Н.Батсүмбэрэл: Түүхийг бүдгэрүүлж байгаад харамсч байна
1924 оны 11 сарын 26-нд хэмжээлшгүй эрхт хаант засаглалыг халж, бурангуй феодалын нийгмээс ангижирч Бүгд найрамдах улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр. Энэ өдрийг бүх нийтийн баяр биш болгож, тэмдэглэлт өдөр болгосон хэдий ч олон нийтээрээ тэмдэглэж байна. ингээд энэ тэмдэглэлд өдрийн талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Н.Батсүмбэрэлийн санал бодлоос сонслоо.
-Тусгаар тогтнолын баярын өдрийг зүгээр энгийн тэмдэглэлт өдөр болгож хувиргасан өнөөгийн улстөрийн нөхцөл байдлыг Та залуу хүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Дэлхийн улс орон бүр тусгаар тогтнолын баярыг маш өргөн тэмдэглэж, бүх нийтээр амарч, гэр бүлийнхэнтэйгээ баярлаж өнждөг. Манай улс ч сүүлийн 80-аад жил энэ баярыг тэмдэглэж ирсэн. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улсаа тунхагласан энэ өдөр монголчууд амраад, бөхөө үзээд, өргөн сайхан тэмдэглэдэг байсан. Харин энэ жил Чингис хааны төрсөн өдөр гээд нэг өдөр олоод Тусгаар тогтнолын баярын өдрийг энгийн тэмдэглэлт өдөр болголоо. Ойрхон хоёр баяр байгаад хоёуланд нь амарч болохгүй юм гэсэн. Энэ бол цэвэр улстөр гэж би харж байгаа. хүн өнгөрсөн түүхээ ирээдүйд засварлаж, түүх рүүгээ нулимна гэж байж боломгүй зүйл. Энэ нь ирээдүйгээ баллаж, сохолж, харлуулж байгаатай хол зөрүүгүй. Өнгөрсөн түүхэнд сайн муу бүхий л зүйл байсан. Хэдий сайн муу зэрэгцэн, алдаа оноотой байсан ч гэсэн бид тусгаар тогтносон гэдэг нь хамгийн том ололт юм.
-Хаант засаглалаас татгалзаж, бүгд найрамдах улсыг байгуулахдаа бид анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Энэ нь эрхзүйт төрийг анхлан байгуулсан гэсэн үг. Энэ том чухал үйл явлдыг тэмдэглэж байгаа баярыг баллаж, бүлдгэрүүлэх хэрэг уг нь байхгүй. Бүгдээрээ хэлэлдцэг, ард олноороо хуралддаг тийм тогтолцоог бид бүрдүүлсэн юм. Бид тусгаар улсаа байгуулж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг бид тэмдэглэх ёстой. Гадаад оронд тусгаар тогтнолын баярыг маш өргөн тэмдэглэдэг. Тусгаар тогтнолын талбай, ордон, хөшөө дурсгал хүртэл тусгайлан байгуулсан байдаг. Улс орныхоо тусгаар тогтнол, үнэт зүйлстэй холбоотой түүхэн кино, баримтат кино, үзвэр үйлчилгээ явуулдаг. Энэ нь хойч үедээ түүхээ тусгаар тогтнолоо өвгөд дээдсийнхээ цусаар, хэрхэн олж авсныг таньж мэдэх боломж олгодог.
-Яг өнөөдрийн хувьд байдал ямар байх шиг байна?
-Энэ өдрийг өнөөдөр зарим улстөрийн шалтгаанаас бүдгэрүүлж байна. Гэхдээ яахав өнгөрсөн олон жил энэ баярыг тэмдэглэсээр ирсэн болохоор ард иргэд маань тодорхой хэмжээнд тэмдэглэж байна. Сонин хэвлэлээр баярын өдөртэй холбоотой нийтлэлүүд гарч байна. Телевиз радио, фэйсбүүк, твиттерээр иргэд хоорондоо баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Иргэд маань тусгаар улсаа тунхаглаж, Үндсэн хуулиа баталсан өдрийн ач холбогдлыг ойлгож байгаа учраас л өнөөдөр баяраа тэмдэглэж байна.
-Өнгөрсөнд болсон ололтыг нь бүдгэрүүлж, алдааг нь тодотгож шүүмжлэх зэрэг нөхцөл байдал сүүлийн үед их ажиглагдах боллоо. Үүний цаана ямар зорилго оршиж байгаа гэж та боддог вэ?
-Төрт улсынхаа түүхийг дүгнэх явдал их гарах болжээ. Алдаа оноо байлгүй л яахав. Гэхдээ оносныг нь булаалдаад, алдсаныг нь нэг нам руу чихих үйлдэл сүүлийн үед маш их гарч байгаатай санал нэг байна. Жишээлбэл Лениний хөшөөг буулгасан үйл явдал. Тэр хөшөөг буулгалаа гээд өнгөрсөн түүх өөрчлөгдөхгүй шүү дээ. Бид харин ололт амжилтаа, түүхэн гавьяат үйлсээ мөнхөлж, залуу үедээ сурталчилан таниулах хэрэгтэй. Монгол улсын түүх, тусгаар тогтнол бол нэг хүнд, нэг намд хамаатай биш Монгол улсад, иргэн бүрт хамаатай чухал зүйл шүү дээ. Тиймээс энэ баярын өдөрт ямар нэг улстөргүйгээр хандах ёстой байсан.
-Тусгаар тогтнолын талаарх таны бодол?
-Тусгаар тогтнолын хувьд хүн бүр өөрийн гэсэн үнэлэмж, дүгнэлттэй байдаг байх. Улстөр эдийн засгийн бие даасан байдлыг л тусгаар тогтнол гэж би боддог. Тусгаар тогтнол бол улс орны нэн тэргүүний хамгийн үнэт зүйл. Өөрийн гэсэн эдийн засаг, хэл соёл, мөнгөн тэмдэгт, газар нутагтай байх нь улс орон хөгжих, үндэстэн угсаатан мөхөхгүй орших баталгаа болно. Үндэстэн маань оршиж, цаашдаа ч оршин байх илэрхийлэл нэршил, үнэ цэнэ бол тусгаар тогтнол юм. Харин үүнийг үгүйсгэж, өөрчилж, бүдгэрүүлэх нь байж боломгүй асуудал.
-Одоогийн залуус маань тусгаар тогтнолын талаар төдийлөн ойлголт муутай, эсвэл үүх түүхээ мэдэхгүй байх шиг санагдах юм. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ?
-Тусгаар тогтнол бол хамгийн үнэ цэнэтэй, чухал зүйл. Амар амгалан, энх тайван үед төдийлэн ажиглагддаггүй. Хүнээр бол сүүдэртэй адилхан. Хүнд хэцүү гадны түрэмгийлэлтэй, дайн байлдаантай, эрх чөлөөгөө хумиулсан үед тусгаар тогтнолын үнэ цэнэ илүү тодорч харагддаг болов уу. Төвөд орон гэхэд л иргэд, лам нар нь өөрсдийгөө шатаагаад тусгаар тогтнох хүслээ илэрхийлээд, олон улсын анхааралд өртөх гэж хичээж байна. Тусгаар тогтнол бол ийм л үнэ цэнэтэй зүйл шүү дээ. Энэ үнэ цэнийг монголчууд маань өнгөрсөн түүхэндээ багагүй олон удаа амсаж, мэдэрч байсан. Гэтэл сүүлийн үед тусгаар тогтнолын ойлголт нь их зөрүүтэй болчихоод, үнэ цэнийг нь хүртэл ойлгохоо больчихоод байх шиг.
URL: