О.Цэнд-Аюуш: Номнуудаа шатааж дулаацаж байлаа
…Ай, миний дуртай улирал мөн ч хатуухан байгаа биз, би ч их тэсвэр тэвчээр, хатгүй хүн дээ. Өлсөж, цангах, даарах бээрхийн зовлонг даах нуруугүй хэрнээ бүх зүйл дотоод чинад руугаа ичиж, нуугдсан өвлийн улиралд хачин их дуртай даа.
Ер нь бол дотроо жаахан тоодог бүтээлүүд минь цагаан цаснаар төрсөн байдаг юм гэж ярьсаар уулзсан залуу яруу найрагчийн сэтгэлийн гэрэлт урланд саатсанаа хүргэе. Түүнийг Төрийн соёрхолт Цогдоржийн Бавуудоржтой зүс андуурах нэгэн байдаг ч тэрбээр үүнд эмзэглэдэггүй, харин ч яруу найргийн тэнгэр доор их хүмүүнтэй мөр зэрэгцэн оюун санааны эрчим солилцон буйдаа талархдаг хэмээсэн. Нэгэн удаа би түүний
Лаанаас лаа дамжуулан асаах шиг
Лавсан орох цаснаас илч гэгээ авлаа
Лавтай би одоо бүтэн жил гэрэлтэнэ
гэх мөрийг уншаад нэг хэсэгтээ баярласнаа санадаг юм. Цасны гэгээнээс илч гэрлийг аваад бүтэн жил амьд явдаг хүн яруу найрагчаас өөр хэн байх билээ.
…Бавуу ах Төрийн соёрхолт аваад сайхан байна шүү, “Болор цом”-д ганц нэг шүлэг бэлдээд нухсаар, бодсоор явна, болно байгаа, хэмээн адгаж ажил биднийг их завгүй өөрөөс минь салгачих юм аа, уулын хярд ч юм уу, буйдхан хөдөөгөө их санадаг шүү хааяа гэсээр тухаллаа. Хөлөө ачиж, тамхи сорж, үсээ үе үе хойшоо илэх танил төрх О.Цэнд-Аюушийнх. Намуухан, үл мэдэг инээмсэглэсэн түүний энэ төрхийг 2008 оны Болор цомын тайзнаас уншигчид нь мэддэг болсноос хойш нэжгээд хугацаа өнгөрчээ.
“Би арав гаруй жил хонины захад явлаа. Хүн ер нь малын бэлчээрт л ертөнцийн мөнх хийгээд мөнх бусын талаар боддог юм билээ. Их гярхай болдог шүү. Уулын энгэрт ургасан цэцэг, үүлсийн хэлбэр, өвсний найгах толгойг хүртэл анзаарч эхэлдэг юм. Хожмоо байгалиас олж харсан тэр гоо сайхан уран бүтээлд шингэдэг, амь, амьсгал нь болдог юм байна гэж ойлгох болсон.
Тиймдээ ч Данзангийн Нямсүрэн Эрээнцавын алтан харганыг магтаж алдарт “Дөрвөн цаг”-аараа “Борооны нэгээхэн дусал дотор ороод нуугдчих юмсан”…гэж бодож чадсан байх хэмээн бодлогошров. Түүнд ч гэсэн ийм нэгэн дурсамж бий.
-Сэтгэл дүүргэдэг сайхан дурсамж бишгүй байдаг байх даа. Шүлгийн нэгэн сайхан мөр бодож олсны дараах ч юм уу…?
-Би их адгуу хүн дээ. Нэг их тэгж догдлоод байхгүй хэрнээ гэнэт гэнэт их огцом эргэлтүүд гаргана. Яг ингээд бодохоор хэнд ч хэлээгүй нэг их дурсамж хөврөөд болдоггүй ээ. Оюутан байлаа. Отгонтэнгэр их сургуулийн ардхан талд гэрт амьдардаг байлаа. Бас л их хүйтэн өвлөөр гэрээ тойруулаад хувцсаа угаагаад хатаамаршуу болчихсон зууханд гал ч үгүй гэрт хөлдөх шахав.
Хүн тэгээд ийм л үед амьд үлдэж, дулаацах гэсэн тэмцэлд ялагддаг юм билээ. Яаж би тогоотой цайгаа гал түлж буцалгах вэ, яаж дулаацах вэ гэсэн бодол л толгойд орж ирсэн. Тэгээд гэрээ тойруулаад харсан чинь надад хэдэн зузаан номноос өөр түлж гал гаргах өмч байсангүй. Тэгээд л шууд захаас нь ураад шатааж эхэлсэн.
“Монголын нууц товчоо”, Д.Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль”, “Монте кристо гүн”-гийн гурван боть, Ц.Дамдинсүрэн, Д.Урианхай, Д.Намдаг гээд өнөөх утга зохиолын аваргуудын номуудыг шатаачихсан. Хамаг номнуудаа ингэж л шатааж цайгаа буцалгаж гэрээ дулаацуулж байсан хүн дээ.
-Харамсаж байв уу?
-Үгүй. Ерөөсөө харамсаагүй. Энэ галын гэгээнд би нэгэн шүлгээ бичсэнээ хожмоо Болор цомын тайзан дээр уншиж байлаа. Номын галд дулаацсан гэрт хатаасан нөгөө хөлдүү хувцаснуудаас дуссан ус дэвтэр дээр унасан нь
Миний нулимсны ширхэг болгон
Чиний бороон дусалтай яасан ижил вэ эх ороон…
гэж шүлэг их алга ташилт авчирсан. Түүнээс хойш би өнөөх номнуудаа цуглуулсан, дахиж надад номоо шатааж галынх нь илчинд шүлэг бичих цаг ирэхгүй байх аа.
-Яруу найрагчдын талаарх зураглал гэхээр үеийн нөхдүүдээ тойруулчихаад хундага дарс хувааж, шүлэг хэлдэг хүмүүс гэсэн дүрслэл буудаг. Энэ тухайд?
-Нэгэн үе магтаалын дарсанд мансуурсан үе надад бий, юугаа нуух билээ. Бүсгүй хүн бүрийн нүдэнд энэ харгиа царай чинь гоё харагдаж, бүстэй хүн бүрт муухай харагддаг байв. Одоо харин би дахиад л өөрчлөгдсөн. Яг л өвчиндөө шаналан гуравдугаар эмнэлгийн цонхноос амьдралыг харж бичсэн миний дотоод сэтгэлийн өөрчлөлтийг харуулсан шүлгүүд шиг би өөрчлөгдсөн.
Найз нөхдөдөө хандах хандлага ч их өөр болж байгааг мэдэрч байгаа. Хатуу юм балгасны дараа үргэлж хэн нэгнээ гомдоочих гээд байдаг болохоор их хэцүү. Тиймээс аль болох татгалзах болсон. Шүлгийн тухайд үе үе ганцаардалдаа хөтлөгддөг. Өөртөө голдуу шүлгээ хэлнэ.
-Эхний хоёр ном тодорхой хэмжээнд уншигчдын хүртээл болсон. Дахин ном боож байна уу?
-Энэ өвлөөс нэг нимгэн ном гаргахаар бодож байна. Миний номнууд нэг их зузаан гардаггүй. Би ч зузаан байлгая гэж боддоггүй. Энэ нийгэмд зузаан гэхээсээ хураангуйлсан зохиол бүтээл уншиж байгаа хүн нь элбэгшиж дээ гэж хардаг. Тиймээс юутай ч гурав дахь номоо эхэлчихсэн байгаа.
М.Мөнхтунгалаг
URL: