Хяналтгүй зар сурталчилгаа хүний наймааг өөгшүүлж байна

Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн 71 холбогдогч, 129 хохирогчтой 51 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Энэ тоо бүртгэгдсэн шалгагдсан тоо болохоос биш, үүний цаана хүний наймааны золиос бологсдын тоо хэд хүрэхийг таах аргагүй. Учир нь хүн худалдаалах наймаа маш далд, нууцлаг хэлбэрээр явагддаг. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа Тагнуулын Ерөнхий газрын судалгаагаар биеэ үнэлэгч охид, эмэгтэйчүүд хэн нэгний захиалгаар, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн шинээр охид, эмэгтэйчүүдийг элсүүлэх, улмаар зуучилж хил гаргах үйлдэл идэвхжих шинжтэй байгаа нь тогтоогджээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт хохирогч болох нь тогтоогдсон иргэд ихэвчлэн өндөр цалинтай ажил хийх, амьдралаа дээшлүүлэх зорилгоор зар сурталчилгааны дагуу хандаж, тодорхой зуучлалаар гадагш гарч гэмт халдлагад өртөж, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд ордог. Гадаадад оронд хөдөлмөрлөж мөнгө олоод ар гэрээ тэжээх, ахуй амьдралаа өөд нь татах гэсэн нь тэдний буруу биш. Гагцхүү энэ мөрөөдөл дээр нь дөрөөлөн, хил гаргаж ажилд зуучлах нэрээр харьд зарж, янхан болгон түрийвчээ түнтийлгэдэг хүний наймаачдыг илрүүлэх ажил хангалтгүй байгааг харуулж байна.

      БНХАУ-д очсон Монгол охид, эмэгтэйчүүд урд нь сайн дураар биеэ үнэлж байсан болон дээрх гэмт хэргийн хохирогч болж байсан монгол охид, эмэгтэйчүүдээр зуучлуулан биеэ үнэлэх замд орж байна. 35-40 орчим насны Монгол эмэгтэйчүүдийг хөдөө тосгонд зарах тохиолдол сүүлийн үед гарах болсон. Харин залуу охидыг Хөх хот, Бээжин, Ордос, Макао, Шанхай зэрэг хотуудад худалдаж, биеийг нь үнэлүүлдэг, ялангуяа Шанхай, Макаод Монгол охид, эмэгтэйчүүдийг кодолж, нууцаар биеийг нь үнэлүүлдэг байна. Түүнээс гадна Хятадын орон нутгийн зам дагуу шинээр баригдсан жуулчны баазуудад  Монгол охид, эмэгтэйчүүд биеэ үнэлдэг бөгөөд тухайн газруудад баян чинээлэг хятад иргэд тэднийг өндөр үнээр худалдан авч биеийг нь үнэлүүлдэг болсон байна. Хамгийн түгшүүртэй нь  хүний наймаа эрхлэгчид Монгол Улсад ирж охид, эмэгтэйчүүдийг янз бүрийн аргаар элсүүлэх бодлого баримтлах болсон. Ингэхдээ тэд охид, эмэгтэйчүүдийн ар гэр, амьдрал ахуйг сайтар судлан хил залгаа аймаг, сумдаас ажилд шалгаруулж авах, гадаадад сургуульд суралцуулах, тухайн газарт нь өндөр цалин хөлс амлах зэрэг арга хэрэглэж байна гэжээ.
            Хүний наймааны золиос болох эрсдэлт хүчин зүйлсийг:
  •  Иргэдийн гадаадад сурч, ажиллаж амьдрах гэсэн хүсэл эрмэлзэл
  •  Хүүхдэд олгож байгаа төрсний гэрчилгээ нь зураггүй байдгаас төрсний гэрчилгээ нь гадаадад зорчих гэж байгаа хүүхдийнх мөн эсэхийг хянах, шууд тогтоох боломж муу байдал
  •  Иргэдийн өдөр тутмын хэрэглээ интернэт сайт, мессенжер, фейсбүүкийг ашиглан биеэ үнэлэх байдал ихэссэн, эцэг эхчүүдийн хувьд секс тоглоом болон порно сайтуудын талаарх мэдлэг дутмаг байдал
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээ, зард хяналт тавих тогтолцоо, түүнийг тусгайлан хянасан хуулийн байгууллага бараг байхгүй байгаа зэрэг гэж тодорхойлсон байна.

З.Намжилмаа


URL:

Сэтгэгдэл бичих