Гозойсон хөлөнд гомдохын учир

Иргэний хөдөлгөөнийхөн нэгдэн Н.Энхбаяраар нүүр хийн МАХН-ыг анх үүсгэн байгуулсан. Үндсэн хууль хийгээд органик хуулиудыг яаж зөрчиж болдгийг яруу тодоор харуулсан энэхүү нам үүсэн байгуулагдах явцад иргэний нийгмийн төлөөлөл болсон хэдэн нөхөд Н.Энхбаярын эргэн тойронд жагсах, суух тухай ярин хань бараа болж байлаа. Гэвч өнөөх “Хувьсгалыг тэнэгүүд хийж, ухаантнууд завшдаг” гэсэн мушгиа үгний биеллийг өнөөдөр эл нам руу хошуурагсад харуулж байна. “Шударга ёс” эвсэл парламентад төлөөлөлтэй болсныг “Энхбаярын хөл гозойсны” ач гэх дүгнэлтийг улс төрийн хүрээнд хийгээд байгаа. Үнэхээр ч ялж яваад нь нэг, ялагдаж яваад нь хоёр гэдэг монгол сэтгэхүй тэр гозойсон хөлний төлөө саналаа өгөхөд хүргэсэн. Харин үүний дараагаас МАХН руу ашиг хонжоо хайгсад үнэн төрхөө харуулан ичиж улайхгүйгээр гүйцгээсэн. Сонгуулийн өмнө сонголтоо хийгсдийг энд хэлээгүй юм шүү. Харин сонгуулиар парламентад суудал авмагц нь нүүрэн дээрээ “баг зурчихаад” гүйж очсон хэсгийг хэлж байна. Ичих булчирхай нь эхээс төрөхдөө л гээгдчихсэн эдгээр хүмүүс үнэндээ улс төрд улс орныхоо сайн сайхны төлөө бус утсан чинээ улаан амиа борлуулахаар орж ирсэн гэдгээ эл үйлдлээрээ харуулаад байгаа юм.

Тийм ч учраас тус намд хувьсгалыг нь хийсэн нөхөд хойноос ирээд хот манайх гэж дайрцгаан намын тодотголтой бялуу хуваалт албан тушаал бүр рүү шүлэнгэтэж байгаа тэдэндээ дургүйцлээ ил, далдаар илэрхийлээд эхэлсэн юм билээ.

Хүйтэнд хөрч, халуунд халан гудамжинд жагссан хэсэг нь Засгийн газарт хамрах сургаар л “тэр яамны тийм хэлтэс газрыг би, чи тэр яамны төрийн нарийныг …” гэхчлэн аман хуваарилалт хийцгээсэн. Бүр хөөрөөд пиджак энэ тэрээ ч битүүхэндээ зэхээд авсан гэдэг. Гэтэл өдгөө өнөөх гоёл шүүгээндээ, эзэн нь намынхаа үүдийг сахисаар.

Байдал ийм байхад мөрлөөд гарч ирсэн хэсэг бухимдах нь аргагүй, барьцгүй албан тушаалд дурлагсдадаа дургүйцэх нь ч аргагүй.

Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъян гэхэд өнөөдөр дэлхий даахгүй тэнэг гэцгээх юм. Тэр төрийн албыг ашиглачихсан л болохоос санаа нь ядаж нэг шугамандаа байх голтой эр хүний шинжийг харуулаад байгаа юм.

Сайд Х.Тэмүүжин “Төрийн албан тушаалыг Монгол Улсын эрх ашиг, иргэдийн төлөө ашиглахын оронд эзнийхээ төлөө ашигладаг гинжний ноход байж болохгүй ээ. Би ил цагаан хэлдэг. Нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой албан тушаалыг эзнийхээ төлөө, хувийнхаа эрх ашгийн төлөө ашиглахыг оролдож байгаа бол төрд биш, хувийн компанид ажиллах хэрэгтэй. Н.Энхбаярынхаа хувийн компанид ажиллах нь илүү нэр цэвэр, итгэл үнэмшилтэй шүү дээ” гэж Ж.Эрдэнжамъянд зориулан хатуухан хэлж. Энэ үнэн.

Гэхдээ Ж.Эрдэнэжамьян ядаж МАХН гэх нэрийг авахаас нь эхэлж Н.Энхбаяр гэж хүнтэй хамт явсан. Одоо ч бүх бодол, санаагаараа түүндээ үнэнч байна. Улс төрийн намд хүн итгэл үнэмшлээрээ нэгдэх орох, гарах нь Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Энэ бол монгол хүн бүрийн өмнө нээлттэй эрхэм эрх. Гэхдээ эрхээ эдлэн гарч орцгоогоод байгаа нөхдөд сэргэж, унтраад байх өөрийн гэсэн итгэл үнэмшил, улс төрийн чиг хандлага байгаа гэдэгт хэн ч итгэхгүй.

Учир нь намаас нам руу явахдаа тэр үзэл баримтлал таалагдаад гэж ганц дуугарахгүй мөртлөө “Танайд очвол надад ямар албан тушаал өгөх юм, яаж дээш нь явуулах юм” гэсэн шантаажны асуултаар мэнд мэдэж, гар барьдаг болчихоод байгаа гэсэн. Жишээлбэл, Батбаяр гэхэд Усны хэрэг эрхлэх газрын дарга болно, П.Хангай аль таарсан яамных нь төрийн нарийн бичгийн дарга болно гэсэн тохироотой МАХН-д орсон гэж байгаа. Дээрээс нь У.Барсболд, Г.Шийлэгдамба гэж ирээд баахан намчирхсан хүмүүс хэвлэлээр гарах болов. Эд ирэх 2016 оны сонгуулийн дараа ямар ч үр дүн гарсан эндээ л байх болов уу. Эсвэл бид буруу сонголт хийжээ, буцаагаад аваач гээд МАН-ын хаалгыг балбах болов уу. Үүнийг цаг хугацаа харуулна. Харин энэ намыг байхгүйгээс нь эхэлж Н.Энхбаярыг дагаж, тэмцэж зүтгэж өнөөдрийг хүргэсэн партизанууд нь “Дарга хөлөө гозойлгоод амжилт гаргасан шигээ амь тэмцэн зүтгэсэн мануусынхаа хувь заяаг шийдчихгүй юм” хэмээн гомдсоор, харсаар, хүлээсээр…

М.Мөнхчимэг

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих