“Анод” банкны удирдлагуудад найман жилийн ял төлөвлөжээ

“Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүх танхимд товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшлов. Эх сурвалжийн өгүүлснээр шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч нар шүүх хуралд ирээгүй аж. Эл байдлыг харгалзан үзсэн шүүх бүрэлдэхүүн хурлыг ирэх сарын 18-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.

“Анод” банкны удирдлагуудын гэх хэрэгт  Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг,  СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдсан юм. Тэднийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч хувьцаагаар 1200 гаруй хүнийг  хохироосон хэрэгт буруутган дэнслэх аж. Эдгээр эрхмүүдийг хэдэн жил дамнан шалгаж буй ч эцсийн шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн долдугаар сард шүүх хурлын тов зарлагдаж хэргийг эцэслэн шийдэх нь үү гэтэл дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийн материал 149 хавтаст хэрэг байгаа гэх мэдээлэл бий.

Дашрамд өгүүлэхэд, хувьцаа эзэмшигчийн мөнгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх ТУЗ-ын гишүүн  Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарт Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 156.3, 143 зүйл ангиар яллах дүгнэлт зэхжээ. Хэрэв дээрх эрхмүүдийн гэм буруутай нь тогтоогдвол найман жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.

Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих