Н.Энхбаярын хорлогдсон гэх шинжилгээний хариу хаачив. Эсвэл ээлжит шоу байв уу?
Өмнө нь гарч байгаагүй шинэ шинэ үзэгдэл, үйл явдлын эзнээр МАХН-ын дарга Н.Энхбаяр тодроод байгаа. МУ-ын Ерөнхийлөгч асан хүн шоронд орсон, 700 цагдаагаар шөнөжингөө мануулсаны эцэст үүрээр хөлөө гозолзуулан баривчлагдсан, арав гаруй хоногийн турш хуурай өлсгөлөн зарласан, монголд байхгүй эмгэг туссан, шүүхээс хорих ял сонссон ч ялын биелэлтийг гурван сарын хугацаанд эмнэлэгт өнгөрүүлж байгаа, шүүх хурлыг телевизээр шууд дамжуулсан гээд энэ бүх анхны тохиолдлын эзэн нь Н.Энхбаяр.
Түүний эдгээр үйлдлийг зарим нэг нь өрөвдөн хардаг бол зарим нь Н.Энхбаярын ээлжит шоу гэж хүлээж авах нь олонтаа. Харин “Н.Энхбаярын үснээс шинжилгээ авахад хорлогдсон гэж гарсан” хэмээн МАХН-аас мэдээлсэн нь Н.Энхбаярын ээлжит шоу байв уу?
Н.Энхбаяр өлсгөлөн зарлалаа, бие нь муудлаа, ухаан алдлаа, өвчин нь хүндэрлээ хэмээн Н.Энхбаярын талаарх мэдээллийг хэвлэлийн хурал зарлаж байгаад л сүржин мэдээлдэг МАХН-ынхан Н.Энхбаярын хорлогдсонг нам жим мэдээлсэн. Тодруулбал, зүгээр л хэвлэлийн мэдээ бэлдэн хэвлэлийнхэнд тараасан юм.
Лавлан асуувал “Хорлогдсон гэж гарсан. Шинжилгээг БНСУ-д хийлгэсэн. Харин юунаас хордсоныг шинжлүүлэхээр АНУ руу явуулсан” гэх ганц хариултыг өгсөн. Харин өнөөх АНУ-аас ирэх шинжилгээний хариу өнөөдрийг хүртэл нам жим. Намынхан нь ч нам жим.
Хэрвээ Н.Энхбаяр үнэхээр хорлогдсон бол МАХН-ынхан, түүний ар гэрийнхэн ингээд нам жим байх байсан болов уу?
Анх саатуулагдахад нь л Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Нөхрийг минь алчихлаа, алчихсан байна ш дээ” хэмээн хорихын хуягууд руу орилж, хашгирч дайрч байсан хүн. Тэгэхээр хорлогдсон гээд шинжилгээний хариу гарсан байхад ингээд нам жим байгааг нь олон хүмүүс гайхаж байна.
Юутай ч өнөөдрийг хүртэл таг байгаа, намынхан нь ч эрэл сурал болохгүй байгаа шинжилгээний хариу хаачив??? Энэ нь бас л Н.Энхбаярын ээлжит шоу байсан юм болов уу?
Тэрээр одоо Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хоёр шатны шүүхээс түүний гэм буруутайг нотолж, дөрвөн жилийн хорих ял оноосон. Тиймдээ ч ялын тогтоолыг өнгөрсөн аравдугаар сарын 12-нд гардуулсан. Уг нь ялын тогтоол гардуулсанаас хойш тус ялтанг хорих ангид хуваарилдаг. Гэвч тэрээр биеийн байдал муу хэмээн эмнэлэгт хэвтсээр байгаа юм. Энэ нь иргэдийн дунд эрүүл мэндийн байдлаа ашиглан, ялаас чөлөөлөгдөх нь гэх хардлагыг төрүүлээд байсан ч Н.Энхбаяр өөрөө үгүйсгэн “Би эрүүл мэндийн шалтгаанаар яасан ч суллагдахгүй. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан цагт л суллагдана” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.
Н.Энхбаярын цагаадах уу, ялаа үргэлжлүүлэн эдлэх үү гэдгийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр ирэх сарын эхээр хэлэлцэнэ.
Б.ЧимT
Эх сурвалж: 24tsag.mn
URL: