Д.Сүрэнхорын эхнэрт таван жилийн ял төлөвлөжээ

Олны анхааралд байгаа хэргүүдийн шийдвэрлэлтийн явц ямар шатандаа байгаа талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

Д.Сүрэнхорын эхнэрийн хэрэг ирэх долоо хоногт шүүхэд шилжинэ Баянгол дүүргийн нэгдүгээр хороо Улаанбаатар Төмөр замын гал унтраах ангийн зүүн талын Нарны зам дээр өнгөрсөн аравдугаар сарын 16-ны өглөөний 06 цагийн орчим Д.Сүрэнхорын эхнэр Д.Энх-Отгон 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Осол гаргасан Д.Энх-Отгон нь УНН 70-20 маркийн ”Toyoto vitz” маркийн автомашиныг согтуу жолоодож явсан байдаг.

Түүний хэргийг Замын цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг шалгаж дуусаад энэ сарын 17-нд Тээврийн прокурорт шилжүүлсэн байна. Прокурор тухайн хэрэгтэй 14 хоногийн дотор танилцах эрхтэй бөгөөд энэ хугацааг хүсэлтээ гаргаж сунгуулах эрхтэй. Гэхдээ хуулийн хугацаанд хэргийг шүүхэд шилжүүлэхийг хянаж буй прокурор нь дуулгасан юм. Тэгэхээр тус хэрэгтэй танилцах прокурорын хугацаа ирэх долоо хоногийн пүрэв гарагаар дуусгавар болж шүүх рүү шилжих эсэх нь тодорхой болох нь.

Түүний хэрэг өмнө нь нэг удаа мөрдөн байцаалтад буцаж байсан. Түүнчлэн Д.Энх-Отгонд Эрүүгийн хуулийн 215.3 мөн хуулийн 216.2 зааснаар хэрэг үүсгээд байгаа юм. Дээрх заалтад буюу 215.3-т “Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсвэл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.

Мөн 216.2-т “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг бөгөөд дээрх хуулийн дагуу буруутай нь тогтоогдвол Д.Сүрэнхорын эхнэр Д.Энх-Отгон таван жил хүртэл хоригдох ял сонсох нь. Дашрамд дуулгахад тэрбээр хоёр өмгөөлөгч хөлсөлж, хэрэг дээрээ ажиллуулж байгаа гэнэ.

Д.Баатар
С.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих