Нулимсаа үнэлэгч
Хувцас гэж хэлэхэд хувцасны заяа гомдмоор, майхан шиг хэлхгэр ямбуу цамцан доторх туранхай хэгзгэр бие нь дүнзэн байшин дахь буриад пийшин шиг халуу дүүгээд, сайртталаа уйлсан хацар дээр нь хаврын цэцэг мэт ялдам инээд дэлгэрчихээд тун чиг хөөртэй алхаж яваа түүнийг аз жаргалтай хурим руу яарч яваа биш өөд болоочийн оршуулгаас буцаж явааг өмссөн хувцас, гартаа дүүгүүрдэх хулсан таяг сэлт нь хялбархаан гэрчлэх ажээ. Өнөөдөр түүний хувьд онцгой баяр талархалт өдөр биш ч өнгөрдөг талийгаачийн ар гэрийнхэн урьд хожид байгаагүй өгөөмөр сэтгэл гаргаж 200 юань сарвайсан нь охиныг ийнхүү жигүүрлэн дарцаглахад хүргэжээ.
Хаврын анхны бүйлс гөлөглөсөн өнгөрөгч хөөлүүр сард л тэрээр сая нэг 17 нас хүрч хүний өөдөөс нас зүсээ ам дүүрэн зарлах боломжтой болоод байгаа юм. Өмнө нь түүнийг хойлгын найранд очиж чөтгөр ч тэсэмгүй гашуунаар цурхиран орилж, нүдэндээ булингар тогттол асгаруулан мэгшихэд нь хүмүүс үл тоомсорлон, харин ч түүнд ажил олгосон талийгаачийн ар гэрийнхнийг мөнгөө шандагнан бага хүүхэд бахируулж байгааг дооглон мушийцгаадаг байсан билээ.
200 юаниас болж хэт хөөрсөндөө тэрээр замаа андуурч ирсэн замаараа буцаж яваа юм болов уу хэмээн гэнэт палхийлээ. Учир нь оршуулгын газар руу явах замд чөтгөрүүдэд тарааж өгсөн хуурамч зуутын юанууд газраар нэг хөглөрч байхыг сая л анзаарав. Ирсэн зүг рүүгээ цочмог эргэн харахад оршуулгын газраас саяхан хөдөлсөн хүмүүс яг өөрийнх нь явж буй замыг чиглэн нүүгэлтэх нь үзэгдэж сэтгэл нь амсхийв. Юутай ч тэр төөрч, чөтгөрүүд мөнгөө булаалдаж байгаа замаар орж явчихаагүй болж таарлаа. Харин өмнөх зам дээр нь салхинд хийсэн салбалзах тэдгээр хуурамч зуутын дэвсгэртүүд өөр талийгаачийнх ажээ. Талийгаач нарын чөтгөрүүд бие биенээ таньдаг байж болох талаар хэзээ ч бодож үзээгүй нь тун ч азтай хэрэг. Тэр ер нь юм юмны захаас шүүрч ултай бодож байсан удаагүй. Зөвхөн хэрхэн сайн уйлах вэ, яавал бүх нулимсаа биеэсээ шахан гаргаж хүмүүсийн өмнө илүү ихээр асгаруулах вэ гэдэгт бүх ухаан санаа нь зориулагдсан мэт байдагт хэдийнэ дасжээ. Харамсалтай нь зарим онцгой үед түүний нүд нулимсаа харамлах мэт гэнэтхэн татраад, хичнээн хүчлэвч ганц дуслыг ч хялайлгахгүй хатчихдаг нь нэн гачлантай.
Хэрвээ энэ муу нүд яг өнөөдрийнх шигээ, хар нулимсаа харамлахгүй үерлэчихсэн горхи лугаа цутгаж байдаг бол Синь ша охин хэдийнэ маалинган цамц өмсөн дэгжирхэж явах байлаа. Гэтэл хачин аргуун энэ нүднээс л болж өнөөөдрийг хүртэл эцэнхий хэрзгэр бие дээрээ оршуулгын хулдасаас өөр нөмрөх юмгүй гэлдэрч явна шүү дээ. Харин оршуулгын ямбуу цамцаа гариг өнжилгүй сольчихоод байдаг нь ажлынх нь л буян. Үхсэн хүнийг дагаж үнэгүй ирдэг энэ хувцасандаа ч тэрээр хэдийнэ дассан. Ийн амиа зогоож амьжиргаагаа залгуулдаг амьд үхдэлүүд шиг хүмүүс ямбуу цамцныхаа түмэн бүчийг хийсгэн их хотын даржин дүүргийн халтар оромжуудын хаалгаар орж гарч харагддаг юм. Оршуулгын хувцасыг цагаанаас өөр өнгөөр хийдэг бол, бас тэгээд хайч, зүү оролцуулдаг байсан бол арай дээр юм эгэлдрэх л байлаа. Гэвч ёс ёмбогор төр төмбөгөр болохоор яая гэхэв дээ. Ямбуу майханцраа ямбаны хувцас шиг агсаад л явж байхаас…
Овтой уургачийн цаламдсан бугуйлаас гарах гэж зүтгэлэх омголон байдас шиг хөлс чийхруулж байсан саяхны их баяр хөөр нь одоо харин номхорч шар усны үер шаагиад өнгөрсний дараа судаг даган мурилзан урсдаг гөлөөн ус шиг болсон сэтгэл нь дасал болсон нөгөө муу хуучин ховилоо даган чимээ амиагүйхэн аярлахыг тэрээр мэдэрлээ.
Хөгцтэй тагзны ёроолд хир даг болж гүйцсэн муу зулхай хөнжлийнхөө дор хэвтэж байх үед хөршийнх нь хөгшин муур жигтэйхэн танил, нэг их өрөвдөлтэй дуугаар мяуллаа. Хөлнийх нь ойр ирэв бололтой. Яагаад ч юм эргэж харсангүй. Харин энэ үед, яг муур дуугарахтай зэрэгцэн мөнөөх үл таних залуу нүдэнд нь харагдах шиг болсонд тэрээр өөрийн мэдэлгүй агдасхийн цочив.Өнөөдөр оршуулган дээр тааралдсан залуу. Нүдээ аниад түүнийг бодлоо.
“Би мэднэ шүү та нарыг. Муусайн үхдлүүд та нар энэ их эд баялгийг авч явж чадахгүй байж нэг их хөөрөөд байх хэрэггүй” хэмээн тасхийтэл загначихаад эргэж харахдаа тэр үнэхээр балмагдсан сан.
Мөрнөөс угзарсан тэр хүн санаанд оромгүй цайлган харцтай нэгэн байсанд барьц алдахдаа оршуулгын газар дахь олон хүмүүсийн үнэн худал холилдсон уйлаан дуулиан дунд өөрийгөө хүртэл мартчихаад талийгаачийн сүнснүүдтэй хэрүүл хийж байсандаа ичих шиг болов. Тэр иймэрхүү үед ямагт ганцаарддаг, тэгээд л үхэгсдийн сүнстэй дотроо эцэс төгсгөлгүй хэрүүл хийж зогсдог билээ. Үнэндээ бол түүнтэй хэрэлдээд байдаг сүнс ч гэж бас байхгүй, зүгээр л ганцаардлаа ийнхүү тайлдаг хэрэг. Оршуулгын газарт хүртэл үнэн үлдээгүй хачин энэ цаг үе нь түүнийг хайрч хөлдөөх дөхдөгөөс л тэр ийм нэг зуршилтай болчихсон байсан. Хэзээ гэдгийг нь хэн ч үл мэднэ.
-Юун үхдэл яриад байна аа охин минь? Талийгаачийг ингэж хэлж болохгүй шүү. Тэгээд ч түүнд өгч байгаа энэ их мөнгө чинь цаасан мөнгө, хуурамч мөнгө шүү дээ… гэснээ мөнөөх царайлаг нь дэндсэн цайлган залуу хөмсгөө атируулчихав. Синь ша охин ямар нэг юм хэлмээр байсан ч түүнд тайлбарлах нь гэнэтхэн тэнэг санагдаж орхилоо. Тэгээд зүгээр л бөхийж газарт хэвтэж байсан хулсан таягийг аваад ум хумгүй зайлан одохыг тэсгэлгүй хүсэх нь тэр. Хулсан таяг бол Синь Шад талийгаачийн гэр бүлийнхнээс зориулж хийлгэсэн үнэт зүйл. Оршуулган дээр уйлах үүрэг хүлээсэн хүнд тэдний зүгээс хань болгож өгдөг ганц зүйл нь. Тиймээс л түүнийг хайрлаад, өмчирхөөд авах гэсэн ч юм биш. Харин тэр нэг гэнэн залуугийн өөдөөс харчихсан өөрийнхөө нүдийг хаа нэг газар унагаад, тэр газраас нүдээ буцааж аваад тэндээс явах нь л чухал байсан учраас ийнхүү таягийг шүүрэхээр ухасхийсэн нь тэр. Гэтэл мөнөөх залуу таягийг хэдийнэ гартаа оруулж амжаад өмнүүр нь хөндөлсөн зогсож
-Би чамайг мэднэ шүү. Чи ч гэсэн тэдэн шиг… гэж утга учиргүй гэмээр ч юм шиг сонин зүйл хэлэхдээ бас л амжаад нүдээ ирмээд авлаа. Охин таягийг булааж авангуутаа эрсхэн гэгч нь эргээд алхчихсан юм. Тэгээд л тэр чигээрээ алхсаар гэртээ ирсэн. Залууг ортас мартсан. Гэтэл өөдгүй залуу гэнэтхэн яг л өвчний нян шиг судсан дотроос нь түүнтэй их тодоор мэндчилэх нь энэ. Дургүйцсэндээ зулхай хөнжлөө хүчлэн татаж нүүрээ битүүллээ. Муур ахиад л зовлонтойёо мяулах дуулдана. Тэр огцом өндийж муурны яг өөдөөс дүрлийн ширтээд “Май, ав, тэр муугаа. Тэгээд цадаарай за юу” гэж хорсолтойгоор хэлчихээд хөнжил рүүгээ эргэн шунгав.
Охин дахин энэ ертөнцөд сэрсэнгүй. Оршуулах ёслол тун даруухан болсон ч хөлсөөр гашууддаг бүх хүмүүс үнэ хөлсгүйгээр жинхэнэ нулимсаа унагацгаасан юм. Харин буцах замдаа тэд мөнөөх хуурамч цаасан мөнгөнүүдийг харамгүй цацлан бурхан болсон охины сүнсийг хооллож явлаа. Мөнгийг ирэх замдаа түүсэн аж.
Б. Занданхүү
2012 он. Хөххот
URL: