Монголын хүн амын 3-4 хувь нь хоёр их наяд төгрөгийн хадгаламжтай

2008 онд батлан гаргасан “Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай” хуулийн үйлчлэл энэ сард дуусгавар болж байгаа. Ингэснээр иргэд банкин дахь хадгаламжаа татаж, банкны салбарт хямрал үүсч магадгүй аж. Үүнээс сэргийлэхийн тулд банкин дахь иргэдийн хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгох хуулийн төслийг Засгийн газар санаачилжээ.

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр зарим гишүүд банкны салбарт хямрал үүссэн, дампуурлын эрсдэл тулгарсан эсэхийг Монголбанкны удирдлагуудаас тодруулж байлаа. Гишүүдийн хувьд иргэд хадгаламжаа татсанаас аль нэг банк нь өнөө маргаашгүй дампуурах гээд байгаа эрсдэл гараад байна уу, үүний улмаас энэ хуулийн төсөл орж ирэв үү хэмээн хардаж байв.

Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Хадгаламж эзэмшигчид олноороо хадгаламжаа татсан явдал одоогоор байхгүй. Гэхдээ иргэдийн хадгаламжийг төр батлан даахаа больж байгаатай холбогдуулан эрсдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор энэ хуулийн төсөл боловсруулагдсан” гэсэн харилт өглөө.

Өнөөдрийн байдлаар банкууд дахь нийт хадгаламж таван их наяд төгрөгт хүрсэн аж. Харин үүний хоёр их наядыг нь Монголын нийт хүн амын ердөө 3-4 хувь нь эзэмшдэг байна. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангийн хэлж байгаагаар Хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдвал хадгаламж эзэмшигчдийн 99,2 хувь буюу 20 сая төгрөгнөөс доош хадгаламж эзэмшигч иргэдийн хадгаламж эрх зүйн хувьд баталгаажих гэнэ. Энэхүү хуулийн төслийг гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Б.Сэлэнгэ

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих