Чингис хааны нутгаар…
Монгол бол Эрхүү муж болон ОХУ-тай хамгийн ойр хөрш юм. Магадгүй тийм ч болоод тэр үү, социалист засаглалын үед бараг хил хязгаар гэж юм бараг байхгүй байсан байх. Нэг ёсондоо оросуудын хувьд Монгол улс гадаад ертөнцөд тооцогддоггүй байсан байх. Тэр үед ЗХУ Монголын хөгжилд их мөнгө өгч, Монгол оюутнууд Эрхүү болон СССР-ийн бусад хотуудын их, дээд сургуулиудад олноороо сурч байлаа. Харин 1990-ээд оны эхнээс хоёр орны харилцан энэ “таталцал” алдагдахад хүрсэн юм. Өнөөдөр Оросын хувьд Монгол танигдахгүй гадаад ертөнц болжээ…
Ильичээс аваад Марко Поло хүртэл…
…Улаанбаатарт хөл тавингуут та нэл барилгажилт харах болно. Дорнод Сибирийн нийслэлд байдаг, 1950-аад оны үед баригдсан Хрушев хэлбэрийн байшингуудтай зэрэгцэн өндөр өндөр барилгууд сүндэрлэх нь өнөөгийн Монголын нийслэлийн дүр төрх болжээ. Энэ нь нэг талаар Төв Азийн энэ орны хөгжлийг илтгэх мэт. Нөгөө талаар ингэж их барилгажих нь Улаанбаатар хотыг утаанаас салгах экологитой холбоотой нэг арга гэж албаныхан нь хэлж байв.
Өвөл болохоор энд нил утаа гэнэ. Чанаргүй нүүрс, түлээнээс гардаг утаа хотыг бүхэлд нь бүрхэж, олонхүн амны хаалт зүүхэд хүрчээ. Учир нь энд мод, сайн чанарын нүүрс үнэтэй байдаг аж. Улаанбаатар хот өөрийн өвөрмөц сонин архитектуртой хот юм. Хөшөө дурсгалуудыг харж явах нь ээ энд архитектурын жижиг хэлбэрүүдийг илүүд үздэг бололтой.
Хамгийн гоё, хүндэтгэлтэй хөшөө нь хотын төв талбайд байрлах Сүхбаатар жанжны морьтой хөшөө аж. Тэндээс 300 метр яваад төв зочид буудлын өмнө Ильичийн / одоо байхгүй болсон В.И.Лениний хөшөө/ хөшөөг харж болно. Мөн энд Марко Пологын дурсгалын өмнө усан оргилуурын хамт саатаж болно. Гэхдээ Улаанбаатарт хамгийн гайхамшигтай зүйлүүдийг та Улсын төв музей болон Байгалийн түүхийн музейнүүдээс “амьдаар” нь харах боломжтой.
Тэр нь динозаврын аварга том ясан “баримал”-ууд юм. Өөр улс оронд ийм юм үзэхгүй. Бидний байх дөрөвдүгээр сард Монголд жуулчид тийм их биш байдаг үе бололтой. Гэхдээ Улаанбаатарт европ царайтнуудыг олноор харж болно. Тав, зургадугаар cap гараад ирэхээр энд гадныхан ёстой л бужигнадаг гэж хотын унаган оршин суугчид болон Улаанбаатарт удаан хугацаагаар амьдарч байгаа оросууд хэлж байлаа.
Тэд сарын дараа гэхэд Улаанбаатарт зочид буудлын өрөө захиалж авахад хэцүү болно гэж байв. Дэлхийн бараг өнцөг булан бүрээс ирдэг гэнэ. Гаднаас ирэгсдийг Япон, Өмнөд Солонгосынхон тэргүүлдэг байна. Кафе, ресторанд ч суудалгүй үлдэх энүүхэнд гэнэ. Тэгсэн хэр нь хотын төвөөр явахад алхам тутамд олон орны хоолны ресторан, кафе тааралдана.
Улаанбаатарт бид удаагүй болохоор тэдгээр газруудын хоолтой сайн танилцаж чадаагүйгээ өчих нь зүйтэй байх. Хэд хэдэн кафегаар орж үзсэнээ л ярих байх. Ямар ч байсан энд хоолны үнэ Эрхүүгээс хямдхан юм билээ. Гэхдээ өрхийн дундаж орлого оросуудынхаас бага гэсэн. Улаанбаатарт байхдаа бид тансаг зэрэглэлийн “Blue Sky & Tower” зочид буудлын нээлтийн гэрч болсон.
Тэнгэр баганадсан энэ зочид буудлын дээд давхаруудыг дээд зэрэглэлийн 200 өрөө эзлэх аж. Зочид буудал хятад, япон, солонгос, европ хоолны таван ресторантай, бассейн, саун, бялдаржуулах танхимтай, бас ч болоогүй ээ, бүжгийн хоёр ч танхим, хурлын гурван заалтай аж. Энд нэг өдөр тухлахад 285 бакс төлнө. Хоёр хүний ортой өрөөнд шүү…
Хэлний хүндрэл
Өмнө нь Монголд орос хэлийг дунд сургуулиудад зааж байсан гэдэг. Өнөөдөр бол энд ахмад үеийнхэн нь л орос хүнтэй харилцана уу гэхээс биш орос хэл бараг сонсохгүй.Тэгсэн хэр нь англи хэлийг даган баясагчдыг бас нэг их олж харахгүй. Жишээ нь, бидний орсон нэгэн кафен ажиллагсад дунд англиар харилцчихаар хүн олдоогүй юмдаг.
Энд Монгол хоолны цэсийг мэдэхгүй учир танд юу авчирч байгааг таахад бэрх. Осолтгүй мэдэхээр нь гуляш гээд биччихсэн цэсээр хоолоо захиалчихаад хүлээвэл том тавга дээр бүх хачирыг багтаасан хоол авчирч өгсөнд бүү гайхаарай. Тэнд нь чанасан будаа, шарсан юмуу даршилсан ногоо, төмсний чанамал, хоёр янзын салат зэрэг юм бүхний цуслуулга харагдсан.
Порц нь ямар их гээч. Дээр нь хэлний хүндрэлтэйг ч хэлэх үү, магадгүй та ховдог хүнд тооцогдох вий гэж эмээхээр байдалтай учирна. Хэрэв та салат тусдаа захиалья гэвэл бас нэг том тавга дээр ургамлын тосонд хутгасан чанасан өндөг, майонез, өргөст хэмх авчирна. Тэр нь нэг их үнэтэй биш, үсрээд л 150 рубль болно. Хоорондоо ялгагдахгүй тэр бүгдийг нэг дор иднэ гэдэг танд бүтэшгүй санагдах вий.
Гэхдээ л энд хөгжилтэй, тэнд ч скандинавынхан шар айраг ууж инээлдээд, энд ч хятад оюутнууд савхаараа мэндчилж, танхимын голд йогурт идсэн монгол жаал зогсон таныг баяр баясгалан угтана.
Жийп ихтэй хот
Монголын нийслэлд замаас гадна жолоо баригчдын зан авир их сонин санагдсан шүү. Улаанбаатар машин ихтэй нийслэл юм. Голдуу Япон, Өмнөд Солонгосын автомашинууд их. Европ тэрэгнүүд цөөндүү. Хааяа манай дөрвөлжин УАЗ харагдана. Ер нь бол Монголын автопарк Эрхүүгээс баялаг юм. Ялангуяа жийп машин энд их. Ер нь статистик тоо гаргавал Улаанбаатар жийпнийхээ тоогоор дэлхийн нийслэлүүдийн дунд толгой цохих байх.
Энэ нь сайн үзүүлэлт байлаа гэхэд Улаанбаатарт зам хөндлөн гарах үнэхээр хэцүү. Энэ хотод явган хүний гарц ямар ч үүрэггүй, бараг хэрэггүй гэж хэлж болохоор… Үндэсний хувцас дээлээ өмссөн эмээ, хүүхдээ тэвэрсэн, эсвэл хүүхдийн тэрэг түрсэн ээж гээд хэн ч бай энэ хотод хэн ч танд зам тавьж өгнө гэсэн юм байхгүй. Түүнээс гадна явган хүний гарцаар гарлаа гэхэд ямар ч баталгаа байхгүй.
Ногоон гэрэл асч байхад ч тэр шүү. Тэгсэн хэр нь хотын төлөвлөлтийг харвал тэгэж их сүлжээд байх хөндлөн замын сүлжээ байхгүй харагдсан. Чингисийн нутагт байхад миний сэтгэлийг гайхашруулсан нэг зүйл бол монголчуудын найрсаг зан байлаа. Хэзээд ч туслах бэлэн тэдний сэтгэлийн энэ хатыг магадгүй нүүдэлчин удмаас хайх хэрэгтэй байх.
Улаанбаатарт болсон “Ази руу гарах хаалга” үзэсгэлэнгийн үеэр над руу 50 орчим насны нэг Монгол эр дөхөж ирэнгээ өөрийгөө Эрхүүд сурч байсан хэмээн танилцуулж яриа өдлөө. Тэрээр Монголд Оросын телевизийн зургаан суваг гардагийг сонирхуулангаа орос хэлийг мартахгүйн тулд тэр бүгдийг үздэгээ хэлсэн. Гэвч тэрээр “Танай Оросын сувгууд дандаа гэмт хэрэг үзүүлдэг.
Энэ мэдээж их муу, залуус юу сурах билээ. Бид Оросын сувгуудыг үзэж хүүхдүүдээ орос хэл сургамаар байдаг. Адал явдал үзмээргүй байна ш дээ” хэмээн гомдоллосон. Жишээ нь, Хятадын сувгуудаар ийм юм бараг гарахгүй шүү дээ гэж байв. Түүнд би юу гэж хариулахаа мэдэхгүй байв. Нээрээ, яагаад? Гадны хүний нүдээр өөрийн орноо харахад бас бодох юм гарч ирж байна.
Хөрвүүлсэн Ц.Нямдорж
URL: