Монгол хүүхэд яагаад эх хэлнийхээ хичээлд дургүй болов?
Эх хэлний боловсролын асуудал, монгол хэлний үнэ цэн буурлаа гэхээр л ихэнх хүмүүс гудамж талбайн нэр хаяг, үг үсгийн алдаа төдийхнөөр ойлгодог. Гэвч энэ нь нийгмийн байдал болоод бусад олон хүчин зүйлээс хамаарах бөгөөд ерөөс төр засгийн бодлого байдаггүйтэй холбоотой хэрэг юм. Бидний хувьд дунд сургуульд монгол хэл, бичгийн хичээлдээ онц сурдаг, уралдаан олимпиадад амжилттай оролцдог, монгол хэлний багш болох мөрөөдөлтэй байсан учраас их сургуульд энэ чиглэлээр элсэн орж байлаа. Их сургуулиа төгсөж, эх хэлний эрдмийн үрийг түгээсэн сайн багш болоод сайхан амьдралыг өөрийнхөө гараар бүтээнэ гэсэн гэгээн мөрөөдөл өнөөгийн нийгмийн байдалтай дэндүү хол зөрүүтэй байсан юм. Үр хойчис нь төрөлх хэлний хичээлээсээ уйдаж залхсан, мэдэж сонирхож байгаа нэгэн нь хүсэл сонирхлын дагуу ажиллах боломж нь хязгаарлагдмал, ихэнх хүмүүс монгол хэл гэхээсээ илүү гадаад хэл рүү тэмүүлсэн ийм л байр байдал угтсан нь бидэнд хүндээр туссан юм. Зүйрлүүлж бодоход, агуулга, стандарт, сурах бичгийг хоол хийх материал гэж үзвэл орц найрлагыг ихдүүлж багадуулдаг төр хэмээх ТЕХНОЛОГИЧТОЙ; өнөөх зохисгүй материалаар нь гашуун, шорвог, нялуун ч хамаагүй хийж л орхидог алба хүлээсэн багш хэмээх ТОГООЧТОЙ; тэр эцсийн бүтээгдэхүүнийг идэхээс өөр аргагүйдээ нүд анин хүртэж гэдэс ходоодоо өвтгөж байгаа ХҮҮХЭД; хүүхдийнхээ юу идэж ууж байгаад анхаарал хандуулж, хяналт тавьдаггүй ЭЦЭГ ЭХЧҮҮДТЭЙ; огт ойлгомжгүй болсон ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ-ын тухай асуудал юм. Тиймээс бид энэ бүгд юунаас болов, бодит байдал дээр эх хэлний боловсрол ямар байдалтай байгааг мэдэхийг хүсэж энэхүү эрэлхийллийг хийлээ.
Энэхүү эрэлхийллээрээ бид зөвхөн үнэн бодит байдлыг дэлгэн харуулахыг зорьсон бөгөөд ямар ч нэмэр хачир оруулаагүй, хэн нэгний ажлыг шүүмжлээгүй зөвхөн үнэнийг олж энэ байдлаас гарах арга замыг хайсан билээ. Иймээс нийт багш сурагчид болоод иргэн бүр энэ асуудалд идэвх санаачлагатай, чин сэтгэлээсээ хандаж бидэнтэй санал бодлоо солилцож, хамтран ажиллахыг урьж байна.
“Монгол Хэл, Соёлын Хүрээлэн” Холбо барих утас: 11329962, 99060901
URL: