БЕН ЛАДЕНЫГ ХҮНИЙ ЁСООР ОРШУУЛСАН

АНУ-ын цэргийн байгууллага дэлхийд зартай террористыг хэрхэн оршуулсныг өгүүлсэн баримт бичгүүдийн нэг хэсгийг анх удаа олон нийтэд дэлгэжээ. Цэргийнхний нотолж буйгаар, Усама бен Ладеныг лалын шашны уламжлалын дагуу сүүлийн замд нь үдэж, цогцсыг нь далайд оршуулсан байна. АНУ-ын тусгай албаныхан урьдын адил “Аль-Каида”-гийн толгойлогчийг устгах ажиллагаа хэрхэн өрнөснийг мэдээлэхээс татгалзаж байгаа бөгөөд нийтэд мэдээлж байгаа баримт бичгүүд зохих шалгуураар дамжжээ.
АНУ-ын Засгийн газар Усама бен Ладены “үхсэний хөдлөшгүй нотолгоог” өгөхөөр амласан хэдий ч Вашингтон дахь албаны хүмүүс тусгай ажиллагааны нарийн ширийнийг тайлбарлахаас эрс татгалзсаар байна. Хэдэн сарын өмнө хэвлэлийнхний хүсэлтийн хариуд Пентагон мэдэгдэхдээ, 2011 оны тавдугаар сарын 1-нд Пакистаны Абботтабад хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр авсан гэрэл зураг болон дүрс бичлэг “олдохгүй байна” гэжээ. Албан ёсны хувилбараар, цэргийн байгууллагын архиваас амь үрэгдсэн террористын ДНК-г шинжилсний ул мөр болоод ерөөс “Аль-Каида”-гийн толгойлогчийн үхсэнийг нотлох ямар нэг материал олдоогүй байна.
Жил гаруй үргэлжилсэн хэлэлцээний дараа АП агентлаг зартай террористыг хэрхэн оршуулсныг өгүүлсэн баримт бичгийг олж авч чаджээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний офицеруудын бие биедээ бичсэн цахим зурвасуудаас үзвэл, 2011 оны тавдугаар сарын 2-ны өглөө “Аль-Каида”-гийн толгойлогчийн цогцсыг нисэх онгоц тээгч “USS Carl Vinson” хөлөг онгоцоор Аравийн тэнгист хүргэжээ. Флотын командлал болон офицерүүд хоорондын бүх хэлэлцээ урьдчилан тохиролцсон кодоор дамжсан байна.
“Бүгдийг лалын шашны уламжлалын дагуу гүйцэтгэлээ. Талийгаачийн цогцсыг цагаан даавуугаар ороож, ачаатай уутанд хийсэн. Офицер урьдчилан бэлтгэсэн шашны үгсийг уншсаныг араб хэл рүү хөрвүүлсэн. Үүний дараа шарилыг самбар дээр тавьж байгаад далай руу гулсуулсан” гэж нууц мэдээлэлд дурджээ. “Аль-Каида”-гийн толгойлогчийг оршуулах ажиллагааг чандлан нууцалсан байна. Цэргийн бага тушаалтнууд өрөөндөө байж, хөлөг онгоцны тавцан дээр ердөө хэдхэн офицер байжээ.
З.Амгалан

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих