СОЛОНГОСЫН САВАНГИЙН ДУУРИУДЫГ ХАЗААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Вэб сайт, телевиз радио, кабелийн телевизийн үйл ажиллагааг зохицуулах журам хэрэгжээд сар болж байна. Энэ журмын хэрэгжилт ямар байна?

-Анх удаа ийм зохицуулалт хийж байгаа учраас олон ургальч санал бодол, шүүмжлэл, үл ойлголцох байдал гарч байсан. Одоо энэ ойлголт өмнөхөөсөө нэлээд сайжирсан нь ажиглагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар ямар байгааг урьдчилж хэлэхэд эрт байна. Хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг Оюуны өмчийн газар, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар болон бусад холбогдох байгууллагатай хамтарч байгуулсан. Дөрөвдүгээр сарын дундуур энэ журмын хэрэгжилт эхнээсээ тодорхой болно.

-Вебсайт болон телевизүүдийн бизнесийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийсэн нь багагүй хэл ам дагуулж байсан. Гэхдээ нөгөө талаас үзэгч, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн хэд хэдэн заалт энэ журамд орсон гэсэн. Мэдээж анхны зохицуулалт гэх утгаараа эерэг, сөрөг хоёр талтай л байгаа байх. Энэ талаар тодруулж ярихгүй юу?

-Харилцаа холбооны зохицуулах хороо бие даасан статустай байгууллага. Тийм учраас хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ дагуу ийм журам гаргасан. Вебсайттай холбоотой санал гомдол ирж байгаа. Шинэ тутам бий болж байгаа бизнест саад, тээг болж байна зэрэг шүүмжлэл дагуулсан. Гэхдээ нөгөө талаас зарим вебсайт хэрэглэгчдэд сөрөг нөлөө үзүүлэх, садар самуун сурталчлах, гэмт хэрэг хүчирхийлэлд уриалан дуудах, насанд хүрээгүй хэн бүхнийг орж үзэх боломжийг бүрдүүлж байгаа зэрэг сөрөг үр дагаврыг нь зохицуулах, хамгаалах үүднээс журмаар зохицуулахаас аргагүй зүйлүүд гарч байгаа. Түүнээс биш Үндсэн хуулиар олгогдсон өөрийгөө илэрхийлэх, санаа бодлоо олон нийтэд хүргэх иргэний эрхэнд нь халдаагүй. Телевизийн хувьд зар сурталчилгааг нь нэг цагт 15 минутаас их байж болохгүй гэж журамласан.

Нийт нэвтрүүлж байгаа уран бүтээлийн 25 хувь нь реклам сурталчилгаа байхад ТВ үзэгчдэд соёлтой үйлчилгээ үзүүлж чадна гэсэн бусад орны жишгийн дагуу үүнийг тогтоож өгсөн. Гэтэл үүнийг хэтэрхий бага байна, телевизүүдийн “амьдрах” гол эх сурвалжийг багасгалаа, хязгаарлалаа гэх зэргээр шүүмжилж байгаа хүмүүс бий. Монголын уран бүтээлчдийн зохиогчийн эрхээр хамгаалагдсан уран бүтээлийг телевиз, радио гоор нэвтрүүлдэг. Үүнийг тухайн телевиз, радиогоор гарч байгаа кино болон бусад нэвтрүүлгийн 50-иас дээш хувь байна гэж зааж өгсөн. Ингэснээр Солонгос зэрэг орны хямд төсөр олон ангит киног үзэгчдэд тулгаж байгааг тодорхой хэмжээгээр зохицуулна.

Ирэх жилээс эхлээд Монголын уран бүтээлчдийн хийсэн, оюуны өмчийн байгууллагаар хүлээн зөвш өөрөгдсөн баримтат кино болон телевизийн даацтай бүтээлүүдийг төрөөс худалдан авах, үндэсний уран бүтээлийг олон нийтэд хүргэх, олон улсад хүргэх зэрэг дараагийн алхмуудыг хийхээр төлөвлөж байгаа.

-Журмыг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

- Тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд, хувь хүмүүстэй бүгдтэй нь гэрээ байгуулж байгаа. Үүнийхээ дагуу хяналт тавина. Гэрээнд харилцан хүлээх үүрэгт мөнгөн торгуулийг тодорхой заасан байгаа. Тоон контентийн үйлчилгээ, телевизийн үйлчилгээний аль аль нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл учраас үйл ажиллагааг нь шууд зогсооно, цуцална гээд байж болохгүй. Тиймээс хоёр талын гэрээгээр зохицуулсан эдийн засгийн мехнизмтай хариуцлагын тогтолцоог бүрдүүлж өгсөн. Гэрээний тодорхой заалтад, журамд заасан үүргээ зөрчих, тухайлбал 15 минутаас илүү зар сурталчилгаа цацвал тэр рекламны тодорхой хувиар мөнгөн торгууль ногдуулахаар тусгаж өгсөн. Зар сурталчилгааны тухай, Садар самуунтай тэмцэх, Зохиогчийн эрхийн гээд бусад хуулиар зохицуулагдах асуудлууд мэдээж бий. Тусгай зөвшөөрлөө цуцлуулах хүртэл нь асуудлыг хурцатгахг үйн тулд бид хамгаалалт хийж, энэ журмаар урьдчилан зохицуулж байгаа гэж ойлгож болно. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, удаа дараа мөнгөн торгууль болон сануулга авбал хуулиар зохицуулахаас аргагүйд хүрнэ.

-Вэбсайтын сэтгэгдлээр бусдыг доромжлох, гүтгэх зэрэг асуудлууд одоо хүртэл байгаа нь ажиглагддаг. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?

-Хүмүүсийн шүүмжлэл дагуулдаг нэг зүйл бол вэб хуудасны үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой гардаг. Монголд 30 орчим мянган вэб хуудас байна. Үүнээс арилжааны зорилготой үйл ажиллагаа эрхэлж байгаа, олон хандалтыг бий болгох зорилготой вэб хуудас эрхлэгч хариуцлага илүү хүлээж байгаа. Тухайлбал, тухайн вэб хуудсаар дамжиж байгаа мэдээлэл нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байвал түүнийхээ төлөө хариуцлага үүрнэ гэсэн үг. Сэтгэгдэл бичих ч үүнд хамаарна. Ер нь хүмүүс сэтгэгдэл бичихдээ намайг гэж хэн мэддэг юм гэх байдлаар дураараа бичдэг. Тэгвэл интернэт хэрэглэгч хүн бүрт IР хаяг гэж байдаг. Энэ бол утасны дугаартай адил зүйл шүү дээ.

Түүний дагуу сэтгэгдэл бичиж байгаа хэнийг ч илрүүлэх боломжтой. Үүнтэй холбоотойгоор хоёр, гурван шат дараалсан алхам хийж эхэлсэн. Та бүхэн анзаарсан бол news.mnээр дуртай, дургүй гэсэн заалт гарч байгаа. “Дургүй” гэвэл тэр сэтгэгдэл орохгүй. Харин тийм сэтгэгдэл удаа дараа давтагдвал дараагийн алхмыг хийж тэр хэрэглэгчийн интернэтэд орох эрхийг нь хаах, IP хаягийг нь олж тогтоогоод хариуцлага хүлээх ёстойг нь ойлгуулах зэрэг арга хэмжээ авна. Мэдээллийн технологи хөгжих хэрээр ийм боломж гарч ирсэн. Хаана, хэдэн цагт, хэний ямар компьютерээс бичсэнийг тодорхойлж, аюулгүй байдлаа хангаж явдаг болсон гэдгийг хэрэглэгчдэд давхар сануулах хэрэгтэй байгаа юм. Үүнийг мэдэхгүйгээс болоод зарим хэрэглэгч эвгүй байдалд орж магадгүй гэдгийг сануулах хэрэгтэй байх аа.

Эх сурвалж өнөөдөр


URL:

Сэтгэгдэл бичих