар ядуусын эгнээг өргөтгөжээ. Монголын баруун тал үндсэндээ уугуул иргэдээсээ өнчрөн үлдэж, хуурай сайр, говь цөлөрхөг бүс болсноор Хөвсгөл-Булган-Сэлэнгийн нутагт дийлэнх монголчууд нүүдэллэн ирсэн байна. Үлдсэн цөөн хэдэн жуулчны компанийн танилцуулгад Монгол бол нүүдэлчдийн орон гэж бичигдэх авч үнэндээ  нүүдлийн соёл иргэншлээс ул мөр ч үлдсэнгүй. Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд эрх баригч эвсэлд хамаарагддаггүй учир аймагтаа хангалттай татаас, тусламж авч чадахаа больжээ.

6.

Хаалга тогшсоноор Заяагийн хүүхэд ахуйн унаган найзуудын нэг Ундраа салхи татуулан орж ирэнгээ өмнийн их элсэн далайг халааслаад ирснээ илтгэн инээх нь тод. Тэрбээр Сайншандын Үйлдвэрлэлийн цогцолборт ажиллах өөрийн гэр бүлийн хүнийг даган говьд ажилладаг нэгэн. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг ТББ байгуулан арваад жилийн нүүр үзэж байгаа боловч сүүлийн үест явуургүй болсноо дуулгах болжээ. Олон улсын дундажтай харьцуулахад архины хэрэглээ болон эрэгтэй хүний дундаж наслалтын үзүүлэлт ихэд муудсан төдийгүй гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, гэр хороололд сүрьеэ өвчин газар авчээ. Хүн амын тоог цөөхөн байлгах, хувь хүний хөгжлийг санаатай боож хаагдуулах далд явуулга явагдах болсон хэмээн цуурхах нь зэвүүн. Санхүүжилтгүйн улмаас төрийн бус байгууллагууд сөхөрч, нийгмийн оршихуйд иргэний нийгмийн оролцоо эрс хумигджээ. Төрөөс өгөх бага зэргийн санхүүжилтыг цөөн хэдэн төрийн бус байгууллагууд л авдаг бөгөөд ТББ-ын шинэчилсэн бүртгэл явуулах нэрээр гаднаас санхүүжилт авдаг байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон нь энэхүү байдалд нэрмээс болов. Гадаадын олон хандивлагчид үйл ажиллагаагаа зогсоосон ч Ундраагийн ажилладаг чиглэлээр гадаадын хандивлагчид болон барууны сүмүүд тусламж өгсөн хэвээр байгаа тул бас ч гэж яах вэ. Иргэний нийгмийн байгууллагуудад иргэдийн оролцоо ихээхэн сул, тэдэнд үл итгэх нь элбэгшжээ.

Хөрөнгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн алдаатай бодлогоос үүдэн арваад жил дамнан үргэлжилж байгаа хүнд үйлдвэрийн цогцолборын байгуулалтад насаараа зүтгэж яваа эр нөхрөө бараадан хөдөөгийн элсэнд ээрэгдэж дууслаа хэмээн Ундраа гомдоллоно. Эцсийн найдвар нь нээлтээ хүлээж буй хүнд металлургийн удаан түүхтэй, цагтаа зууны бүтээн байгуулалт хэмээн тунхаглаж байсан  үйлдвэрт эр нөхөр нь гайгүйхэн албанд томилогдох явдал. Гэтэл хэн нэгэн олигархи үйлдвэрт өндөр хүүтэй зээл олгосон сураг дуулдах болсноор эзэмшлийн маргаан үүдвэл энэхүү найдлага талаар болох аюул ч үүсжээ. Энэ бүх нөхцөл байдлыг Ундраа “гарцгүй нүхэнд унасан шаргачин шархаа долоож буй мэт” гэж тодорхойлно.

Уг нь тухайн үед уул уурхайгаас орж ирэх орлогыг төвлөрүүлэн тэргүүлэх салбаруудыг санхүүжүүлэх зорилготой байсан Хөгжлийн банкны хэрэгжүүлсэн төслүүдийн хамгийн бодтой нь энэ үйлдвэр болсон ч олон үр ашиггүй төслийг санхүүжүүлснээр банк өөрөө ч дампуураад байгаа юм. Дахиад л улсын өрийг нэмэгдүүлэх нэгэн шалтгаан болоод уджээ. Орлого байхгүйгээс болж данс нь олон жил улайчихаад байгаа Хөгжлийн, Тогтворжилтын сан гэх гоё, хоосон нэрс шиг юм үлдвэл яана гэж бодох зуураа Заяа талх зүсэж зогсов. Хоосон дансыг нь олон жил хий хоосон цаасан мөнгө хэвлэх замаар аргалж байснаас үүдэн инфляци хэдэн зуун хувиар өсөж, өмнөх 10 жилийнхээс эрс өөр үнэ, тоо хэлэгддэг болжээ. 100 000 төгрөгийн үнэтэй талхаа 600-гийн талх шүү хэмээн инээлдэх тэдний наргиаг Заяагийн хүүхдүүд учрыг нь үл олох ч даган инээх аж. Төгрөгийн ханшны хэлбэлзэл айхтар савлагаатай тул юань л эцсийн дүндээ улс орны эдийн засаг төдийгүй айл өрхийн гал тогооны тооцооны дүнг нэгтгэж жинлэх болсоор уджээ.

Ундраа дунд сургуульд нийгмийн ухааны хичээл заадаг Хишгээ рүү залган яаруулахад багш нарын ажил хаях тухай цуглаанд сууж болзооноос хоцрох болсноо нөгөөх нь дуулгажээ. Хишгээ бүтэлгүй гэрлэлтийн горыг нэгэнтээ амссанаас хойш гэр бүл зохиохоо хойшлуулсан гэж энэ хоёртоо хошигнодог ч хөнгөн гунигаар дүүрэн явдаг ажээ. Хишгээгийн очсон цуглаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн аль нь ч оролцоогүй тул хүмүүс санасан бодсоноо чөлөөтэй ярьж байлаа. Хишгээ улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд газар орон, эрх мэдлийн төлөө хүч үзэж, бүр аллага, хүчирхийлэл үйлдэхээс буцахгүй болж байгаа талаар хүмүүсээс сонсоноо найзууддаа ярилаа.

Найзууд цуглан зовлон гунигаа түр мартан хөгжилдөхөд гудамж, талбай ч гоёмсогоор гэрэлтэн цацрах нь жаргал удаан байдаггүйг нотлох мэт. Хэт радикал, коммунист хандлагатай Шинэ Монгол Намын даргын зохион байгуулсан цуглаанд оролцсон Орхон бага зэрэг халчихсан шөнө дунд ирлээ. Орхоны “Би шинэ улс төрийн төлөө зүтгэхээр болсон” гэсэн эв дүй муутай үг нь хүүхдүүдийнх ирээдүйг жаргалаар бооцоолсон амлалттай тэнцэв.  2012 оноос хойш юу болсныг сайн санах тэрбээр энэ бол хүүхдүүдийнхээ ирээдүйг өөд татаж чадах хамгийн сайн зам гэж бодов. Магадгүй энэ бүх уул уурхайн баялаг олдоогүй байсан бол Монгол Улс хараалд өртөхгүй байсан байх гэж тэр бодож байлаа.

Эдийн засгийн үзүүлэлт

Үзүүлэлтүүд

2011 он

2016 он

2021 он

Нэг хүнд ногдох ДНБ
(оны ам. доллараар)

 2,786.13

6612.06

4825.27

ДНБ-ний бодит өсөлт

15%

3%

1%

Уул уурхайн төсвийн орлого
(сая ам. доллар)

733.82

1944.54

1327.15

Инфляци

11%

20%

12%

Ядуурлын түвшин

39%

30%

24.50%

Орлогын менежментийн
үзүүлэлтүүд

2011/2009 он

2021 он

Тогтворжилтын сан (тэрбум)

281

50

Хүний хөгжлийн сан (тэрбум)

0

0

Хөгжлийн банк (тэрбум)

50

0

Орлогын менежментийн индекс
(Revenue Watch Institute, муу-0; сайн-100)

38.2

33

Херфиндал индекс
(0-1, 1-экспортын төвлөрөл маш их)

0.489

0.55

Засаглалын үзүүлэлт

Үзүүлэлтүүд

2011 он

2021 он

Шударга ёсны индекс
(Global Integrity, муу-0; сайн-100)

57

23

Банкуудын зээлжих эрхийн зэрэглэл
(S&P, 1-10, 10-эрсдэл их)

9

10

Өрсөлдөх чадварын зэрэглэл
(World Economic Forum, нийт 142 улс)

96

110

Нээлттэй төсвийн индекс
(Open Budget Partnership, муу-0; сайн-100)

60

36

 

  • 2012 оны сонгууль будлиантай явагдаж шинээр байгуулагдсан УИХ иргэдийн итгэл, дэмжлэгийг хүлээж чадахгүйд хүрнэ.
  • УИХ нь хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхийн төлөөх сонирхлын бүлэглэлүүдийн тэмцлийн талбар болно. Эвсэл бүлэглэлүүд богино хугацааны ашиг сонирхлын үндсэн дээр үүсэж, тэр хэрээр түргэн задарна.
  • Уул уурхайн салбарт ашиг сонирхлын  хүчирхэг бүлэглэлүүд хяналтаа тогтооно. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компанийн аль нь ч тогтвортой, урт хугацааны хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулахгүй. Гадаад хөрөнгө оруулагчдаас авах татвар, төлбөрийг нэмэх, далд тохиролцоо хийх шахалт байнга нэмэгдэнэ. Богино хугацаанд олох ашгийг урт хугацааны ашиг сонирхлоос илүүд тавих байдал газар авна.
  • Хөгжлийн банк, Тогтворжилтын сан зэрэгт их хэмжээний хөрөнгө төвлөрөхгүй. Оруулсан буюу оруулах хөрөнгийг тодорхой бизнес, улс төрийн ашиг сонирхолд нийцүүлэн барьцаална.
  • Иргэдийн бухимдлыг мөнгө тарааж, татаас өгч, эсвэл хүчээр дарахыг оролдоно.
  • Хууль дээдлэх ёс үндсэндээ алдагдана.
  • Инфляци, үнийн цочмог өөрчлөлт, үндэсний өр зэргийг шийдэх бодлого, стратеги байхгүй. Гадаадын зээлээс улам их хараат болж, өр зээлийг байгалийн баялгийг ашиглах эрхээр төлөх явдал нэмэгдэнэ.
  • Гэмт хэрэг, ажилгүйдлийн түвшин өндөр болж, нийтийн эрүүл мэндийн асуудал хурцадна. Хөдөө орон нутагт эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээ хүрч чадахгүй.

ФОРУМЫН ТӨСЛҮҮД


URL:

Сэтгэгдэл бичих