Нийслэл аюулгүй хот болно

Хүний аюулгүй байдал гэж юу вэ

Финляндад нэг нөхөр байшингаа час улаан өнгөөр будаад шоронд орох шахаж. Хөрш нь түүнийг шүүхдээд зогсохгүй, сэтгэл санааны хохирол хэмээн багагүй мөнгө салгаж чаджээ. Сонирхолтой нь тэр мөнгөөрөө “Хотод амьдрах ухаан” хэмээх номыг хэвлэхэд хандивласан гэнэ.

Тус ном нь нэг дор олон хүн амьдрахад хэн нэгнээ хэрхэн хүндэтгэх өөрийн эрхийг бусдын эрхээр ямар хэмжээнд хязгаарлах зэрэг олон зүйлийг иргэдэд санал болгосон аж. Жишээлбэл та Робинзон Крузо шиг арал дээр ганцаараа амьдраагүй бол хөршүүдийнхээ сонирхлыг өөрийн сонирхолтой нийцүүлэн байж л амар тайван амьдарна. Гаднаа торой шарах, тахиа донгодуулах нь таны эрх мөн боловч хөрш чинь таалахгүй бол түүнээс аюултай хор хөнөөл үүсэх магадлалтай.

Английн газрын тосны компани АНУ-ын эрэгт их хэмжээний газрын тос алдсан. Түүний төлбөрт усыг цэвэршүүлээд зогсохгүй тухайн үед далайд байсан амьтдад болон иргэдэд сэтгэл санааны дарамт үүсгэсэн гэх зэргээр арав гаруй төрлийн хохирол тооцогдоно. Өндөр хөгжилтэй цөөн оронд хүний эрхээс гадна амьтдын эрхийн төлөө тэмцэл эрчимжиж байна.

Ангид нэгэнтээ жоомны эрхийн төлөө жагсаал болж байсан. Шавьж устгах байгууллагуудыг буруутгаж, нэгэнт төрсөн амьтдыг устгах буруу гэсэн уриа дэвшүүлсэн аж. Жагсагчдын үзэж буйгаар жоомыг үржсэн хойно нь устгах биш. Үржих нөхцөлийг л бүрдүүлэхгүй байх ёстой гэнэ. Холливудын одод амьтдын үсээр гангарч байгааг эсэргүүцсэн нэгэн этгээд улаан хивсний ёслолын үеэр “Арьсаар алуурчид гоёдог” гэсэн уриа барин эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэ бүхнээс харвал өндөр хөгжилтэй орнууд хүний эрх болон аюулгүй байдлыг хангаад зогсохгүй, амьтдын эрхийг хангах шатандаа орж байна.

АНУ-д ганцхан гэмт хэрэгтнийг баривчлахад хэдэн арван машин, цагдаа, нисдэг тэрэг ашиглана. ”Ганц хүний төлөө ийм их зардал гаргах хэрэг байна уу” гэсэн хятад жуулчны асуултад “Хүн амь насаа алдвал түүнээс их гарз учирна” хэмээн америк цагдаа хариулж байна. Нидерландын нэгэн хотын дарга цагдаа нартаа гэмт хэрэгтнийг баривчлах үедээ инээмсэглэж байх чамин үүрэг өгсөн гэнэ.

Хачирхалтай нь судлаачид түүний энэ арга гэмт хэрэгтний эсэргүүцлийг хэд дахин буруулсан болохыг олж тогтоосон гэнэ. Судалгаагаар хүний аюулгүй байдлыг хангах тусам иргэд үүргээ илүү ухамсарладаг нь тогтоогджээ. Энэ аргыг хэрэглэсэн Скандинавын орнууд хамгийн их үр дүнд хүрч байгаа аж. Хүний аюулгүй байдал гэдэг зодуулж, нүдүүлэхгүй байхаас гадна оюун санаа нь тайван амгалан байхыг хэлдэг гэнэ.

Улаанбаатар аюултай хот уу

Гаднын жуулчид монгол орныг аюул багатай оронд тооцдог. Дэлхийн хамгийн аюултай хотуудын тоонд хар тамхины наймаачид үүрлэсэн хотууд ордог. Тэр бүхэнтэй харьцуулахад Улаанбаатар аюулгүйд тооцогдоно. Гэхдээ цөөн хүн амтай манай улсын хувьд нийслэл хамгийн олон үхэлтэй бүсэд хамрагдана. Түүн дотроо Налайх дүүргийн нүүрсний амууд.

Тус амуудад сүүлийн тавхан жилийн дотор 100 гаруй хүн амиа алджээ. Социализмын үед манайд малын зүй бус хорогдол гэж байсан. Тэр нь элдэв өвчнөөр мөн чоно нохойд малаа алдахыг хэлдэг аж. Харин хүнсэнд хэрэглэх малаа нядлахыг зүй ёсны хорогдолд тооцно. Гэтэл нийслэлд сүүлийн таван жилд зөвхөн барилгын ослоос cap бүр дунджаар хоёр хүн нас барж байсан баримт байна.

Өнгөрсөн намрын сүүлээр гурван хүн барилгын ослоос амиа алдав. Бараг энгийн үзэгдэл болсон энэ зүй бус хорвоогоос халих үзэгдэл өнөөдөр үндсэндээ зогссон гэж болно. Гэхдээ энэ бүхнийг зогсооход нийслэлийн удирдлага асар их бэрхшээлтэй тулгарав. Осол гарсан барилгын үйл ажиллагааг зогсоох явцад олон шинэ зүйл тодорсон гэнэ. Тэр нь өнөөгийн хариуцлагын тогтолцоо. Өөрөөр хэлбэл хэн нэгэн дарга, цэргээс шалтгаалахгүй. Хэн нэг нь амь насаа алдсан тохиолдолд хэн хариуцлага хүлээхгүй. Эцсийн эцэст иргэд л хохироод үлдэнэ.

Төр ямар ч хариуцлага хүлээхгүй. Нэг ч мөнгөний дэмжлэг үзүүлэхгүй. Татвар төлөгчдийн хэдэн зуун тэрбум төгрөгөөр тансаглаж байгаа түшмэдүүд, хууль зөрчиж хүний амиар бизнес хийж байгаа шуналтнууд улам л дэвшиж, ашиг орлогоо нэмэгдүүлнэ. Учир нь тэдэнд хариуцлага тооцох хууль, дүрэм байхгүй. Хэр хэмжээний албан тушаал дээр сууна, тэр хэмжээгээр гэмт хэрэг хийж болно. Авто зам дээр онгорхой нүх хэдэн cap жолооч нарын машиныг эвдэж, хөгшид хүүхдийг гэмтээнэ. Гэтэл энэ бүхнийг хариуцаад сууж байгаа мэргэжлийн байгууллагууд, хороо, дүүрэг, нийслэлийн гээд хэдэн зуун засаг дарга нар цалин хангамжаа эдлээд л дөрвөн жилийг элээнэ.

Утаа хогийг арилгах хэмжээний мөнгө байсан ч устахгүй өнөөг хүрсэн шалтгаан нь утаа хогтой тэмцээгүйн төлөө шат шатны дарга нар төсвөө нэмж батлуулна. Үнэн хэрэгтээ иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй Засаг дарга үхэл нэмэгдэхийн хэрээр төсвөөс нэмж мөнгө хүртэнэ.

Нийслэлийн тохижсон газар бүхэнд толь шиг халтиргаа гулгаа. Хэргийн учир дулаан оронд хананд наадаг хавтанг хямдыг нь бодоод газар дэвсч, мөнгө хуссаных. Халтиргаа гулгаа нь мөсөн талбайгаас дутахгүй. Ирэх жилээс энэ бүхэн зогсож магадгүй. Нийслэлийн удирдлага саяхан нэгэн албан байгууллагуудыг “захиргаадсан” шийдвэр гаргав. Тэр нь байгууллага бүр 50 метрийн тойрогтоо халтиргаа, гулгаа гэх мэт хүний эрүүл мэндийн эсрэг зохион байгуулалттай байгууламжаас иргэнд хохирол учруулбал тухайн байгууллага хариуцна.

Хүнийг бүү хэл мод ногоог арчилж тордоно. Хөөрхий мод, ногоо хатаж гундвал тухайн байгууллагыг хөөж, зайлуулах хүртэл арга хэмжээ авна. “Мэдээж дарга, захирлуудад энэ шийдвэр таалагдахгүй. Гэхдээ хүний эрүүл мэндийг хамгаалах өөр арга хүн төрөлхтөн одоохондоо бодож олоогүй байна. Жилд хэдэн зуун хүн албан тушаалдаа хайнга хандсан түшмэдүүдийн буруугаас болж хохирдог. Үүнээс хойш иргэдийг хохироосон бүхэн хариуцлага хүлээнэ” хэмээн нийслэлийн хэвлэл, мэдээллийн албаны дарга Б.Түвшин дээрх шийдвэрийг магтаж байна.

Хороодын дарга нар ажилтай болно

Үүл даргын гаргасан халтирч гар, хөлөө хугалсан, хатаж ширгэсэн модыг хамгаалах шийдвэр улам хатуурах бололтой. Хүний аюулгүй байдлын индекс гэдэг юмыг олж тогтоохыг албадуудаа үүрэг болгосон гэнэ. Энэ индекс гэдэг юм аа олж чадвал иргэд зүй бусаар амь насаа алдах явдал зогсоно. Гэхдээ эхлээд хэн нэгэн түшмэдэд аюулгүй байдлыг хангах үүрэг өгнө. Хэм хэмжээ тогтооно. Ажилд ороход нь албан ёсоор сануулна. Өмнө нь хүний амь нас үрэгдэхэд хэн ч хариуцлага хүлээдэггүй байсан бол энэ индекс гэдэг юм хэрэгжсэнээр хаашаа бултах аргагүй хариуцлага. хүлээнэ.

Хороо, дүүргийн Засаг дарга нар аль намын гишүүнээс үл хамааран хүний аюулгүй индексийг хэрэгжүүлж чадахгүй бол албан тушаалаа өгөхөөс эхлээд орон шорон хүртэл хариуцлага хүлээнэ. Налайж суугаад биш, гүрийж гүрдийж байж иргэдээ аюулгүй байлгасан Засаг дарга дараагийн сонгуультай золгоно. Хог ачиж чадахгүй дарга хороо бүү хэл хэсгийн дарга хийх эрх нь хаагдана. Хуурамч зам тавиулсан дүүргийн Засаг даргад хоолноосоо салаад зогсохгүй халаасаа хоослох аюул нүүрлэнэ. Ингэснээр намдаа гишүүн элсүүлж, нам засгаа магтан дуулахаас өөр ажилгүй дүүрэг, хороодын Засаг дарга нар тавьж байгаа замаас эхлээд тарьж байгаа модыг хүртэл хянадаг болно. Энэ бүхнээс иргэд л хожно. Ирээдүйн үрс маань аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

Х.Баттөгс

Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих