О.Магнай: Нефть импортлогч компаниудаас 17 тэрбумаа ч бас авна
ШӨХТгазраас хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд: Петровис компанийг зохиомол хомсдол үүсгэсэн гэж өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1, 27.1.2-т зааснаар 4.9 тэрбум төгрөгөөр торгожээ. ШӨХТ газрын дарга О.Магнай хэлэхдээ “Улсын хэмжээнд нөөц хангалттай байсан байна. Зах зээл дээр давамгай байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгэж зохиомол хомсдол үүсгэвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг. Төрийн бодлогын хүрээнд ажиллана гэвэл энэ торгуулийг төлөөд цаашид үнэ тарифтай холбоотой асуудлаа төрийн байгууллагтай байнга зөвшилцөж ярьж асуудалд хуулийн хүрээнд хандах ёстой”. Тиймээс тус компанид торгууль ноогдуулсан гэсэн юм.
Мөн DDish кабелийн телевизийн хэрэглэгчид мөнгөө төлөөгүй тохиолдолд зөвхөн үндэсний телевиз гэсэн нэг сувгийг үнэгүй үздэг байсныг болиулж 10 суваг болгож өргөтгөлөө. 2 сарын 1-нээс эхлээд тухайн хэрэглэгч мөнгөө өгөөгүй байсан ч Монголын 10 сувгийг үнэгүй үзэх юм байна. Энэ нь тус компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг аж. Өмнө нь техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан байсан учир энэ үүргээ биелүүлж ирээгүй юм байна. Харин 2013 оны 2 сарын 1-нээс эхлэн өргөн нэвтрүүлгийн 10 сувгийг үнэ төлбөргүйгээр Монгол улсын нутаг дэвсгэрт ямар нэгэн саадгүйгээр дамжуулахаар боллоо.
ШӨХТ газрын дараагийн шийдвэрлэсэн асуудал бол сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой. Өмнө нь “Номин”, “Миний дэлгүүр” нь үйлдвэрлэгч, импортлогчдоос бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс 1 хувийг авдаг байжээ. Тэгээд тэр үнэн дээр жижиглэнгийн үнэ зохионо гээд дахин үнэ нэмдэг байсан байна. Энэ нь хэрэглэгчдэд очих барааны үнийг нэмэгдүүлэхээс гадна өрсөлдөөнд хязгаарлалт үүсгэж байгаа учраас 12 сарын 1-нээс үүнийг болиулахаар болжээ. Өөрөө хэлбэл тухайн үйлдвэрлэгч, импортлогчийн үнэн дээр үнэ нэмж зарахгүй.
Мөн “Нарантуул”, “Хар хорин ” зах руу ороход 50 төгрөг авдаг асуудлыг болиулсан байна. Дэлгүүр лүү ороход мөнгө өгдөг зүйл энэ дэлхий дээр байхгүй. Их дэлгүүр рүү ороход 100 төгрөг тасалж болохгүй. Музейд ороход мөнгө өгдөг. Янз бүрийн концерт үзэхэд мөнгө өгдөг. Дэлгүүр лүү ороход мөнгө өгч болохгүй. Тиймээс “Нарантуул”, “Хар хорин” зах руу ороход мөнгө авдаг ажлыг зогсоох нь зүйтэй гэж О.Магнай хэлсэн юм. 12 сарын 1-ээс эхлээд тус захууд руу иргэд орохдоо 50 төгрөг өгөхгүй болгожээ.
Мөн ам.долларын албан ханш 1400 төгрөг байхад задгай долларыг 1200 төгрөгөөр авч байдаг асуудлыг шийдвэрлэсэн байна. 12 сарын 1-ээс эхлээд долларийг нэг ханштай болгож байгаа аж. ШӨХТГ-аас өрсөлдөөний тухай хэд хэдэн хууль боловсруулж байгаа юм байна. Үүнээс гадна Чингис хаан болон Соёмбо гэсэн нэрний патентийг төр өөрийн мэдэлд авч байгаа учраас хэсэг хугацааны дараанаас эхлээд архи, тамхи болон үйлчилгээний байгууллагын аль нь ч энэ нэрийг хэрэглэхгүй болж байгаа юм байна.
Дээрх асуудлуудтай холбоотойгоор ШӨХТГ-ын дарга О.Магнайтай ярилцлаа.
- Байрны үнийн асуудлаар бодлого боловсруулж байгаа гэсэн. Ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ?
- Бид ОССК-тай хамтраад ажлын хэсэг байгуулаад явж байна. Гэхдээ энэ ажил жаахан удаад байна. Учир нь холбогдох яамны нөхдүүд мэдээ мэдээллээ удаан өгч байна. Дэлхий дахинд тансаг хэрэглээ өндөр татвар төлдөг. LV, Burberry-ийг мөнгөтэй хүмүүс л хэрлэдэг. Гэхдээ тансаг хэрэглээ талх биш. Хүн болгоны өдөр тутмын хэрэглээ биш учраас өндөр татвар төлдөг. Яг үүн шиг байрны үнэнд ийм жишиг тогтооё гэж байгаа юм. Тансаг хэрэглээний татварыг орон сууцан дээр бий болгоно гэсэн үг. ООСК-тай хамтраад байран дээр жишиг үнэ гаргана. Одоогоор судалгаа хийгдэж байна. Тогтоосон үнээс дээш байвал тансаг хэрэглээний гэж үзнэ. Тансаг хэрэглээний гэж үзсэний үндсэн дээр барилгын компаниудаас өндөр татвар авна. Өндөр татвар төлж орон сууц барьж байхын оронд илүү хямдхан байшин барих сонирхол руу шилжинэ гэж үзэж байгаа. Ний нуугүй хэлэхэд манайд зарим барилга м.кв нь 5000 мянга доллараас дээш гарсан үнэтэй байна. Нью-Йоркийн хамгийн үнэтэй гудамжинд тансаг хаусуудын үнэ метр кв нь 5000-6000 гэж сонсогддог. Испанид ч гэсэн адилхан. Далайн эргийн байшингууд ч тийм үнэтэй. Тэгэхэд Улаанбаатарын утаан дунд байдаг байрны үнэ 1 сая доллар байна гэхээр бодит үнэ биш. Хөөрөгдөл явж байна гэсэн үг. Төрөөс үнээ буулга гэж хэлэх хэцүү. Тиймээс хямд үнэтэй байшин барих сонирхолтой болгох ажлыг хийж байгаа.
- Нефть импортлогч компаниудад 17 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулж байсан. Тэр мөнгөө авч чадаагүй байж дахиад 5 тэрбум төгрөгийг авч чадах уу?
- 17 тэрбумыг авч чадаагүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Өнгөрсөн удирдлагууд 17 тэрбум төгрөгтэй холбоотой торгуулийн асуудлыг тэгэлчихсэн юм. Өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар манай байгууллагын шинэ зөвлөл батлагдсан байгаа. Дараагийн долоо хоногийн нэг дэхь өдөр шинэ зөвлөл хуралдана. Хуралдах асуудал дээр энэ 17 тэрбумын асуудал орсон байгаа. Энэ асуудлыг сэргээх ёстой гэсэн миний зарчмын байр суурь байгаа. Тэр 17 тэрбумыг төр авна. Эргэлзэх зүйл байхгүй. Энэ хэрэг өөрөө АТГ-д шалгагдаж байгаа.
- DDish TV-ийн үнэ төлбөргүй гаргах 10 сувагт ямар ямар суваг багтах вэ?
- Харилцаа холбооны зохицуулах хороо, мэдээлэл шуудан харилцаа технологийн газар мөн манай байгууллага тохиролцож байж 10 сувгийг тодруулна. Мэдээж үндэсний телевиз татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг гэдэг үүднээсээ орох ёстой байх. Бусад арилжааны телевизүүдийн хувьд ижил боломж олгоно. Түүн дээр сонгон шалгаруулалт маягийн зүйл хийх байх. Мэдээж нөхцөлүүдийг тавина. Тавьсан нөхцөлүүдийг хангасан телевиз өөрийнхөө нэвтрүүлгийг үнэгүй гаргана.
- Чингис хаан, Соёмбо нэрийг хэрэглэж байсан аж ахуй нэгжүүд нэрээ солих шаардлагатай болсон гэсэн үг үү.
- Нэрээ солих уу. Ажиллахаа болих уу гэдэг тэр компанийн асуудал. Ямар ч байсан архи байж болохгүй.
Т.Хулан
URL: