Нийслэл “Ухаалаг гэрэлтүүлэгч”-тэй болно

Нийслэлийн гэр хороолол гэрэлтүүлэг муутайгаас үүдэн иргэд гэмт хэрэгт өртдөг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран дүүрэг, хороодын гудамж, талбайг камержуулах, гэрэлтүүлгийг засч, нэмэгдүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байгаа.

Мөн нийслэлд тэр дундаа гэр хорооллын гэрэлтүүлэг нэлээд асуудал дагуулдаг. Энэ талаар Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Нийслэлд харанхуй гэр хорооллууд олон байдаг. Хэдий хугацааны дараа хот бүрэн гэрэлтэх боломжтой вэ?

-Нийслэл хотод ойролцоогоор 20 мянган ширхэг гэрэлтүүлэг хэрэгтэй гэсэн тооцоо бий. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын 12 мянган гэрлийг шинээр байрлуулсан. Хот бүрэн гэрэлтэх цаг хугацаа тун удахгүй гэж найдаж байгаа. Цаашдаа хотын гэрэлтүүлгийн технологийг шинэ технологийн гэрэлтүүлгээр солих шаардлагатай байна.

-Лед технологийн гэрэлтүүлэг тавьж байгаа гэсэн?

-Лед технологи нь сүүлийн хоёр, гурван жил нэвтэрч байгаа шинэ технологийн нэг хэлбэр. Гэхдээ энэ технологиор хотын бүх гэрэлтүүлгийг шинэчлэх боломжгүй. Хотод тавьсан гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжүүд эрчим хүчний хэмнэлтээ өөрөө зохицуулдаг, шаардлагагүй газарт гэрлээ хэмнэдэг системд шилжих зайлшгүй шаардлагатай байна.

-Гэрэлтүүлгийг нэмэгдүүлснээр гэмт хэрэг багасна хэмээн албаныхан үзээд байгаа. Үүнтэй холбогдуулан “Ухаалаг гэрэлтүүлэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж байна?

-Барууны орнуудын гэрэлтүүлгийн туршлагыг судалж үзээд энэхүү системийг нэвтрүүлэх гэж байна. Ухаалаг гэдэг нь тухайн орчинд гэрэл яаж асах шаардлагатай байгааг өөрөө мэдэрч, зохицуулна гэсэн үг. Ингэснээр цахилгаан эрчим хүчээ хэмнэх давуу талтай. Мөн гэрэлтүүлгийг шат дараалалтай хянах, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засах зэрэг удирдлагын шинэ системд шилжиж байгаа юм.

 

Хамгийн гол нь хяналт, удирдлагын системийн зарцуулах хөрөнгийг шийдэх хэрэгтэй. Мөн үүнийг ашиглаж, ажиллуулж байгаа хүмүүсийг сургах, гадны шинэ технологийг аль болох өөрийн орчин нөхцөлд тохируулж хэрэглэх шаардлагатай байна.

-Гэрэлтүүлэг шинээр байрлуулахад ямар шаардлага тавьдаг вэ?

-Хотын гэрэлтүүлгийн засвap, үйлчилгээ, хаана, ямар газар илүү шаардлагатай зэргээр гурван түвшинд хувааж үздэг. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто замын ойролцоох газруудад илүү тод гэрэл байх ёстой. Түүнчлэн орон сууцны хороолол орчимд, гэр хорооллын гудамжны хэсэгт гэхчлэн онцлог талыг харж гэрэлтүүлгийг байрлуулдаг.

 

Мөн хотын гэрэлтүүлэг гэдэг олон нийтэд зориулагдсан, зайлшгүй хүлээх хэдэн үүрэгтэй юм. Тодруулбал, байгаль орчинд ямар нэг хохиролгүй, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөхгүй байх хэрэгтэй. Бид энэ үүрэг, зорилгыг давхар биелүүлэхээр гэрэлтүүлгийг суурилуулдаг.

-Хотын гэрэлтүүлэг муу асч байна гэх иргэдийн гомдол их байдаг. Энэ тал дээр ямар зохицуулалт хийдэг вэ?

-Тодорхой түвшинд аль нэг газарт гэрэлтүүлэг асахгүй болохоор ийм байдал үүсээд байдаг. Ажил хийж байгаа хүнийг хянадаг систем байдаг. Тэгэхээр хянадаг систем нь ажлаа хийж чадахгүй байна уу, бүтцийн хувьд болохгүй байна уу гэх зэрэг менежментийн асуудал гарч ирж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилд менежментийн зарим өөрчлөлтийг хийсэн.

 

Дүүргүүд бүрт хяналтыг шилжүүлэх, Шинжлэх ухааны академитай хамтраад хотын гэрэлтүүлгийг төвлөрсөн удирдлагаар хянах системийг хэрэгжүүлж байна. Мөн хотын гэрэлтүүлэг дээр ашиглалтын шуурхай байдлыг хангах, мөрдөж байгаа норм, дүрмийн дагуу шуурхай хийх чиглэлээр зарим өөрчлөлтийг хийсэн. Гол нь ашиглагч байгууллага нь шуурхай байх ёстой.

-Нийслэлд хичнээн компани хотын гэрэлтүүлгийг хариуцаж байна вэ?

-Урьд нь байсан компаниуд үндсэндээ хувьд гарсан байгаа. Хувийн компаниуд нь том ажил хариуцахаар тэнд тавих шаардлага өндөр болж байгаа юм. Төвийн зургаан дүүрэгт улсын нэг компани ажиллаж байна. Захын гурван дүүрэгт үндсэндээ хот тохижилтын чиглэлээр байгууллагууд ажиллаж байгаа. Нэгэнт зах зээлд орчихсон болохоор хувийн компаниуд илүү үр дүнтэй ажиллах болов уу гэж боддог. Яагаад гэхээр тэд үр ашиггүй талаасаа биш, ажлын үр дүн болоод хийснээрээ цалинждаг. Улсын компани нь шуурхай ажиллах чадвар муу байгаа нь ажиглагдсан.

-Өнөөдрийн байдлаар хотын гэрэлтүүлгийн асалт хэр байна?

-Хотын гэрэлтүүлгийн асалтын хувьд байгууллагуудын ирүүлсэн мэдээллээр ойролцоогоор 93 хувьтай байна. Асалтын мэдээг яаж гаргадаг вэ гэхээр зөвхөн ашиглалтад байгаа гэрэлтүүлэг буюу улсын комисс хүлээж авсан гэрэлтүүлгийн хэдэн хувь нь асч байна вэ гэдгээр тооцож гаргадаг. Жилийн эцсээр бол ашиглалтын гэрээн дээр гэрэлтүүлгийн асалт 95 хувьтай байх ёстой гэж заасан байдаг.

-Авто зам засвартай холбоотойгоор гэрэлтүүлэг асахгүй байх тохиолдол байдаг. Үүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Зарим байгууллагууд авто замаа засчихаад гэрэлтүүлгээ хийдэггүй. Гэтэл тэнд нь аваар осол гарах, хувь хүнтэй холбоотой гэмт хэргүүд гардаг. Хэрэв тухайн байгууллага авто замаа засчихаад хугацаандаа гэрэлтүүлгээ хийхгүй бол тэнд гарсан ямар нэгэн асуудлыг захиалагч байгууллага өөрөө хариуцна. Тэгэхээр ашиглагч байгууллагад хамаарахгүй. Яагаад гэхээр хүний хийж дуусаагүй ажлыг ашиглагч байгууллага ашиглаж болохгүй шүү дээ.

-Зуслангийн газруудад гэрэлтүүлэг байдаггүй. Хэзээ гэрэлтүүлэгтэй болох вэ?

-Зуслангийн замуудад гэрэлтүүлэг байхгүй. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгана. Цаашдаа авто зам шинэчлэгдэхтэй холбогдуулаад гэрэлтүүлэг тавих асуудал гарна.

Ж.Ганцэцэг
Эх сурвалж: “Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих