Сяо угсаатныг монгол үндэстэн гэж нотлов болон бусад мэдээ
Сяо угсаатныг монгол үндэстэн гэж нотлов
Хятадын Хэнань мужийн Сяо угтсаатан иргэдийг монгол үндэстэн гэдгийг түүхч эрдэмтэд баталсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
Сяо угсаатан хэмээн нэрлэгддэг 5000 орчим хүн Хэнань мужийн 30 гаруй тосгон сууринд суурьшин амьдарцгаадаг юм. Хятадын угсаатан судлаач эрдэмтэд тэдний үндэс угсааг нь сурвалжлан тогтоож амжилгүй өнөөдрийг хүрчээ. Харин өнгөрөгч сард Хэнань мужийн Жун Му хотод болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүн, Үндэстэн ба хүн судлалын газрын дарга Дү Рун Кун, Юаний түүх судлах нийгэмлэгийн дарга, Нанкай их сургуулийн профессор Ли Зи Ань, Өвөрмонголын их сургуулийн профессор Буянхүү нарын нэр хүндтэй таван эрдэмтэн Сяо угсаатнууд нь Монгол үндэстэн болохыг судалгааны баримтуудаар нотолжээ.
Ингэснээр БНХАУ-ын 56 үндэстний алинд ч хамааралгүй явж ирсэн Сяо угтсаатныг Монгол үндэстэн хэмээн албан ёсоор зарлалаа. Эрдэмтдийн баг тэднийг Чингисийн ууган хүү Зүчийн хойчис хэмээн нотолж байгаа юм.
Тавцант бөхийн барилдаанд монгол залуу түрүүллээ
Хөххотод зохиогдсон бөхийн тавцант барилдаанд Монгол Улсын начин Б.Сугаржаргал одтой сайхан барилдаж түрүүллээ. Хоёр метр шахуу өндөр, 150 кг жинтэй Б.Сугаржаргалаас бөхчүүд ихээхэн бэргэж, үзэгч олон Монгол Улсын начныг уухайлан дэмжиж байсан юм.
Тогтсон хэмжээ бүхий тойрог дотор явагддаг барилдааны энэхүү төрлөөр дамжуулан Өвөр Монголын бөхийн барилдааныг дэлхийд сурталчлах зорилготой тул цаашид сар бүр хийж байна хэмээн барилдааныг зохион байгуулагч “Хасар” ХХК-ийн удирдлагууд ярилаа. Өвөр Монголдоо гайхагдан ид хүчтэй барилдаж байгаа долоон бөх, Монгол Улсаас ирж зодоглосон Улсын начин Б.Сугаржаргалын барилдаан нь энэ удаагийн тавцант барилдааныг ихээхэн онцлог, үзэж бахдах зүйл арвинтай болголоо. Өвөр Монголчууд улсын наадамгүй тул газар газрын хүчтнүүдийг ийнхүү нэг дор зодоглохыг үзэх хувь бөхийн хорхойтнуудад нэн ховор ажээ.
Хятад дахь Монголчууд хар сүлдээ тахилаа
ӨМӨЗО-ны Ордос дахь “Чингис хааны онгон” аялал жуулчлалын цогцолборт Чингис хааны хар сүлдийн их тахилга болж Хятад улс дахь монгол үндэстнүүд нутаг бүрээс ирж оролцлоо.
Жил бүр уламжлал болгон хийдэг Чингисийн их тахилгын энэ жилийнх засаж шинэчилсэн Хааны ордонд болж байгаагаараа ихээхэн онцлог ажээ. Ордосын Эзэн хороон дахь “Чингис хааны онгон” жуулчлалын цогцолборыг өргөтгөн шинэчилж, Хятадын үе үеийн их хаадын дурсгалын цогцолборуудтай эн зэрэгцэхүйц болгосондоо Өвөрмонголчууд ихээхэн урамтай байгаа юм. Тус ордон байгуулагдахаас өмнө Ордосчууд хар сүлдээ долоон хошуу дамжуулан тойруулж эргэл мөргөл хийдэг байсан уламжлалаа энэ жил сэргээн, өнгөрөгч 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн тусгай элч сүлдийг хошуудаар залж тахиж тайсаар энэхүү их тахилганд авчирчээ. Хар сүлд нь цэргийн туг сүлд болохоор дайн байлдаанд мордвол хандсан зүгт дайснаа ялж, ялалт олохыг бэлгэддэг байна.
Күнзийн бүх зохиолыг цээжилжээ
Хятадын хэвлэл мэдээллийн ажилтны баярын өдрөөр Өвөрмонголын Улаанхад хотын оршин суугч Шюн Гүөчян бүх Хятадын сэтгүүлчдэд нэгэн өвөрмөц бэлэг барилаа.
Тэрээр Күнзийн алдарт есөн номыг үг үсгийн нэг ч алдаагүйгээр цээжилснээ уншиж танилцуулсан юм. Дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Геннисийн номонд цээжлэх авъяасаа бүртгүүлэхээр зэхэж байгаа Шюн Гүөчян нь монгол үндэстэн юм байна. Хятадын эрт үеийн алдарт сэтгэгч Күнз хийгээд түүний шавь нарын эмхэтгэж туурвисан Дөрвөн ном, таван бичиг хэмээх эдгээр зохиолууд нь Хятадын төдийгүй дэлхийн гүн ухааны оргил бүтээлүүдийн тоонд зүй ёсоор дурдагддаг юм.
/Б.Занданхүү. Хөххот. 2012 оны 11-р сарын 27/
URL: