Экс Ерөнхийлөгч Дээд шүүхэд дэнслэгдэнэ

Хоёр шатны шүүхээс хоригдох ял сонссон Н.Энхбаярыг энэ сарын 30-нд эцэслэн шүүхээр болжээ. Түүнд холбогдох хэргийг баасан гаригийн 09.00 цагт хянах аж.

Экс ерөнхийлөгч төрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагдан “аавын хаалга” татсан юм. Түүнийг эл хэргийг үйлдэхдээ ганцаараа биш бусдын гар хөлийн оролцоотой хийсэн хэмээн үзэж До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарыг ч буруутгаад амжсан байдаг.

Тэднийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар экс эрхмийг албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгж байгууллагаас онц их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр нийт 25 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн.

Харин До.Чулуунбаатарыг бусадтай бүлэглэн, аж ахуйн нэгжээс онц их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр хоёр жилийн ял оноож, 10 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэв. Мөн Ж.Мягмаржаргалыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшсан, мөн давтан үйлдлээр мөрийтэй тоглоом тоглосон нь нотлогдсон тул 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3.6 жилийн хорих ялаар шийтгэсэн ч Д.Дуламсүрэнг Өршөөлийн хуульд хамруулан сулласан юм.

Хэдийгээр шүүхээс ял сонсч эрхээ хасуулсан ч экс Ерөнхийлөгч эмнэлэгт сувилуулж эрх чөлөөгөө “эдэлсээр” байгаа билээ.

 

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих