Экс генсекийн этгээд авир

Уур биеийг зовооно, уул морийг зовооно гэж нэг сайхан үг байдаг даа. Парламентад Ардчилсан нам бусад намаасаа арай илүү суудал авсан болохоор давуу эрх эдэлж байгаа. Эл эрхээ “даврах боломж” гээд ойлгочихсон мэт авирлацгааж байгаа. Улс төрийн намын генсек гэдэг томоос том албан тушаал бий. Энэ албыг зангарагтай, ноён нуруутай, аливаад голыг нь олох чадвартай нэгэн л амжилттай залгуулдаг. Ардчилсан намын Д.Эрдэнэбат генсек байхдаа харин ч дээрх шинж чанаруудыг гайгүй сайн агуулсан гэж харагдахаар ажил төрлөө явуулдаг байсан гэх юм билээ. Намын нөхөд нь өдгөө тэгж дүгнэдэг гэсэн. Дотоод фракцуудын дайн ихтэй АН шиг намд ноён нуруу нь ийш тийш нахилзаад байхааргүй нэгэн энэ албыг хашихгүй бол тунчиг эвгүй.

Иймээс ч намын даргаа унагах, эрх мэдлээ булаацалдах их аян дайны учрыг Д.Эрдэнэбат генсек байхдаа тогтворжуулан барьж, намаа тараачихгүйхэн шиг өнөөдрийг хүргэсэн. Энэ бол алга ташин магтууштай хэрэг. Харин ийнхүү алга ташин магтуулахаар явсан Д.Эрдэнэбат ус үзэлгүй хормой шуух гэгчээр парламентын босго алхангуутаа л учир зүггүй уурлаж уцаарлах болсон нь олныг гайхшруулаад байна. УИХ-ын гишүүний тангараг өргөөд л Д.Эрдэнэбат духаа үрчийлгэн, дуугаа өндөрсгөж, хүн амьтан заг намхай нэгэн болж хувирсан гэхэд болно. Хүний уурлах, уурлахгүй нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн эрх л дээ.

Гэхдээ уураа бусдын тайван байдлыг алдагдуулахаар гаргаад байгаа нь эргээд Үндсэн хуульд заасанчлан “Бусдын эрхээр өөрийн эрх хязгаарлагдана” гэх заалтад хамаараад байгаа юм.

Экс генсек Д.Эрдэнэбат УИХ дахь бүлгийн дарга учраас намынхаа гишүүдийн өмнөөс элдэв мэдэгдэл хийх нь нээлттэй. Гэхдээ хэтэрхий туйлширч дүн бүрийн өмнөөс тайлбар хийн бухимдаж, чанга дуугаар чарладаг болоод байгаа нь хачирхалтай санагдаад байгаа юм л даа. Аль эсвэл хашир өөрийнхөө бүлгийн дарга гэсэн албан тушаалыг бултаар нь загнах гээд ойлгочихоогүй л баймаар. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ынхныг хүлээн авч уулзаад өөрийн зүгээс бүлэг байгуулах талд дэмжлэг үзүүлэн хуулийн төсөл санаачлан оруулна гэж амласныг Д.Эрдэнэбат маргааш нь давуулан тайлбарлаж, бухимдсандаа бараг бархирч байв. Тэрбээр хэвлэлийнхнийг дуудан “Ерөнхийлөгч улс орны тогтвортой байдлыг л хангах нь чухал гэж үзээд хуулийг УИХ-д өргөн барина гэж хэлсэн. Түүнээс биш МАН-ыг бүлэгтэй болго гэж даалгаж байгаа хэрэг биш шүү” гэж ирээд чанга дуугарна билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн амнаас гарсан үгэнд хэн дуртай нь засвар хийгээд байдаггүй, харин экс генсек анх удаагаа ийнхүү засварласан нь энэ тохиолдол. Түүний эл үйлдэл олон түмний нүдийг орой дээр нь гаргаж байв. Түүгээр ч зогсохгүй хэвлэлийнхэнтэй уулзах бүртээ л бухимдаж, түүнийг нь орой телевизийн дэлгэцээс хардаг болсон олон нийт энэ Эрдэнэбат гэдэг хүн яахаараа ингэтлээ уурлаад байдаг юм бол гэж хүртэл өвөр зуураа ярилцахад хүргээд байгаа. Төрийн хэрэг, улс төрийн тактикууд явдгаараа л явна. Хэн нэгэн уурлаж хашгичсанаас болоод Монголын улс төрд бүтэн эргэлт битгий хэл бүртийх ч өөрчлөлт гарахгүй. Иймээс төрийн түшээ, түмний төлөөлөл гэдгээ ухааран ааш авир, аархал хийрхэлдээ анхаарах болсон бус уу, экс генсек ээ.

С.Баяр

Эх сурвалж: Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих