Аймаг бүрт эрүүл мэндийн оношилгооны төв байгуулна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ
Шинэчлэлийн Засгийн газар аймаг бүрийг хот болгох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд аймгийн төвүүдэд оношилгоо, эмчилгээний төв байгуулахаар төлөвлөжээ. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр оношилгоо, эмчилгээ хийлгэхээр урт зам туулж Улаанбаатар ирдэг зардал чирэгдэл буурна гэж Засгийн газар үзэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд видео хурал хийж, аймгуудын Нэгдсэн эмнэлэг болоод Бүсийн оношилгооны төвүүдийн удирдлагуудтай санал солилцлоо.
Эрүүл мэндийн яамтай хамтран гаргасан аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн байгуулах Оношилгооны төвийн эхний загвар, хувилбарыг аймгийнханд танилцуулаад нэг бүрчлэн саналыг нь сонслоо.
Дижитал рентген аппарат, хөхний рентген аппарат, дижитал ЭХО аппарат, зүрхний ЭХО, тархины допплерграфи, уушигны уян дурангийн иж бүрдэл, ходоод, бүдүүн гэдэс болон урологийн дурангийн иж бүрдэл, тархи болон зүрхний цахилгаан бичлэг, компьютер томограф, лабораторийн зэрэг 14 төрлийн тоног төхөөрөмж байхаар зурагласан бөгөөд оношилгооны нэг төвд 3,5 тэрбум төгрөг зарцуулахаар байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа.
Видео хурлын үеэр Орхон, Дархан-Уул, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Дорнод зэрэг 17 аймгийн төлөөлөл саналаа хэлж, аймаг бүрт оношилгооны төв байгуулах Шинэчлэлийн Засгийн газрын төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлээд аймаг орон нутгийн онцлогийг харгалзан зарим аймагт нэмж тоног төхөөрөмж авах хэрэгтэй гэдгийг хэллээ. Үүнээс гадна эмнэлгийн дарга нар Оношилгооны төв байгуулахдаа Аймгийн нэгдсэн эмнэлгээс тусгайд нь барилга барих нь зүйтэй гэсэн нэгдсэн саналтай байлаа.
Нэгдсэн эмнэлгийн дарга нарын саналыг нэг бүрчлэн сонссоны дараагаар Ерөнхий сайд дараах үүрэг даалгаврыг өглөө.
Эдгээр оношилгооны 14 тоног төхөөрөмжөөс гадна тухайн аймагт ямар багаж тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа талаарх саналаа Эрүүл мэндийн яаманд яаралтай ирүүлэхийг нэгдсэн эмнэлгийн дарга нарт даалгаад нэн хэрэгцээтэй байгааг нь ирэх онд авч өгнө гэдгээ мэдэгдлээ. Мөн оношилгооны төвд ажиллах хүний нөөцийн судалгааг гаргах, шаардлагатай мэргэжилтнийг давтан сургах, мэргэшүүлэх хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг видео хурлын үеэр анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: