Ж.Амарсанаа сайд аа, ДОХ-ын 120 тохиолдол аюулын харанга биш гэж үү?

Монголчуудыг уужуу дотортой хүмүүс гэдэг. Үнэхээр уужуу дотортой хүмүүс дээ. Наад зах нь  хүнсний аюулгүй байдал алдагдаж хэн дуртай нь хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн авчираад зарж байхад авч л байдаг.

Бүр худалдаанд гаргахгүй байхыг анхааруулаад байхад л захын дэлгүүрийн лангуун дээр хамгийн боруулалт сайтай гүйлгээтэй барааны тоонд ороод л байж байдаг.

Хүнсний томоохон сүлжээ дэлгүүрт зарагддаг бүхэн “Сайн” гэдэг нийтлэг ойлголттой. Бас 1-10 төгрөг бүр 20 төгрөгний хариултыг нь өгөхгүй луйвардаж байхад гараад л явчихдаг “Уужуу” хүмүүс.

Хүнсний аюулгүй байдал нь эрүүл мэндийн аюулгүй байдал алдагдаж байна гэсэн үг. Харин нэг төгрөгийн хариулт авахгүй байгаа нь эдийн засгийн луйврыг өөгшүүлж байна гэсэн үг.

Улаанбаатарын агаар, агаар биш угаар болчихоод  байхад шигдээд л, шилжилт хөдөлгөөн нийслэлдээ төвлөрөөд л байдаг.  Энд тэндгүй эрүүл саруул бус, ил зүрхтэй, сэтэрхий уруултай гэхчилэн эрэмдэг зэрэмдэг хүүхдүүд төрөөд байхад “Агаар угаар”-таа бурууг нь тохоод л өнгөрдөг болж. Нэг үгээр хэлбэл дээрх асуудлууд ердийн үзэгдэл боллоо. Аливаа зүйлд дөжирнө гэдэг нь мөхөл рүүгээ алхам алхамаар ойртож байна гэсэн үг.

Гэвч эдгээр аюулаас гадна дэлхий нийтэд SOS бас дахин SOS зарламаар хөндүүр сэдэв байна. SOS гэдэг нь аюул учирсныг мэдэгдэж тусламж хүсч буй дохио юм. Үүгээр юуг илэрхийлэх гээд байна вэ гэвэл Монголчууд бидэнд аюул учирсныг дэлхий нийтэд зарлаж, тусламж хүсэх хэмжээнд аль хэдий хүрчээ гэдгийг хэлэх гээд байгаа юм.

Энэ нь ДОХ/ХДХВ-ийн асуудал. 1992 онд Камеруны 2 иргэнээс угшилтай эл “Аймшиг” зөвхөн нийслэлд л байдаг юм шиг төсөөлөгдөж байв. Гэвч аль хэдий хөдөө орон нутаг тийш хөл жийж газар авсан гэдэг нь батлагдсан.

Гэвч холбогдох байгууллагууд нь ДОХ/ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчилах, тандах, илрүүлэх, тархалтыг бууруулах талаар ямар нэгэн арга хэмжээ авч ЧАДАХГҮЙ байна. Нэг үгээр хэлбэл аль хэдий хяналтаа алдаж ДОХ/ХДХВ-ийн эзэгнэлд бүрэн орчихож гэж болохоор байна.

Хэдийгээр Төрийн ба Төрийн бус байгууллагууд төсөл хэрэгжүүлж, сургалт, семинар зохиож байгаа ч гарын авлага, сурталчилгааны цаасан хэвлэлээс цааш хэтрэхгүй байгаа юм. Эдгээр тараах материал нь эрүүл мэндийн байгууллагууд болон эмийн сангийн үүдний тавиур дээрээс цааш хэтэрч хүрэх ёстой газраа хүрдэггүй.

Тодруулан хэлбэл, манай эрүүл мэндийн байгууллагууд ДОХ/ХДХВ-ийн халдвар илэрвэл бүртгэчихээд сууж байдаг газар болон хувирлаа. Өнгөрсөн хугацаанд илэрсэн ихэнх тохиолдол нь сайн дураар буюу эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар эмнэлэгт хандаж шинжилгээ өгсөн иргэдээс илэрсэн байдаг.

Хэдийгээр хүний эрхэнд халдаж хүчээр шинжилгээ хийж болохгүй ч улс орон даяар ДОХ-ын шинжилгээний үнэ төлбөргүй аян зохион байгуулах, эрт оношлогооны ач холбогдолын талаар ухуулан таниулах ажиллагааг хөдөөгийн малчны хотоос эхлээд хийж болох боломж бий.

Үүнээс гадна дунд сургуулийн сурагчдад ДОХ/ХДХВ-ийн талаар таниулах тусгай хичээлийг хөтөлбөрт тусгах гээд эмчилгээгүй өвчинтэй тэмцэх зам жим олон байгаа ч хязгаарлагдмал хүрээнд, цөөхөн хүнд хүргэсэн сургалт семинар, эрүүл мэндийн байгууллагуудын  шат дамжлагаараа дамжуулдаг боловч энэ нь гол цөм болж чаддаггүй.

Саяхан ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа ярилцлага өгчээ. Уг ярилцлагад “-Сүүлийн үед ЭМ-ийн салбарт ДОХ-ын асуудал хурцаар хөндөгдөж байна. Энэ талаар яам ямар бодлого баримтлаж байна вэ?” гэсэн асуултад арай л “гомдмоор” хариулт өгчээ.

Тэрбээр “Манайд ДОХ-ын 120 тохиолдол илрээд байна. Энэ бол тийм ч их өндөрт орох тоо биш. Гэхдээ 120 тохиолдлын цаана 600-700 тохиолдол байна гэж үздэг. Тиймээс 600-700 байна гэж үзээд сэргийлэх арга хэмжээг авч байх ёстой. Одоогийн байдлаар 120 хүнээс 17 хүн нас бараад байна. Үүнийг элэгний вирустай харьцуулахад өчүүхэн тоо. Элэгний В, С  вирусаас болж манайд жилдээ 2500 хүн нас барж байна. Гэтэл ДОХ-оос болоод сүүлийн арван жилд 15 хүн нас барсан. Иймд харьцангуй хандах ёстой байх аа” хэмээн хариулжээ.

Ийм хариуцлагагүй мэдэгдэл хийдэг ЭМ-ийн сайд байж болох уу. ДОХ/ХДХВ-ийн вирусыг Элэгний В, С  вирус болон манай хойт урд хөршийн ДОХ/ХДХВ-ийн вирусын халдвар авсан хүмүүсийн тоо зэрэгтэй харьцуулж болох талтай. Гэхдээ 2 сая 800-хан мянган Монголчууд бидэнд 120 тохиолдол, тэдгээрийн ар талд байгаа 600-700 тохиолдол аюулын харанга биш гэж үү, Ж.Амарсанаа сайд аа.

Саяхан болтол бид гэрлэлтийн баталгаа авах, албан байгууллагад ажилд орохдоо эрүүл мэндийн анкет бөглөж ДОХ-ын шинжилгээ өгдөг байлаа. Гэтэл энэ нь хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа учраас хүчингүй болгосон. Тэгэхээр хэн нэгэн нь Та нар дээр гүйж ирээд шинжилгээ өгч, аяндаа илэрдэг тогтолцоо ч байхгүй болж байга гэсэн үг.

Цаашид бид ДОХ-ын тохиолдлыг тоолсоор суух уу, аль эсвэл хүний эрхийн асуудал учраас яаж ч чадахгүй байна хэмээн түмэн тайлбар хийж хөшигний ард суусаар байх уу гэдэг асуудал ургаж байна. Хоёрхон хоногийн дараа буюу 12 дугаар сарын 1-нд ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр болно. Харин эл өдөр манай эрх мэдэлтнүүд тоо баримт, судалгаа, хийсэн ажил гэж баахан бичиг цаас бариад тайлан тавих байх даа. Харин хэлж буй үг, хийсэн ажил нь алд дэлэмийн зөрүү гардаг манай эрүүл мэндийн салбарын бодит үр дүн нийгэмд, нийтэд ил байсаар байгаа.

Дээр дурьдсанчлан Монголчууд биднийг уужуу дотортой гэдэг. Гэхдээ уужуу, уужуу гэхэд арай ч ийм зүйл дээр алдарт уужуу дотроо гаргаж болмооргүй байна.

Үүнээс өмнө сэтгүүлч бивээр ЭМ-ийн сайд асан С.Ламбаад хандан “С.Ламбаа сайд аа ДОХ ханиад биш, хараад л, тоолоод л байх уу” нийтлэлийг бичиж байлаа. ЭМ-ийн үе үеийн сайдуудад хандаж эл асуудлын талаар ямар арга хэмжээ тууштай авахыг нь харж, хүлээе, уншигчидтайгаа хамт.

ЭМ-ийн сайда асан С.Ламбаад хандсан “С.Ламбаа сайд аа ДОХ ханиад биш, хараад л, тоолоод л байх уу” нийтлэлийг бүрэн эхээр нь хүргье.

ДОХ өвчин буюу ХХI зууны “Дархлагдсан тахал”-д хүн төрөлхтөн ялагдаж байна. 15 жилийн өмнө ДОХ-ын вирусын эсрэг эм гарсныг Канадын Ванкувер хотод болсон бага хурлын үеэр зарлаж байсан билээ. Гэсэн ч энэ эмний үр дүн тийм ч сайн байгаагүй юм. Түүнээс хойш ДОХ-ын вирусын эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэлүүдийн олноороо гарсан ч мөн л аюулт өвчнийг ялан дийлж чадахгүй байсаар байгаа нь дор дурьдагдах тоо баримтуудаас илэрхий харагдана. Энэ тахлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой ч өвчлөгсдийн тоо буурахгүй байгаа нь эрдэмтдийн “Толгойн өвчин” болоод байгаа.

Тоо баримт дурьдахад зургаан секунд тутамд нэг хүн ДОХ-ын халдвар авч байдаг аж. Тэгэхээр 60 секунд тутамд 10 хүн, 600 секунд тутамд 100 хүн ДОХ-ын халдвар авч байдаг гэсэн үг. Хамгийн энгийнээр хэлэх юм бол таныг 1-ээс 600 хүртэл тоолох хугацаанд 100 хүн үхлийн өвчний халдвар авч байдаг юм.

Харин өдөрт 7.4 мянга орчим хүн халдвар авч “өвчин тээгч” болдог бол тэдний 1000 орчим нь хүүхэд байдаг. Түүнчлэн нэг цаг тутамд ДОХ-ын улмаас 200 хүн нас барж байдаг гэвэл та итгэх үү. Зөвхөн ДОХ-ын улмаас шүү дээ. Гэхдээ дээр дурьдсан тоо баримт бол дэлхийн дахиныг хамарсан тоо.

Тэгвэл манай улсад ДОХ ямар түвшинд байна вэ гэвэл шууд “SOS” зарлах хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Гэсэн ч ДОХ-той тэмцэгч “Үндэсний баатар” тодроогүй л байна. Салбарын яам, холбогдох албаны хүмүүс “Илэрлээ” хэмээн зарлана уу гэхээс “Тэдэн хүнийг урьдчилан сэргийлэх сургалтанд хамрууллаа” гэж хэлдэггүй. Мэдээж сургалтанд хамруулж байж л энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар хэлж ярина уу гэхээс эрсдлээс сэргийлэх өөр боломж өнөөгийн монголд байхгүй. Манайхны авч чадаж байгаа арга хэмжээ нь сайн дураараа шинжилгээ өгч байгаа иргэд болон шинжилгээ өгөх аргагүй байдалд орсон өвчтөнөөс илэрсэн халдвар тээгчдийг л илрүүлж байгаа. Хэдийгээр тандалт судалгаа хийж байна хэмээн ярьдаг боловч эцсийн үр дүнг нь зарладаггүй.

Тиймээс Монголд хичнээн хүн ДОХ-ын халдвар тээгч байгааг нарийвчлан тогтоох боломжгүй. Таамаг мэдээгээр ойролцоогоор 500 гаруй хүн байдаг гэдэг. Гэхдээ ДОХ-ын халдвар тээгчид энэ босгыг аль хэдий давж 2-3 мянгад хүрсэн гэх яриа ч бий. Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Тиймээс билэгдлээ бодоод бага тоог нь сонгоё. Хэрэв Монголд ДОХ-ын халдвартай 500 хүн байдаг бол “сайхан” л байна. Бодит байдлаас бага тоо гарч байгаа учраас “баяртай” байгаа хэрэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ тэднээс дөнгөж 97-г нь илрүүлээд байгаа юм. Илрүүлж байгаа “арга” нь дээр дурьдсанчлан шинжилгээ өгөхөөс аргагүй байдалд орсон хүмүүсийнх нь л илэрсэн байдаг. Жирэмсэн болон өөр бусад өвчний улмаас шинжилгээ өгч байгаа хүмүүс.

Яг өнөөдрийн байдлаар Монголд ДОХ-ын халдвартай 98 хүн албан ёсоор бүртгэгдээд байгаа. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард нэг хүн нэмэгдсэн байдаг. Өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсан үйлчлүүлэгчээс ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол илэрч, онош нь батлагджээ. Энэ удаа мөн л эрэгтэй хүн бүртгэгдсэн байна. Нэрийг нь хэлэх боломжгүй 36-40 насны эрэгтэйн биеийн байдал нь хэвийн, вирус тээгч шатандаа байгаа хэмээн эх сурвалж хэлсэн.

Халдвар авсан 98 хүний 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй хүн байдаг. ДОХ-ын халдвартай эрчүүдийн 90 % ижил хүйстнүүд байгаа бол ДОХ-ын халдвар тээгчид 100 хувь бэлгийн замаар халдвар авсан байдаг байна.

Халдвар тээгч эмэгтэйчүүдийн 55 хувь нь биеэ үнэлэгч ба олон хавьтагчтай хүмүүс байдаг. Наслалтын хувьд 20-45 насныхан 90 хувийг эзэлж байдаг бөгөөд 1992 оноос хойш ДОХ-ын улмаас 13 хүн нас барсан гэхчилэнгээр ДОХ-той холбоотой тоо баримтууд хөвөрнө.

Хүрээ гангачуулаас эхлээд хөдөөний малчин бүсгүй хүртэл хүрээгээ тэлсэн энэ өвчин өнөөдөр Монгол улсад ханиад шиг л дэлгэрч хүчээ авч байна гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр С.Ламбаа сайдад хандаж хэдэн үг хэлмээр байна.

ДОХ хамрын ханиад биш. Хараад л тоолоод л суугаад байх уу. Энэ талаар дорвитой дуугарч, эрчтэй хөдлөх цаг аль хэдий болжээ. Хэдийгээр иргэд дор бүрнээ ухамсарлаж өөрөө өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалж байх ёстой ч эрүүлийг хамгаалах байгууллагын тусламж дэмжлэг аль аль талаараа зайлшгүй хэрэгтэй байна. Бас хурал цуглаан гэж хий дэмий хөрөнгө үрж байхаар 2 сая 700-хан мянган хүнээ толгой дараалан шинжилгээнд хамруулж өнөө тоолоод, тогтоогоод байгаа 500 хүнээ сугалаад авбал нийгэмд, нийтэд ч тустай хэрэг болж таны энэ салбарыг толгойлсны хэрэг гарах бус уу. Ялангуяа сонгууль хаяанд ирчихсэн хаалга тогшиж байгаа энэ үед элдэв бусын мөнгө ярьж суухаар энэ ажлыг хэрэгжүүлбэл таны рейтинг суга өсч суудлаа алдахгүй гэдгийг хэлүүлэх юун.

Ж.Наран

Эх сурвалж: MAss.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих