О.Магнай: Бид ”НИК” компанид дөрвөн тэрбум 965 сая төгрөгийн торгууль ноогдуулсан

ШӨХТГ-ын дарга О.Магнай иргэдийн амьдралд тустай хэд хэдэн шийдвэр гаргаснаа сэтгүүлчдэд танилцуулсан юм. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.

-ШӨХТГ-аас “НИК” компанийг бензиний үнийг хиймлээр хөөрөгдсөн гэх шалтгаанаар дөрвөн тэрбум 965 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа. Бензиний үнийг хиймлээр хөөрөгдсөн гэдгийг хэрхэн баталж байгаа юм бэ?

-”НИК” компанийн захирал Халиунбат хэвлэл мэдээллийн хэрэгслээр бензиний үнийг 250 төгрөгөөр нэмнэ гэж ярьсан нь иргэдийг сандаргахад хүргэсэн. Зах зээлийн тооцоо судалгаагүйгээр амандаа орсноо хэлж, иргэдийн сэтгэл зүйгээр тоглож болохгүй. Уг компанийн өмнө төрийн бодлогыг баримталж үйл ажиллагаагаа явуулах уу эсвэл төртэй тэмцэлдэж хэн нь хүчтэйгээ үзэх үү гэсэн хоёр сонголт байна.
Газрын тосны салбар бол хариуцлагатай салбар. Эндээс гаргасан шийдвэр баян, ядуу, дарга, цэрэг хамаагүй бүх хүнд хамаатай. Ийм хариуцлагатай салбарт удирдах албан тушаал эрхэлж буй Халиунбат бензиний үнэ нэмнэ гэж хариуцлагагүй мэдэгдэл хийж, иргэдийг цочролд оруулсанд харамсч байна. Тиймээс энэ хүнтэй хариуцлага тооцох нь зүйн хэрэг.
Засгийн газрын хуралдаанаар ч надад хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Манай байгууллагаас шалгалт, судалгаа явуулсны дүнд үнийн хөөрөгдөл бий болгосон тухайн үед ердийн хэрэглээний 22 хоногийн газрын тосны нөөцтэй байсныг тогтоосон. Тодруулбал, АИ 80 бензиний 35, АИ 92 бензиний 25, дизель түлшний дөрөв хоногийн нөөцтэй байсан.
Тээвэрлэлтээр ирж байсан газрын тосны нөөцийг нэмбэл АИ 80, АИ 92 төрлийн бензиний 44 өдрийн нөөц, дизель түлшний 12 хоногийн нөөцтэй байжээ. Улсын хэмжээнд нөөц хангалттай байсныг манай мэргэжилтнүүд гаргасан. Үүнтэй холбогдуулан өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1, 27.1.2-т заасныг үндэслэн “НИК” компанид дөрвөн тэрбум 965 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан.
Түүнчлэн эрүүгийн хуульд 85.1 дүгээр зүйл заалтыг нэмж байгаа. Үүнд, нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал алдагдуулахад хүргэх худал мэдээлэл тараах гэсэн зүйл анги нэмж байна. Эрдэс баялаг, банк санхүү, харилцаа холбооны салбарын талаар худал мэдээлэл тараасан бол 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулна гэсэн заалт оруулж байгаа.

-Өмнө шатахуун импортлогч нэр бүхий компаниудад 17 тэрбумын торгууль ногдуулсан ч энэ асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. Үүнтэй адилхан “НИК”-д оногдуулсан торгуулийн асуудал замхарчих юм биш биз дээ?

-ШӨХТГ-ын хуучин удирдлагууд 17 тэрбумтай холбоотой асуудлыг тэглэсэн байсан. Үүнтэй холбоотойгоор тэднийг АТГ-т хэрэг үүсгэн шалгаж байна. Миний хувьд энэ асуудлыг сэргээж, мөнгийг нь төр авах нь зүйтэй гэсэн бодолтой байгаа.

-Ирэх хоёрдугаар сараас эхлэн “Ди ди эйч” телевизээр дамжуулан иргэд арван суваг үнэгүй үзэх боломжтой боллоо. Энэ компани яагаад гэнэт иргэдэд 10 суваг үнэгүй үзүүлэхээр болчихов?

-Гэрээндээ иргэдэд үнэгүй үзүүлэхээр заасан. Бид энэ компанийг гэрээгээ биелүүлэхийг шаардсан. Өнгөрсөн хугацаанд техникийн боломжгүй учраас тоотой хэдэн суваг үнэгүй дамжуулж байсан. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн гэрээгээ биелүүлж ажиллана гэдгээ компанийн зүгээс мэдэгдсэн. Тиймээс ч бидэнтэй гэрээ байгуулахаар тус компанийн менежер Цог хүрэлцэн ирсэн байгаа. Арван сувагт нь ямар ямар телевиз багтахыг тухайн үед нь сонгон шалгаруулалт явуулж шийднэ.

-”Миний”, “Номин” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой гомдол санал байнга гардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-”Миний”, “Номин” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд үйлдвэрлэгчийн барааг зарсны төлөө үнийн дүнгээс нэг хувийн ашиг авдаг. Тэгсэн хэрнээ дээр нь өөрсдийн дураар үнэ нэмж зардаг хариуцлагагүй үйлдэл ажиглагдсан. Тиймээс ирэх сарын 1-нээс эхлэн ижил төрлийн бараа борлуулахыг хүсч буй аж ахуйн нэгжүүдэд адилхан хувь шимтгэл авдаг болно.
Өрсөлдөгч компаниудад тэгш боломжийг бий болгоно гэсэн үг. “Коко-Кола” компанийн бүтээгдэхүүнээс гурван хувийн шимтгэл аваад “Витафит” компаниас 10 хувийн шимтгэл авдаг шударга бус байдлыг арилгана. Мөн “Миний”, “Номин” дэлгүүрүүд үйлдвэрлэгчийн санал болгосон үнээр бараа, бүтээгдэхүүнийг зарахаар болсон.
Ирэх сарын 1-нээс эхлэн иргэд бүхий л төрлийн барааг үйлдвэрлэгчийн үнээр худалдан авах боломжтой болно. Түүнчлэн “Номин” супермаркет бөөний үнээ томоор жижиглэнгийн үнээ жижгээр бичдэг нь иргэдийг төөрөгдүүлдэг гэсэн гомдол олон ирсэн. “Номин” ирэх сараас зөрчлөө арилгахаа бидэнд мэдэгдсэн.

-”Нарантуул” зах уруу ороход хураадаг 50 төгрөгийн хураамжийг байхгүй болгоно гэсэн. Захын удирдлагуудтай зөвшилцсөн үү?

-Дэлгүүр, зах уруу ороход мөнгө өгнө гэдэг утгагүй асуудал. Их дэлгүүр рүү ороход тасалбар хурааж байхыг би хараагүй. Музей, үзвэрийн газар төлөх ёстой мөнгөө төлөөд орох нь зүйн хэрэг. Дэлгүүр, зах ороход мөнгө төлнө гэж байхгүй. Нарантуул, Хархорин захын удирдлагуудтай энэ асуудлын талаар ярилцаад ирэх сарын 1-нээс эхлээд иргэдийг үнэ төлбөргүй оруулахаар болсон.

-Иргэдийн амьдралд хэрэгтэй олон чухал асуудал шийджээ. Цаашид ямар асуудалд анхаарал хандуулахаар төлөвлөж байна вэ?

-Иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу судалгаа явуулж ажилладаг. Бидний хийсэн ажил дуусаагүй. ШӨХТГ-аас ам.долларын асуудлыг цэгцэлсэн байгаа. Нэг ам.долларыг 1200 төгрөгөөр, 100 ам.долларыг 1400 төгрөгөөр солих нь шударга бус шүү дээ. Ам.доллар бол ам.доллар.
Манай арилжааны банкууд гадаадын банкуудтай гүйлгээ хийхдээ нэг ам.доллар, 100 ам.доллар ялгаагүй адилхан үнээр гүйлгээ хийдэг. Ийм байхад иргэддээ өөр өөр үнэ санал болгодог байх ёсгүй. Тиймээс бүх арилжааны банкуудад шаардлага хүргүүлсэн. Ирэх сарын 1-нээс эхлэн ам.долларын ханшийг ялгаваргүй болгохоор зөвшилцсөн. Бид ямар ч тайлбар хүлээж авахгүй. Бүх арилжааний банк ийм л зарчмаар гүйлгээ хийнэ.

-Чингис, Соёмбо нэрийг хэрэглэхийн тулд төрөөс зөвшөөрөл авдаг болох нь. Өмнө ийм нэртэй байсан компани, бүтээгдэхүүнүүд нэрээ солино гэсэн үг үү?

-Бид Чингис, Соёмбо гэдэг нэрийг хэрхэн ашиглах талаар хуулийн төсөл боловсруулсан. Удахгүй УИХ-д өргөн барина. Энэ хуульд ямар үед Чингис, Соёмбо нэрийг ашиглах, ямар үед ашиглахгүй байхыг нь тодорхой заасан байгаа. Зайлшгүй шаардлагатай бичиг баримтад эдгээр нэрийг ашиглахыг зөвшөөрнө. Гэхдээ төрөөс зөвш өөрөл авч байж хэрэглэнэ. Архи, тамхи, болон ашгийн төлөөх бүтээгдэхүүнд Чингис, Соёмбо нэрийг ашиглахыг зөвшөөрөхгүй. Тиймээс өмнө нь ийм нэртэй байсан компани, бүтээгдэхүүнийхээ нэрийг солихоос өөр аргагүй.

Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Сэтгэгдэл бичих