Автобусны ослын шалтгааныг тогтоожээ
Сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобуснууд зам тээврийн осол гаргах нь ихэсэж байгаа талаар яригдах боллоо. Тэр дундаа энэ сарын 21-ний өдөр том оврын хоёр ч автобусны жолооч хүн дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Болдоос тодруулсан юм.
-Энэ сарын 21-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг “Тэнүүн-Огоо”, “Сутайн буянт” компанийн хоёр жолооч замын хөдөлгөөнд оролцож яваад хүн дайрч амь насыг нь хохироосон. Энэ ослын дүгнэлт гарсан уу?
-Дүгнэлт нь гарсан. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн шугамын М:44 бую “3.4-р хороолол-ЧингисЗБ-Халдвартын эмнэлэг” чиглэд үйлчилдэг “Сутайн буянт” компанийн 38-64 УБЧ, 5-050 гаражийн дугаартай “DAEWOO CITY BS-106” маркийн автобусны жолооч Б.Ерөөлтөд тухайн өдөр шалгах механик А.Даваажаргал нь жолооны эрхийн үнэмлэхгүй жолоочийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд гаргасан байсан. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөн нь тухайн осол гарах шалтгаан болсон. Харин “Тэнүүн-Огоо” компанийн М:27 буюу “Таван шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо” чиглэлийн 45-33 УБЧ улсын дугаартай автобусны жолооч Д.Пүрэвдоржийн тухайд өнгөрсөн оны наймдугаар сард тус компанид жолоочоор ажиллах гэрээ байгуулсан юм билээ. 2001 онд Автотээврийн газрын мэргэжлийн тээвэрлэгч жолооч бэлтгэх сургалтанд хамрагдсан. Тухайн өдөр осол гарах болсон шалтгаан нь байгууллага болон техникийн талаасаа нөлөөлх хүчин зүйл байхгүй. Харин дээр хэлсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосон.
-Том оврын атобусны жолооч нар зам тээврийн осол гаргаж байгаагийн шалтгаан юутай холбоотой байна вэ?
-Ер нь бол жолоочийн өөрийн замын хөдлөгөөний дүрмээ барьж хөдөлгөөнд оролцдоггүйтэй л холбоотой байна. Дээрх хоёр ослоос харахад л замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Нөгөө талаар бид нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас нийтийн тээврийн мэргэшсэн жолооч, кондуктор бэлтгэх, салбарын ажиллагсдын мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтуудыг “Автобус 3” компани , “Цахилгаан тээвэр” компани, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооны Улаанбаатар хотын салбар зөвлөл гэсэн гурван байгууллага сургалт явуулах эрх авч сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна нийтийн тээврийн салбарын хэмжээнд жолооч, кондукторуудыг нийгмийн харилцааны ур чадвартай болгох зорилгоор төрөлжсөн сэтгэл зүйн сургалтанд хамруулах чиглэлээр ШУТИС, Нийгмийн технологийн сургууль, Сэтгэл зүйн үндэсний төвтэй хамтраад ажиллаж их багтаамжийн автобусаар үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын 40 хувь буюу 1290 ба жолооч, кондукторыг “Нийгмийн харилцааны ур чадвар зан ёс суртахууны төлөвшил “ сэдэвт сургалтанд хамруулсан.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба
URL: