Үрэлгэн зангаар үр ашиггүй зүйлд 49.2 тэрбумыг урсгажээ

Дарханд МАН-ын засаглал мандсан он жилүүдэд ямар их хөрөнгө, мөнгийг онц ач холбогдолгүй хий дэмий зүйлд зарцуулсан болж тайлан бичсэн байгааг хараад халаглах сэтгэл төрлөө. Дархан сумын Засаг дарга Д.Цэндсүрэн ба түүний багийнхан 2009-2012 онд өөрсдийн дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, засвар тохижилтын ажилд 49.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

 

Бараг л шинэ тосгон, одоо байгаа Хөтөл гэр хорооллын бүсийг бүрэн тохижуулах хэмжээний их хөрөнгө мөнгийг “ус шиг” урсгаад л енгөрч дээ.Дархан сумын Засаг дарга 2009 онд төрийн анхан шатны байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, иргэний бүртгэлийн ажлыг шинэ шатанд хүргэх гэсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 4239.9 саяыг “салхинд хийсгэх” мэт цацжээ.
Ямар ч үр дүн гараагүй байгаагийн горыг ард түмэн бид өнөөдөр хүртэн, амсч л суугаа. Үүнд тэрбээр сэтгэлээр уналгүй 2010 онд “Мэргэшсэн ажилчин анги”, “Утаагүй хот Дархан” зорилт тавин 21471.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж дээ хөөрхийс. Бас л үр дүн гарсангүй. Оюутолгой компани олон залуусыг мөнгөөр хуурч мэргэжил эзэмшүүлсэн болж компанидаа авалгүй ажилгүйчүүдийн эгнээг тэлсэнийг эс тооцвол “Мэргэшсэн ажилчин анги” бэлтгэх зорилт нь “зангууны үлгэр” болоод өнгөрсөн дээ.

 

“Утаагүй хот Дархан” ямар сайхан сэтгэл хөдлөм гоё үг вэ. Даанч энэ төлөвлөгөө нь одоо хүртэл хэрэгжихгүй байгаа. Хорт утаагаар хүн, малгүй бүгд л амьсгалж байна. 21471.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт нь гэр хорооллын айлуудын зууханд түлш болон орж, утаа болон гараагүй л баймаар юм. Шантарч бууж өгдөггүй сумын Засаг дарга маань 2011 онд “Нийгмийн цогц суурь үйлчилгээ”, “Өрхийн хөгжлийг дэмжье” хэмээн 10149.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлсэн байна.

 

Тэр “Нийгмийн цогц, суурь үйлчилгээ”-г нь би лав хайгаад олсонгүй. Бодвол энэ ховор үйлчилгээг сумын захиргааны аль нэг өрөөний төмөр сейфинд хав дарж хадгалсан бололтой. “Өрхийн хөгжлийг дэмжье” гэдэг уриатай хөтөлбөрөө “Өөрийн гэрийг дэмжье” гэж андуурсан байж ч магадгүй юм. “Даргын таргалсан, ядуу иргэдийн турсан” нь яг тэнцэхээр болж дээ.

 
Андуурлаа засахын тулд ахиад л 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжье”, “Эрүүл хот Дархан” зорилтуудыг дэвшүүлэн 13322.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өгөөмөр, гар султай дарга маань хийж дээ. Ер нь хэдэн өрхийн хөгжил сайжирч, хэдэн өрхийн хөгжил доош уналтад орсныг сумын Засаг ноён маань мэдэж байгаа болов уу. Тосгоны олон айл утаа, угаар гаргах нүүрс битгий хэл галдаа хийх ганц ч модгүй, өөрийн болон хажуу айлынхаа хашааг хулгайлан түлж суугааг эрхэм дарга мэддэггүй бололтой.

 
Монгол хүн “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг. Хэдий энэ бэлгэдэлийг бодовч би лав хувьдаа “Эрүүл хот Дархан” хөтөлбөр чинь амжилттай хэрэгжсэн шүү гэж хэлж чадахгүй. Гудамж, талбай, орц, хонгилоор дүүрэн хог байж л байна. Гэр хорооллын иргэд утаа, хог, шавар, шавхайтай харанхуй бохир гудамжиндаа амьдарсаар л байгаа. Орон сууцны бохир усыг Цэвэрлэх байгууламж Хараа гол руу бохир усаа цутгасан хэвээр байхад “Эрүүл хот” гэж худал хэлж болохгүй байх шүү. “Ухаангүй ноёнд ургашгүй албат” гэдэг үнэн үг бий.

 
Дархан сумын Засаг даргын ашиггүй зүйлд төлөвлөн салхинд хийсгэсэн 49.2 тэрбум төгрөгийг үр ашигтай зүйлд зарцуулах өнгөцхөн тооцоог хийж үзье л дээ. Хамгийн багаар бодоход 200 хүүхдийн багтаажтай нэг цэцэрлэг барихад 500 сая төгрөг зарцуулна гэж тооцоолоход 49.2    тэрбумаар 10 цэцэрлэг барьж болох байж. Үгүй ядахад Ерөнхий боловсрын таван сургууль барьж болох байсан аж.

 

Сургууль, цэцэрлэг барьдаггүй юм аа гэхэд хатуу хучилттай 50 км урттай зам тавьж болох байжээ. Гэтэл Дархан сумын захиргааны дарга нар гуравхан жилд үүнийг үрэн таран хийгээд “гарын салаагаараа” 49.2 тэрбумыг урсгаад дуусгасан байх юм. Шарын гол сум 2011 онд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой 158 сая төгрөгөө 130 хувь болгон давуулан төвлөрүүлж, 207 сая төгрөгийг төвлөрүүлсэн байдаг.

 

Үүний 81 сая төгрөгийг Шарын гол суманд биш өөр сумдад зарцуулах шийдвэрийг аймгийн ИТХ-д олонх болсон МАН-ын гишүүд гаргаж дээрэмдэх шахуу булааж авч байсныг санаж байна. Тэр үед төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг давуулан биелүүлсэн Шарын гол сумынхан шагнуулах биш харин эсрэгээр шийтгүүлэн 81 сая төгрөгөө булаалгаж үлдсэн билээ. Гэтэл төсвийн 49.2 тэрбумыг 2009-2012 оны хооронд гуравхан жилд цацаад дуусгасан Дархан сумын дарга нарт ямар ч хариуцлага тооцсонгүй. Энэ шударга ёс мөн үү.

 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны төлөвлөгөө, улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Дархан-уул аймгийн Төрийн сан, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, улс болон орон нутгийн хөрөнгө оруулалт, “Замын сан”, “Аймаг хөгжүүлэх сан”-гийн 2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд энэ оны дөрөвдүгээр сарын 9-24- ний өдрүүдэд шалгалт хийсэн байдаг. Энэхүү хяналт шалгалтыг Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд шалгалтаар 46.1 сая төгрөгийн зөрчил илэрч байсан билээ.

 
Энэ нь хөрөнгө орлого удааширсан, ажлын гүйцэтгэл баримт материал гаргаагүй шилжүүлэн зарцуулсан зэргээс үүдсэн байдаг юм. Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхдээ орон нутгийн хөрөнгө оруулалтаас “Замын сан”-гийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зэргээр хөрөнгийн эх үүсвэрийг хооронд нь шилжүүлэн зарцуулсан байх жишээтэй. Тухайлбал: Шарын гол сумын гудамжны гэрэлтүүлгийн ажилд орон нутгийн төсвөөс 20.0 сая төгрөг төлөвлөсөн байхад 36.6 сая төгрөг “Замын сан”-гийн эх үүсвэрт шилжүүлэн зарцуулсан байдаг.

МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал бол Дархан-Уул аймгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулсан явдал байдаг. Дархан-Уул аймагт мэргэжлийн хяналтын байгууллагаас 2011 онд 1915 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийсний 425 нь төсвийн байгууллага, 162 нь төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, 1328 нь хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд байв.

 
Дээрх байгууллагуудад нийт 1884 шалгалт хийснээс 55 нь төлөвлөгөөт, 909 нь төлөвлөгөөт бус, үүнээс байгууллагын хүсэлтээр 596, иргэний өргөдөл гомдлоор 255, удирдах дээд байгууллагын шийдвэрээр 58 шалгалт хийсэн ба гүйцэтгэлийн 220 шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтын хүрээнд улсын байцаагчийн 300 акт, 2.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр, 34.3 сая төгрөгийн торгууль шийтгэвэр тогтоосон дүн мэдээ гарсан байдаг.

 

Харин Дархан сумын 49.2 тэрбумыг үрэн таран хийсэн даварсан дарга нарын ажлыг шалгасан мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Дархан сумын Засаг дарга Д.Цэндсүрэн, орлогч дарга Б.Азжаргал нар энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялалт байгуулан иргэдийн итгэлийг хүлээж ирэх дөрвөн жилд аймгийн ИТХ-д суух нь тодорхой болов.

 

Орон нутгийн сонгуульд МАН- аас ИТХ-д нэр дэвшигчид нь бүгд Сонгуулийн хуулийн 33.2-т заасан тухайн нам эвсэлээс нэр дэвшигч нь, өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байгаа. Гэтэл мартагдсан тосгоны хүлцэнгүй иргэд маань МАН-ын дарга нарын луйврыг зогсоохыг хүсэхгүй байгаа бололтой. Хэтрүүлж хэлбэл, тэдний дохио зангаагаар л иргэд саналаа өгсөн байна гэж хэлж болохоор байна.

 
Дархан сумын 2009-2012 онуудад зарцуулсан 49.2 тэрбум төгрөг, энэ их хөрөнгө, мөнгийг иргэдэд ашигтай зүйлд зөв зарцуулсан бол иргэд ядуурлаас салж, амьдрал нь дээшлэх байлаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооноос угшилтай Дархан сумын хэдэн даргын хэнийх нь амьдрал сайжирч, орон байр, унах машинтай болсон бэ гэдгийг судлан үзвэл арай өссөн үзүүлэлт харагдах байх шүү. Төрөөс төрсөн тэрбумтангууд гэж сонссон. Тэдний хойчийг залгамжлагч Дархан сумын захиргаанаас төрсөн тэрбумтан тодрох цаг ойртож байгаа юм биш биз.

Н.Отгонбаатар
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих