Монголд бизнес хийцгээе
М.Сугар-Эрдэнэ
Мүрата Хиронобү “Japan Business Press” агентлаг
Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны компанийн хүсэлтийн дагуу би энэ хавар Монгол дахь бизнес боломжийн талаар судалгаа хийсэн юм.
Японоос дөрөв дахин том газар нутагтай тус орны хүн ам нь ердөө л 2 сая 800 мянга, манай Осака хоттой ижил гэсэн үг. НҮБ-ын гишүүн орнууд дунд хүн ам хамгийн сийрэг оршин суудаг гэж тооцогддог энэ улс одоо дэлхий дахины анхаарлын төвд ороод байна.
Монголын Үндэсний Статистикийн Хорооны мэдээнээс үзвэл 2011 онд Монголын ДНБ-ний өсөлт 17.3 хувьтай гарчээ. Ситибанкнаас гаргасан “Global Economics View 2011.2” илтгэлд “2010-2015 онд ДНБ-ний өсөлтөөр тэргүүлэх 10 орон”, “2010-2030 онд ДНБ-ний өсөлтөөр тэргүүлэх 10 орон”-ы аль алинд нь Монгол эхний байр эзэлсэн байна.
Өнгөрсөн онд Монголын ДНБ-ний хэмжээ 8.6 тэрбум доллар байлаа. Тус үзүүлэлт нь дэлхийд дөнгөж 133 дахь үзүүлэлт ч 2025 он гэхэд үүнээс 10 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо буй. Тэр үед нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээ 20000 долларт хүрэх юм. Энэ нь одоогийн Өмнөд Солонгос, Саудын Араб, Тайвань зэрэг дэлхийн эхний 40 байрт байгаа улсуудтай зэрэгцэж байна гэсэн үг. Одоогийн Монгол улсыг харахад 40-50 жилийн өмнөх эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж эхэлсэн Япон орон санаанд орж байна. Монгол хүн амын талаас илүү хувийг 25-аас доош насныхан эзэлдэг залуу орон бөгөөд аж үйлдвэр, төр засгийн удирдлагын чухал албан тушаалд 30-40 насныхан голложээ. Энэ залуус “Өөрсдийн гараар улс орноо хөгжүүлнэ” хэмээн зүтгэж, улс орон тэр даяараа итгэл найдвар дүүрэн байгааг нь би Монголд байхдаа яс махандаа хүртэл мэдэрсэн. Японы залуу бизнесмэнүүд ганц удаа ч хамаагүй Монголд очиж үзвэл энд ажиллах хүсэл төрөх болно. Тиймээс би Монголд бизнес хийцгээе гэж уриалмаар байгаа юм. Яагаад заавал Монгол гэж? Монголд бизнес хийх маш том боломж байгааг зургаан зүйлээр тайлбарлая.
1. Эдийн засгийн үсрэнгүй хөгжил
Дээр дурдсанчлан Монголын эдийн засгийн хөгжлийн хурд дэлхийд тэргүүлж байна. Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монголын эдийн засаг 2012 онд 15, 2013 онд 17.5 хувь өсөхөөр гарчээ. Монголын Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн хороо ирэх дөрвөн жилд ДНБ гурав дахин өсөж, уг өсөлт цаашид 10 жил үргэлжилнэ хэмээн таамагласан. Энэхүү хөгжлийн гол хүчин зүйл нь байгалийн баялаг. Дэлхийн гурван том зэс, алтны орд газрын нэг нь Монголд байдгаас гадна энэ улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 7-д орж байна. 2013 онд 30 сая тонн нөөцтэй Оюутолгойн алт, зэсний уурхай, 6.4 тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн нүүрсний уурхай ажилд орно. Энэ хоёр уурхайгаас гадна жижиг, дунд хэмжээний зэс, нүүрсний уурхайнууд ашиглалтанд орон, бүтээгдхүүнээ экспортод гаргаж эхлээд байна. Мөн уран, молибден зэрэг газрын ховор металл ч Монголд их. Засгийн Газар нь уул уурхайгаас орсон орлогыг аж үйлдвэрийн бусад салбарт оруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ганц уул уурхайд тулгуурласан орон болохгүйн тулд стратегийн зарим салбарыг хөгжүүлэхээр төлөвлөөд буй.
2. Монголчууд Япон оронд сайн ханддаг
Бага зэрэг хуучирсан баримт ч 2004 онд ГХЯ-наас “Монгол гадаадын ямар оронтой нөхөрлөх ёстой вэ” гэсэн санал асуулга явуулахад Япон эхний байр эзэлсэн гэнэ. Япон орон байнга Монголыг дэмжиж, тусалж ирсэн учраас Монголд япончуудад сайн ханддаг болов уу. 1991 онд Барууны хөгжилтэй орнуудын төрийн тэргүүн нараас анх удаа Японы ерөнхий сайд Тошики Кайфү Монголд айлчилж, тэр жилдээ Япон улсын санаачилгаар Токиод Монголын донор орнуудын хурал зохион байгуулагдаж байв. Түүнчлэн Япон улс Монголд 2010 он хүртэл 94.2 биллион иенийн буцалтгүй тусламж, 75.8 биллион иений зээл, 33.1 биллион иенийн техникийн тусламж үзүүлээд байна.
3. Японы том компаниуд Монголд орж ирлээ
Өдий хүртэл Японы дунд, жижиг үйлдвэр, худалдааны компаниуд Монголд байсан ч энэ жилээс том компаниуд хөдөлж эхэллээ. Жишээ нь Мицүи компани нүүрсний уул уурхайд, Софтбанк сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд, Сожицү барилга байгуулалт, цахилгаан эрчим хүчний салбарт оролцож эхлээд байна.
4. Чадварлаг боловсон хүчин
Монголчуудын авьяас чадвар, мэдлэг бол бас нэг боломж. Монголчууд математик, ерөнхий ухааны мэдлэг сайтай. Социализмийн үеийн шахаж заадаг боловсролын систем үлдсэн тул физик, химийн хичээл нь бага ангидаа гэхэд л Японы дунд сургуульд үздэг хичээлийг заадаг. Логик мэдлэг, программ зохиохдоо сайн тул Японы АйТи компаниудад дан монгол инженер авдаг газар ч бий. Монголчууд шинэ юм сурах хүсэл эрмэлзэл их, идэвхтэй. Цээж сайтай, юмнаас айж эмээдэггүй зантай. Гадаад хэлний авьяас сайтай бөгөөд англи, орос хэлтэйгээс гадна японоор ч ярьдаг, олон хэлтэй хүн цөөнгүй. Хүн амын ихэнх хувь нь сургуульд хамрагддаг. 2010 онд хийсэн судалгаагаар хүн амын 26.3 хувь нь ямар нэг сургуульд сурч байгаа гэсэн дүн гарчээ. Анхан шатны боловсролд хамрагдах хувь 98.6, дунд сургуульд 94.7, цэцэрлэг, яслид хүүхдүүдийн 77.6 хувь хамрагдаж, 6-14 насны хүүхдүүдийн сургуулиас завсардах хувь дөнгөж 0.8 байна. Монголоос Японд сурч байгаа оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж, 2010 оны тавдугаар сарын мэдээгээр 1282 оюутан Японд сурч байна. Нэмж хэлэхэд, Япон Монголын харилцааны гүүр болох хүсэлтэй монгол бизнесмэний тоо нэмэгдэж, Японы компаниудад итгэл хүлээлгэх болж эхэлсэн. Монголд шинээр компани, аж ахуйн нэгж байгуулахаар зөвлөгөө авч байгаа хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Цаашдаа эмэгтэйчүүд ажил хэрэг явуулж эхлэнгүүт Монголын бизнесийн ертөнц улам эрч хүчтэй болно.
5. Зах зээлийн таатай нөхцөл
Хүн амын 40 хувь нь амьдардаг Улаанбаатарт том хотын бүх салбар, шинж байгаа тул заавал том хэмжээний үйл ажиллагаа явуулахгүйгээр зах зээлийн хүчин чадлыг нэмэгдүүлж болно. Хэт хурдан хөгжиж байгаа тул үйлдвэрлэл, үйлчилгээний салбар гүйцэхгүй хоцорч байгаа. Тиймээс энэ салбарт эрсдэл бараг байхгүйгээр их хэмжээний ашиг олж чадна. Гадаадад ажиллаж байгаа хүн их тул орлого ихтэй гэр бүл олон. Үнэндээ Улаанбаатар дахь дээд зэрэглэлийн гоёл чимэглэл, цахилгаан барааны дэлгүүр болон зочид буудлын үйлчлүүлэгчдийн ихэнх хувь нь монголчууд байдаг. Намайг Монголд ажиллаж байхад BBC-гээр Монголын тухай гарахад Улаанбаатарын Луи Виттонд монголчууд бэлэн мөнгөөр худалдаа хийж байгааг хараад тэд их гайхаж байсан.
6. Хоёр том хөршийн зах зээл
Монгол хэдийгээр жижиг зах зээл ч Монголоор дамжин хөрш орнууд руу нь орж болох сайн талтай. Орос хэлээр ярьдаг монгол хүн олон тул монголчуудтай түншлэн Оросын зах зээлд нэвтэрч чадна. Монголд жилд 190000 хятад жуулчин ирдэг тул хятад жуулчдад зориулсан бизнес хийж ч болох юм. Европын холбооноос татвар төлөхгүй барааны GSP+(Generalized System of Preferences Plus)системийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монголоос ноолууран бүтээгдхүүн багтан их хэмжээгээр экспортонд гарж байна. Цаашдаа өөр олон бараа, бүтээгдхүүн энэ системд хамрагдана гэдэгт итгэлтэй байна.
URL: