”Мандах бүртгэл” дээд сургуулийнхан булхайгаа ихэд нууцлав
Толгойт-Нарантуул чиглэлийн автобусаар 1.00 цаг зорчиход гурван оюутан хуурамч наалттай гэсэн шалтгаанаар шар виза картаа хураалгав. Магадгүй таны суусан автобусанд ч гэсэн үүнтэй адил зүйл тохиолдсон байх. Учир нь оюутнуудын дунд хуурамч наалт худалдаалах ашигтай бизнес аль хэдийнэ цэцэглэжээ.
Энэ бизнесийг хөгжүүлэгч нь их, дээд сургуулийн оюутны холбоо бололтой. Визагаа хураалгасан оюутнуудын дийлэнх нь сургуулиасаа наалтаа авсан хэмээн уйлах нь холгүй кондукторуудад учирлах ажээ. Харин тэдний тайлбарыг сонсож байгаа кондуктор гэж алга. Наалтны чинь бичиг бүдэгхэн, тоо нь нарийхан байна, тиймээс хуурамч гэсэн ганцхан үгээ тоть шиг давтан хэлж байв.
Оюутнууд өглөө хичээлдээ явах болгондоо кондукторуудтай ийн хэрэлдэх нь хэвийн үзэгдэл болжээ. Ингэж үйлээ үзэж яваа оюутнуудын төлөөлөл бол “Мандах бүртгэл” дээд сургуулийн Программ хангамж, Мэдээллийн систем, Нябо-мэдээллийн системийн I, III ангийнхан юм. “Мандах бүртгэл” дээд сургуулийн салбар сургуулийн оюутнууд өнгөрсөн есдүгээр сард визаны наалтаа захиалжээ. Гэтэл тодорхой бус шалтгаанаар удсаар энэ сарын 14-ны өдөр оюутнууд наалтаа авч бөөн баяр болж байв.
Тэд одоо л нэг юм аав ээжээсээ мөнгө царайчлахгүй нийтийн тээврээр үнэгүй зорчих нь хэмээн баярлаж байтал эхнээсээ хуурамч болох нь батлагдаж кондукторууд хураагаад эхэлжээ. Ингээд хоёр сар хүлээж байж авсан визагаараа долоо хоног ч зорчиж чадаагүй байна. Энэ асуудлыг оюутны холбоондоо хэлтэл дээрх гурван ангийн оюутнуудын виза картыг нэгдсэн журмаар хураахаар болжээ.
…МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуунаас “Мандах бүртгэл” дээд сургуулийн гурван ангийн оюутнуудад 180 орчим хуурамч наалт тараагдсныг мэдсэн үү хэмээн асуухад “Одоогоор бидэнд тийм мэдээлэл ирээгүй байна. Нийтийн тээвэрт хоёр өдрийн турш шалгалт хийхэд 250 гаруй хуурамч наалттай виза карт илрүүлсэн. Үүний 60 нь жинхэнэ байсныг андуурч хураасан байсан. Намраас хойш наалттай холбоотой асуудал байнга яригдах боллоо…
Тус сургуулийн салбар сургуулийн Оюутны холбооны дарга Саранхөхөөгийн хэлж буйгаар өчигдрөөс эхлэн оюутны шар виза картыг хурааж эхэлсэн байна. Одоогоор 180 орчим виза хураагджээ. Эдгээр виза картыг сургуулийнхаа төв салбарын Оюутны зөвлөлд маргааш/өнөөдөр/ хүлээлгэж өгөх ажээ. Оюутны виза картыг хэзээ буцааж өгөхийг харин хэн ч мэдэхгүй байгаа аж.
Хүлээж, хүлээж авсан визаг нь дахиад хураагаад авчихсан болохоор нэгдүгээр сараас наашгүй байх даа гэж таамаглах нэгэн ч байв. Оюутнуудад тулгараад буй бэрхшээлийн талаар тодруулахаар сургалтын албаныхантай нь уулзсан ч ийм асуудлыг анх удаа л сонсож байна хэмээн хэнэггүй хариулав.
Харин сургуулийн Оюутны холбооны Удирдах зөвлөлийн гишүүнтэй нь уулзсан ч шалгалт эхлэх гэж байна, хуурамч наалтны асуудлаар дараа тайлбар өгнө гэж “томров”. Юу ч мэдээгүй юм шиг царайлах сургуулийн захиргаа, том толгойтой Оюутны холбоо хоёрын дунд гурван ангийн 150 гаруй оюутнууд хохирч байна.
Тэдний төлөөлөл болох программ хангамжийн гуравдугаар ангийн дөрвөн охинтой уулзлаа. Тэд намраас хойш нийтийн тээвэрт байнга мөнгөө төлөөд зорчиж буй аж. Охидын нэг нь Гачууртаас хоёр дамжиж хичээлдээ ирдэг ажээ. Тиймээс унааны мөнгөгүй болчихно гэж эмээгээд хоол ч идэхгүй, өдөржин гүрийдэг тухайгаа ярьсан юм.
Охид сургуулийн удирдлагууд оюутны эрх ашиг зөрчигдсөн асуудалд нүдэн балай, чихэн дүлий мэт ханддаг талаар ам уралдуулан ярьж байлаа. Виза картны наалт тараасан өдрөөс нь эхлээд хуурамч хэмээн хураагаад байна гэж сургуулийн захиргаанд мэдэгдсэн ч огт тоогоогүй гэнэ.
Харин энэ асуудлыг тоох ёстой МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуунаас “Мандах бүртгэл” дээд сургуулийн гурван ангийн оюутнуудад 180 орчим хуурамч наалт тараагдсан талаар асуухад “Одоогоор бидэнд тийм мэдээлэл ирээгүй байна. Нийтийн тээвэрт хоёр өдрийн турш шалгалт хийхэд 250 гаруй хуурамч наалттай виза карт илрүүлсэн.
Үүний 60 нь жинхэнэ байсныг андуурч хураасан байсан. Намраас хойш наалттай холбоотой асуудал байнга яригдах боллоо. Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахаар зэхэж байна. Түүнчлэн өнгөрсөн жил 96 мянган наалт хэвлүүлсэн. Харин энэ жил 116 мянгыг хэвлэх шаардлагатай болсон. Гэтэл төрөөс өнгөрсөн жилийн хэвлэсэн тоогоор буюу 96 мянган наалт хэвлэх төсөв баталсан. Тиймээс шар виза картны наалтгүй хоцорсон оюутнуудын дунд эрэлт үүсээд хуурамч наалтны бизнес цэцэглэхэд хүрлээ” гэв.
Ц.ОЮУНТУНГАЛАГ
URL: