Гамшигт бид бэлэн үү Монголчуудаа? (Сэрэмжлүүлэг нийтлэл)

Зурагт 1957 оны Их Богд уулны газар хөдлөлтөөс үүссэн хагарлын сорвиийг үзүүлжээ. [1]

Байгалийн гамшигт үзэгдэл тэр тусмаа газар хөдлөлт Монголыг тойрч гарахгүй, дайран өнгөрөх боломжтойг манай улсын геологи, тектоникийн түүх харуулдаг. Өнөөдөр Монгол орон даяр Япон дахь аймшигт газар хөдлөлт, цунамигийн тухай мэдээлэл тархаж байгаа боловч Монголд энэ аюулт үзэгдэл гарч болох уу гэдэг талаас нь бодож сэргийлэхгүй байгаа нь гайхалтай.

Монгол улс нь газар хөдлөлийн идэвхитэй бүсэд оршдог. 1905 оны 7 сарын 23-нд Булнайн нуруунд 8.4, 1957 оны 12 сарын 4-нд Говь-Алтайд 8.1 магнитудын газар хөдлөлтөнд 30-аад хүн осолдсон, 250 км урт үргэлжилсэн газрын хагарал бий болсон гээд тоочоод байвал Монгол оронд Японд болсонтой дүйцэхээр хүчтэй газар хөдлөлт болдог гэдгийг нотлохоор баримт цөөнгүй ажээ.

Азаар Монгол нутагт тэр үед хүн ам сийрэг суудаг байсан болон зах хязгаар нутгуудаар болсноос хохирол бага гарчээ.

Сүүлийн үед япон чанар, япончуудын тэсвэртэй, тэвчээртэй, зохион байгуулалт сайтайг нээсэн тухайгаа манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр илэрхийлэх боллоо. Энэ нь бидний хувьд одоо л олж мэдэж байгаа “нээлт” болохоос дэлхий нийтэд энэ нь аль хэзээний мэддэг зүйл бөгөөд япончуудыг ийм өндөр зохион байгуулалт, тэсвэртэй, чанартай зүйл хийдэг нь хүн гайхаад байх зүйлс биш болсоор удаж буйг бидний ихэнхи маань мэдэхгүй шахам явж ирсэн нь харамсалтай, бас эмгэнэлтэй!

Ер нь газар хөдлөлийн хохирлын хэмжээ газар хөдлөлийн хүчнээс илүүгээр тухайн улс орны засгийн бодлого, зохион байгуулалт, ард түмнээс хамаардаг болохыг 2010 оны Хайти-д болсон 7.0 магнитудын газар хөдлөлтөнд янз бүрийн эх сурвалжаас үзэхэд 220,000-316,000 мянган хүн үхсэн. 1988 оны 12 сарын 07 –нд Армянд болсон 6.8 магнитудын газар хөдлөлтөнд 25,000 хүн [2] амь үрэгджээ гэсэн мэдээллүүд илтгэнэ. Гэтэл Япон улс энэнээс хамаагүй хүчтэй газар хөдлөлт, цунамид давхар нэрвэгдээд байгаа мөртлөө ямархуу хохирол үзэж яаж даван туулж байгааг бид харж байна.

Тэгвэл хэрэв Монгол улсын нийслэл Улаанбаатар хот харьцангуйгаар сулхан газар хөдлөлтөнд өртлөө гэвэл юу болохыг төсөөлөе. Хот хөдөөгийн ялгаа, дэд бүтцийн сул хөгжлөөс шалтгаалж тус улсын ихэнхи хүн ам нийслэл хотдоо амьдардаг болж байгаа тул Улаанбаатар дахь газар хөдлөлтөнд Монгол сүйрлийн цохилтонд орно.

Монгол улс бүрэн сүйрч, улс орон маань цаашдаа бүрэн бие дааж оршин тогтнох чадваргүй болсон тул тус орныг хойд өмнөд бүсэд хуваан хөрш хоёр гүрнээр асран хамгаалуулах Нэгдсэн Үндэсний Байгууллагын аюулгүйн зөвлөлийн тогтоол гарах магадлалтай. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Орос, Хятад хоёр их гүрний шаардлага хүсэлтийг бусад гишүүн орнууд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Яагаад гэвэл харьцангуйгаар тус орны хүн амын боловсролтой хэсгийн ихэнхи нь газар хөдлөлтөнд тэсвэрлэх байтугай стандартын наад захын шаардлагыг хангахгүй орон сууцанд оршин суудаг байснаас газар хөдлөлтөөр бараг бүгдээрээ үхэж үрэгдэнэ. Гэр хороолол, амины орон сууц бүхий баячууд үлдсэнээс тэртээ тэргүй байсан баян хоосон давхаргын ялгаа маш хурцаар ялгаран гарч эмх замбараагүй явдал, аллага таллага дээд цэгтээ хүрнэ. Учир нь харьцангуйгаар дээд доод давхаргыг жийргэлэх бүс болж байсан нийгмийн боловсролтой хэсэг болсон дундаж давхарга нь сүүлийн үед баригдах болсон хулхи орон сууц, дээр үеийн хуучирч элэгдсэн газар хөдлөлтийг сайн тооцоолоогүй барилгуудтайгаа булшлагдана. Ингээд эмх замбараагүй байдал дээд цэгтээ хүрсэн, дээр нь улс орны оюуны болон материалаг баялаг нь Улаанбаатар хотдоо хэт төвлөрсөн байснаас бүрэн сүйдсэн Монгол улс нь босож чадахгүй нь илт тул дэлхийн улс гүрнүүд Монголыг сэргээн босгох найдваргүй гэж үзэж хойд өмнөд хоёр хөршийнх нь хүсэлтээр үнэндээ тэдний шаардлагыг эсэргүүцэн давж Монголд орж ирэх улс орон олдохгүй. Иймээс тэдний ивээлд Монгол орныг орхих биз ээ.

Тэгвэл энэ аюулаас сэргийлэх гэж бид юу хийх ёстой вэ?

Гамшигийн үер ажиллах аюулгүй ажиллагааны төлөвлөгөө нөгөө сүржигнээд байдаг хар хайрцагных нь бодлогод нь байдаг уу? Бас албан газруудад маань тийм төлөвлөгөө байдаг уу?

Иргэний хамгаалалтын сургуулилт, зааварчилгаа, анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг иргэддээ Монгол улс заадаг уу?

Өндөр байшингуудад аюулын үер гарах гарц, зааварчилгаа, ослын үед ажиллах баг болгохоор тусгайлан хүмүүсээ бэлдсэн байдаг уу?

Сургуулийн сургалтанд сурагчдад аюултай үед яах ёстойг сургадаг уу?

Миний мэдэхээр 2001 оны 9 сарын 11 нд болсон террорист халдлагаас ямар сургамж авч тэр үеийн манай засгийн газар юу хийсэн гэхээр сонор сэрэмжээ дээшлүүлэх талаар зааварчилгаа яриаг шат бүрийн дарга нараар дамжуулж, хэлүүлж үүрэг өгч яриулсан нь чавганцын явган ярианаас илүү ач холбогдолгүй байлаа. Тэрний оронд дээр дурдсан аюулгүй ажилгааны зааварчилгаа, төлөвлөгөө, зураглал энэ тэрийг засаг, төрийн дээд шатнаасаа авахуулаад доод шатандаа хүртэл хэн ч хийгээгүй юм.

Би өөрийнхөө амьдралынхаа туршлагаас, сүүлийн үед манайхны жишээ авах дуртай болсон барууныхнаас, Японоос дахиад л жишээ авъя:

Америкаар бол даунтаун, Австралиар бол сити буюу хотын төвийн тэнгэр цоройсон өндөр барилгад дэлхийн хэмжээнд глобаличлагдсан компанид ажиллаж байхад барилгын маань давхар болгоны цахилгаан шатны хажууд аюул тохиолдсон үед хаагуур яаж явах, хэн хэн энэ давхарыг тэр үед хариуцан, ямар үүрэгтэйгээр ажиллахыг нэр устай нь, зураг хөрөгтэй нь тавьж, бүх зааварчилгаа, явах маршрутыг цахилгаан шатаа хүлээж зогсож байхдаа харж байхаар тавьсан байдаг. Үе үе дохиоллын системээ шалгадаг, хааяаа сургуулилт хийн худал түгшүүр өгч бүх хүмүүс байшингаа орхин гарч, ослын үед ажиллахаар бидний дундаас бүрдсэн багын гишүүд маань хамгаалтын цагаан дуулга, шар хантаазаа өмсөн хүмүүсээ зохион байгуулж барилгаас гаргадаг байлаа. Эдгээр аюулгүйн ажиллагааны үер ажиллах хүмүүсээ үе үе ажлаас чөлөөлж зохих сургалтанд хамруулдаг байсан.

Иймээс засаг төр минь бусдад тохиолдсон зовлонг хий дэмий шогшорч суухын оронд тэднээс суралцан гамшигийн үед ажиллах төлөвлөгөөгөө улс орны хэмжээнд төдийгүй, байгууллага бүрийн түвшинд бий болгох, зохих хууль тогтоомжоо батлах, хүн ардаа сургах хэрэгтэй бус уу?

Дараагийн асуудал бол барилгын стандартаа хатуу мөрдөх, газар хөдлөлтөнд тэсвэртэй барилга бариулж байвал зүгээр мэт. Түүнчлэн сургуулийн сургалтанд хүртэл иргэний хамгаалалтын хичээлээ цөөн цагаар ч болов сэргээвэл ямар вэ?

Эцэст нь хэлэхэд аюул тохиолдсон үед сандарч үймэх нь бүр их хохирол авчирдаг. Бэлтгэлгүй байснаараа учирах хохирлын хэмжээг ихэсгэдэг.

Өнөөдөр шагшуулж байгаа Япон чанар нь үндэсний онцлогоос гадна тэдний бага наснаасаа тийм сургалт, зөвлөлгөө сонсож байсантай нь, бэлтгэлтэй нь холбоотой юм шүү дээ.

Ё.Гантулга

Австрали

2011 оны 03 сарын 20

Ашигласан эх үүсвэрүүд:

  1. http://www.doncroner.net/2010/01/mongolia-3rd-of-nine-nines-gurvan.html
  2. http://earthquake.usgs.gov/earthquakes/

URL:

Сэтгэгдэл бичих