Арнольд Шварценеггер: Аав минь намайг байнга зоддог байсан
Бодибилдингийн тамирчин, Холливудын нэрт жүжигчин, улстөрч Арнольд Шварценеггерийн “Ici Paris” хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Дашрамд дурдахад тэрбээр саяхан НҮБ-ын сурвалжлагчдын нийгэмлэгээс олгодог “Дэлхийн иргэн” шагналыг хүртсэн юм. Энэ шагналыг хүрээлэн буй орчныг хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн түүнд олгожээ.
-Та “Бүхнийг дурсахуй. Миний амьдралын итгэмээргүй үнэн түүх” хэмээх дурсамж номондоо амжилтынхаа нууцыг бүрэн дэлгэж чадсан гэж бодож байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ ном хүмүүст яаж амжилтад хүрэхийг сургах байх аа гэж би бодож байна. Хэрвээ хүн мөрөөдөлтэй, түүндээ итгэдэг бол боломжгүйг ч хийж чаддаг юм.
Харин хүсэл мөрөөдөл нь хэр том бэ гэдэг л гол асуудал. Жижигхэн төлөвлөгөө гаргаад, зорилгодоо илүү хялбар замаар хүрч болно л доо. Эндээс та аз жаргалаа олж авах нь л чухал.
Би мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хоногийн 24 цаг ажилладаг байсан. Эцэг эх маань намайг ийм байхад галзуурчихаж гэж боддог байлаа.
-Энэ номыг бичихэд юу нөлөөлөв?
-Ном бичихийн тулд цаг хугацаа хэрэгтэй байсан. Бас хүмүүст хэлчихмээр түүх надад байхгүй гэж олон жилийн турш боддог байлаа.
Харин Калифорнийн амбан захирагчаар долоон жил ажилласныхаа дараа цаг нь иржээ гэж бодсон. Хамгийн азтай нь би зохиолчтой хамт ажилладаг байсан бөгөөд тэр надад дурсамжаа бичихэд тусалж, эцэг, эхтэйгээ харьцах нарийн ширийн харилцааг ч гаргаж өгсөн.
Миний бага нас тийм ч аз жаргалтай өнгөрөөгүй ээ. Хүнд нөхцөлд өссөн. Аав маань намайг үргэлж зоддог байлаа. Аав архи уусан үедээ хүүхдүүддээ хатуу ханддаг байсан ч маргааш гэхэд огт өөр хүн болчихдог байв.
Гэр бүлийг минь сүйтгэсэн тэр их хэрүүл шуугианыг үгээр илэрхийлэхийг хичээдэг байлаа. Миний хувьд энэ нь маш хэцүү зовлон байсан юм.
Энэ номоороо амьдралынхаа сайхан үеүдийг төдийгүй алдаа дутагдлаа ч гаргахыг зорьсон. Ном бичих үнэхээр хэцүү хэрнээ сонирхолтой юм билээ.
-Одоо та эхнэр Мария Шрайвертайгаа ямархуу харилцаатай байна даа?
-Энэ асуултад яг жинхэнээсээ хариулж чадахгүй нь. Хэдийгээр бид салсан ч ойр дотны хүмүүс болж үлдэж чадсан. Бид хүүхдүүдээ эв найртай өсгөж, хоорондоо ямар ч “дайн” зарлахаа больсон.
Бид хоёрын харилцаа хүүхдүүдэд минь бага нөлөөлөөсөй гэж бодон, боломжтой бүхнийг хийхийг хичээж байна. Тэд маань хичээл зүтгэлтэй, аливааг өөрөө хийх гэсэн оролдлого-той болсон. Тухайлбал, сайн үйлс бүтээдэг болжээ. Бид тэднээрээ бахархаж байна.
-Та амжилтын нууцыг сайн мэддэг юм чинь хямралаас гарах гарцыг ч мэдэж байгаа байх. Өдгөө энэ асуудал хүн бүрийг зовоож байгаа?
-Би амбан захирагчаар ажиллаж байхдаа мужаа хямралаас гаргаж чадаагүй шүү дээ. Тиймээс энэ асуултад би маш муу зөвлөгч болно биз.
URL: