Өмгөөлөгч С.Нарангэрэл: Бид шүүх хуралд оролцохгүй

МАХН-ын дарга Н.Энх­баяр нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэхээр болсон. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг шүүх хурал болохгүй гэсэн мэ­дээлэл цацагдаад буй. Учир нь, өнөөдрийн шүүх хурлын товыг шүүгдэгчид болон өм­гөөлөгчдөд нь урьдчилан мэдэгдээгүй аж.

Тодруулбал, шүүх хур­лын зарыг долоо хоногийн өмнө зарлан мэдэгдэх ёстой гэж хуульдаа заасан байдаг. Гэтэл шүүгдэгч Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгчид Улсын дээд шүүхийн хурлын товыг албан ёсоор гардаж аваагүй, гурав хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэ­рэгслээс олж мэдсэн гэсэн тайлбар өгч байна.

Харин баттай эх сур­вал­жийн мэдээлснээр Н.Энх­­­баярт холбогдох хэр­гийг шүүх хурлын товыг долоо хоногийн өмнө өмгөөлөгчдөд нь гардуулж өгсөн аж.

Өнөөдөр товлогдсон шүүх хурлын талаар өм­гөөлөгч С.Нарангэрэлээс тод­­руулахад “Миний үйлч­лүүлэгч Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурлын товын зарыг бидэнд албан ёсоор мэдэгдээгүй. Энэ тухай хуульдаа тодорхой заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, шүүх хурал болохоос долоо хо­ногийн өмнө шүүгдэгчид болон өмгөөлөгчдөд нь урьд­чилж мэдэгдэнэ гэж заасан байдаг шүү дээ. Гэтэл энэ хуулийн заалтаа зөрчиж байгаа нь шүүх ямар бодлого агуулж байгаагийн илрэл. Би энэ бүхнийг эсэргүүцэж маргааш /өнөөдөр/ болох шүүх хурлыг хойшлуулах саналыг албан ёсоор Улсын дээд шүүхэд тавих гэж байна. Хэрэв миний саналыг хүлээж авахгүй бол шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ ч мэдэгдэнэ.

Нэгэнт зохио­мол хэрэг үүсгэж хэлмэг­дүүлчихсэн юм чинь өмгөөлөгч би­дэнд үйлч­лүүлэгчээ хам­гаа­лах бо­ломж олгох хэрэгтэй. Би­дэнд энэ хэрэг дээр ажил­лах цаг хугацаа маш хангалтгүй байна. Бидний бэлдсэн цагаатгах, нотлох ба­римтуудыг хоёр шатны шүүх авч хэлэлцэлгүй, өөрс­дийн бэлдсэн зүйлээрээ шууд ял оноосон.

Анхан шатны шүүх хурлын гол алдаа нь мэт­гэл­цээний шат байхгүй, анхан шатны хуралд байх ёсгүй гэж шүүгч, прокурор нь зүтгэж байсныг олон хүн харсан, сонссон. Үүнийг Нийс­лэлийн шүүхэд ч бат­лаад өгсөн. Тодруулбал, анхан шатны шүүх хурал дээр мэтгэлцээний процессыг орхигдуулсан байна гэж шүүгч, прокурор нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.

Гэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээ­сэн нь гайхалтай. Тэ­гэ­хээр Улсын дээд шүүх шударга шүүнэ гэсэн эцсийн найдвар үлдэж байтал дахиад л эргэлзээ төрүүллээ. Нөхөн сонгуультай давхцуулан ху­рал зарлаж байгаа нь ард түмний анхаарлыг шүүх хурлаас хөндий­рүүлэх гэсэн зорилго байж магадгүй хэмээн бид айж байна. Ямар ч байсан Н.Энхбаярт холбогдох шүүх хуралд орол­цохгүй, хурлын товыг эсэргүүцэж байна гэдгээ мэдэгдье” гэсэн юм.

АТГ, прокурор, анхан шатны шүүхийн шүүгчид хуйвал­даж, Н.Энхбаяр нарт зохио­мол хэрэг үүс­гэн, хүчээр ял тулгахдаа хууль ноцтойгоор зөрчсөн хэ­мээн түүний өмгөөлөгчид мэдэгдсэн.

Хэрэв Улсын дээд шүүх анхан болон давж заал­дах шатны шүүхийн шийд­вэрийг хэвээр баталбал Н.Энх­баярын намын нөхөд болон өмгөө­лөгч нар нь Олон улсын шүүхэд хандах болно гэдгээ ч мэдэгдээд байгаа юм.

Р.Саруул

ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих