Н.Төгсбаяр: Гадаадын компани төрийн бус байгууллагатай нийлж 100 гаруй иргэдийг залилсан
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч Цагдаагийн ахлах тдэслэгч Н.Төгсбаярай ярилцлаа.
-Улсын мөрдөн байцаах газарт иргэдийн мөнгийг залилсан гадаадын компанийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?
- Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст Америкийн нэгдсэн улсын “Дайманд холдинг” компанитай холбоотой гэх “Монголоос дэлхийг тойрох аялагчдын холбоо” төрийн бус байгууллага Монгол Улсын иргэдийг гадаад улсад байгаа Америкийн нэгдсэн улсад аялуулна гээд 220-380 орчим ам. долларыг нэг иргэнээс авч байсан залилангийн хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байна.
-Дээрхи компани хэдэн иргэнийг хохироосон юм бол?
-Энэ хэргийн байцаалтын үед 100 гаруй иргэдийг хуурч залилсан болох нь тогтоогдож эхэлсэн. Түүнчлэн дээрхи холбоо нь нэг ч монгол иргэнийг гадагшаа авч яваагүй байсан.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг жолооч хүний амь насыг хохироосон хэргийн дүгнэлт гарсан гэсэн. Энэ хэргийн гол буруутан нь хэн байсан бэ?
-Энэ сарын 21-ны өдөр нийтийн тээврийн хоёр жолооч замын хөдөлгөөнд оролцож яваад хүн дайрч амь насыг нь хохироосон ослын дүгнэлт гарсан. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн шугамын М:44 буюу “3.4-р хороолол-Чингис ЗБ-Халдвартын эмнэлэг” чиглэлд үйлчилдэг “Сутайн буянт” компанийн 38-64 УБЧ, 5-050 гараажийн дугаартай “DAEWOO CITY BS-106″ маркийн автобусны жолооч Б.Ерөөлтөд тухайн өдөр шалгах механик А.Даваажаргал нь жолооны эрхийн үнэмлэхгүй жолоочийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд гаргасан байсан.
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөн нь тухайн осол гарах шалтгаан болсон. Харин “Тэнүүн-Огоо” компанийн М:27 буюу “Таван шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо” чиглэлийн 45-33 УБЧ улсын дугаартай автобусны жолооч Д.Пүрэвдоржийн тухайд өнгөрсөн оны наймдугаар сард тус компанид жолоочоор ажиллах гэрээ байгуулсан юм билээ.
2001 онд Автотээврийн газрын мэргэжлийн тээвэрлэгч жолооч бэлтгэх сургалтад хамрагдсан. Тухайн өдөр осол гарах болсон шалтгаан нь байгууллага болон техникийн талаасаа нөлөөлөх хүчин зүйл байхгүй. Харин дээр хэлсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосон.
-Өндөр үнэтэй бугуйн цаг дэлгүүрээс алдагдсан байсан. Энэ хэргийг хэрхэн илрүүлсэн бэ?
-”Central tower”-т үйл ажиллагаа явуулдаг “Mont Blanc” дэлгүүрээс алдагдсан 369 сая төгрөгийн үнэтэй бугуйн цаг хулгайд алдагдсан. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн Ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Улмаар тэр өдөртөө сэжигтнийг олж саатуулсан.
-Ямар хүнийг сэжигтнээр саатуулан шалгасан юм бэ?
-Баянзүрх дүүргийн XVIII хорооны иргэн 39 настай М тухайн үнэт эдлэлийг хулгайлсан болохыг эд мөрийн баримтаар тогтоож, “Mont Blanc” дэлгүүрийг хохиролгүй болгосон. М нь тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн байсан. Баривчлан саатуулах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.
-Сэжигтэн хулгайлсан цагаа бусдад зарж үрэгдүүлсэн байсан уу?
-Тэрээр 369 сая төгрөгийн үнэтэй бугуйн цагийг 30 гаруй мянган төгрөгөөр хүнсний дэлгүүрт тавьсан болох нь тогтоогдсон.
-Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь дэлгүүрийн ажилчдын сонор сэрэмжгүй байдалтай холбоотой юу. Тус дэлгүүр хяналтын камертай ч бичлэг хийдэггүй гэх яриа байна?
-Тус дэлгүүрт хяналтын камер суурилуулсан байдаг ч түүнийгээ харж хянадаг хүнгүй, хяналт сул, нягтаршил муутай камер байдгийг хулгайч овжин ашигласан. Тиймээс цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагуудыг нягтаршил сайтай хяналтын камер суурилуулах, харуул хамгаалалтын ажилтнууд ажилдаа хариуцлагатай хандахыг анхааруулж байна.
-Энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэр их бүртгэгддэг вэ?
-Хулгайн гэмт хэрэг бүртгэгдэх нь их байгаа. Нийслэл хотын хэмжээнд 40 орчим гэмт хэрэг бүртгэгдлээ гэхэд доод тал нь 15 хэрэг нь хулгайн гэмт хэрэгтэй холбоотой байдаг. Үүний дотор аж ахуйн нэгж байгууллага дотор, худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдэд хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нь бий. Хулгайн гэмт хэрэг дэлгүүрүүдэд үйлдэгдэх нь өдөртөө гурваас дээш тогтмол бүртгэгдэж байна. Ингэхдээ ихэвчлэн шөнө оройн цагаар үйлдэгдэж байгаа.
-Нийтийн тээврийн автобусанд камер байрлуулах талаар яригдаж байгаа. Энэ нь хэрэг зөрчил буурахад нөлөөлж чадах уу?
-Камержуулалтын системийг гудамж талбайд байрлуулах нь зүйтэй. Ингэснээс гэмт хэрэг буурах ач холбогдолтой. Харин нийтийн тээврийн автобусыг камержуулах нь тийм ч оновчтой шийдвэр биш гэж бодож байна. Тухайлбал, аравдугаар сарын байдлаар 18 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа. Энэ 18 мянган гэмт хэргийн зөвхөн 54 хэрэг нь автобусан дотор үйлдэгдсэн байгаа юм.
-Тэгэхээр автобусанд маш бага гэмт хэрэг үйлдэгддэг юм байна. Автобусанд байр¬луулах гээд байгаа камерийг хэрэг зөрчил ихээр гардаг газруудад байрлуулах боломжтой юу?
-Автобусны буудал болон хэрэг зөрчил ихээр гардаг гудамж талбайг камержуулсан байгаа. Цаашид ч зарим газруудыг камержуулах шаардлагатай. Харин автобусанд камер суурилуулах нь тийм ч оновчтой биш. Дахин сануулахад сард 57 хэрэг автобусанд үйлдэгдэж байна. Энэ бол харьцангуй бага тoo. Түүнчлэн автобусанд зорчигч их байгаа үед хулгайн гэмт хэрэг гардаг.
Гэтэл хүн ихтэй байхад автобусан дотор байгаа иргэдийг камераар хянах нь ер нь боломжгүй. Тухайлбал, камерын үзэгдэх орчин гэж байна. Автобусны жолооч нь байнга камераа төдийлөн арчлаад тордож чадахгүй гээд эргээд хариуцлагын тогтолцооны зүйл урган гарч ирэх болно. Ер нь камержуулалтын системийг ашиглан зарим хүмүүс мөнгө олох гэж байж болох юм.
Л.Алтанхишиг
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
URL: