Тэвч, итгэ, хүлээ, тэгвэл чи ялна
Би жирийн нэг ажил, амьдралтай энгийн нэг залуу. Тогтсон ажил төрөл, гэр бүлтэй хүн. Сургуулиа төгсөөд ажил төрөлтэй болсоор даруй тав зургаан жил болчихжээ. Ажилдаа ч дур сонирхолтой нэгэн. Манай хэлтэс голдуу эмэгтэйчүүд байх.
Би ажилд орсноосоо хойш Нандин хэмээх нэртэй бүсгүйтэй нилээн ойр холбоотой ажилладаг байлаа. Олон жил хамт ажиллаад ирэхээр бие биенийхээ зан аашийг гадарладаг болж, юу хэлэх яах гэж байгааг нь төвөггүй ойлгодог болчихсон байлаа. Нандин бол царайгаараа гял цал биш ч зөв хэлбэр төрхтэй биеэ сайхан авч явдаг, донжийг нь олж хувцасладаг зэрэг нь ямарч эрийг өөрийн эрхгүй эргэж харахад хүргэдэг.
Нөхөртэй, ганц хүүхэдтэй эмэгтэй. Бид хоёр юм олдвол хуваагаад идчихдэг, хааяа жаргал зовлонгоо ярилцчихдаг гэмгүй сайхан найзууд болцгоосон байлаа. Ажлын газрын найзууд бид хоёрыг та хоёр учиртай байхаа хэмээн хардацгаана. Бид хоёрт учир ургуулаад байх нөхцөл ч байгаагүй. Харин өнгөрсөн зун манай ажлынхан хотоос гадагш Тэрэлж-Горхийн амралтад хоёр хоног амарсан нь миний амьдралыг орвонгоор нь хөмөрсөн юм.
Амралтад явсан улсууд ууж идэх сонирхол давамгайлдаг болохоор эрчүүд нь нэгнээ уруу татан сэм сэмхэн зуу татсаар хөөрхөн халамцаад өрөө хэсэн найрлаж гарлаа. Харин би хэзээ тасарч унаснаа мэдсэнгүй. Нэг сэрсэн чинь Нандингийн өрөөнд унтаж байв. Өрөөнд Нандин бид хоёроос өөр хүн байсангүй. Ямар адын бодол шүгэлсэн юм мэдэхгүй найзтайгаа унтах хүсэл гэнэт төрлөө.
Нандингийн гэртээ байгаа юм шиг хөнжлөө яран хэнхдэг цээжээ ил гарган тайван гэгч нь унтаж байгаа нь архиндаа халамцсан надад тийм сэтгэгдэл төрүүлсэн ч байж магадгүй. Хувцсаа тайлан Нандингийн хажуугаар ороход тэр дургүйцсэнгүй зай гарган цаашаа болж өглөө. Архиндаа хордсон тархи толгой ингэж болохгүй шүү дээ гэсэн ч хүсэл тачаалаа дийлэхээ байсан бие махбод өөрийн үүргээ тун гарамгай гүйцэтгэсэн. Энэ өдрөөс хойш бид хоёр сайн найзууд биш сайхан нууц амрагууд болж хувирсан даа.
Зав чөлөө гарах болгондоо бид бие махбодийн жаргал эдэлнэ. Нандингийн нөхөр эрдэм шинжилгээний ажилтан гадаадад докторын зэрэг хамгаалахаар Украинд суурьшан эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийж нутагтаа цөөхөн ирсэн гэдэг. Нандин энэ зун амралтаараа нөхөр дээрээ очоод ирлээ гэж байсан. Бид хоёр ч шинэ залуу хосууд шиг л жаргалдаа ташууран нэг хэсэг явлаа.
Тэгж явж байхдаа хатгаа авч эмнэлэгт хэвтлээ. Эмчилгээ хийлгэсэн ч олигтой бие дээрдэхгүй байв. Нарийвчилсан шинжилгээний хариу намайг цаазын тавцанд аваачснаас өөрцгүй байдалд оруулав. ХДХВ буюу ДОХ-ын халдвар тээгч болсныг эмч маань хэлсэн. Надаас холуур байх юм бодож хэнэггүй явсны гай ингэж ирэв. Биеэ үнэлэгчдийг л тэр өвчний тээгч мэтээр ойлгож явсан минь ямар алдаатай ойлголт байсныг өөрийн биеэр мэдэрлээ. Одоо би яах вэ …
А.Баярсайхан
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: