Бодлын цагаан хун” цээжний алсаас дэвэлзэнэ VIDEO FOTO
Дорнын говийн нэгэн уянгат орой, одоогоос 10 гаруй оны өмнө юмсан уу, Монгол телевизийн “ТҮ караоке” хэмээхнэвтрүүлэгт “Их засаг” их сургуулийн оюутнууд оролцож байв. Тэдгээр залуусын дунд нэгэн охин Ардын жүжигчин А.Долгорын дуулдаг “Бодлын цагаан хун” дууг телевиз үзэж суусан хүмүүсийг суудлаасаа өндөлзтөл дуулж орхив.
Тухайн цагт бөглүүхэн сумын төвийн хүмүүсийн амнаас ам дажин ярих зүйл нь тэр болж, дэлгүүр хоршоо, Засаг захиргаа, Хүүхдийн цэцэрлэг гээд хаа сайгүй таарсан газартаа л “Өчигдрийн тэр зурагтаар дуулдаг охин мөн ч сайхан дуулав аа. Ховорхон хоолой шүү. Даанч өөр мэргэжлээр сурах юм” хэмээн халаглаж байсан нь өчигдөр мэт сонсогдовч тэр цагаас хойш 10 гаруй он улирчээ.
Гэтэл нэгэн удаа цэнхэр дэлгэцээр өнөөх сураг алдарсан охин чинь энэ цагийн уянгат дуучдын нэг Т.Батсайхантай хамтран “Ханьсахын жаргал” дууг эгшиглүүлж, өнөөх л амнаас ам дамжин битүүхэндээ цаашид дуулахгүй нь гэж харамсч байсан олны сэтгэлд баярын гэгээ татуулав даа.
Дуундаа хайртай дуучин түмнийхээ сэтгэлд гэгээ татуулж байсан тэр цаг бол 2005 он. Тэрбээр СУИС-д оюутан болж, анхны уран бүтээлээ ард олондоо хүргэж байгаа нь энэ. Г.Эрдэнэтунгалаг бол өдгөө ард түмний сонсох дуртай, хайрлаж хүндэтгэдэг дуучин болж, олон ч уран бүтээлийн ард гарчээ.
Дуурийн дуучин Ө.Уянгыг мэргэжлийн хүрээнийнхэн үнэлдэг, ард түмэн сонсдог, өөрийн гэсэн орон зайтай уран бүтээлч гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэрбээр нэгэн удаа “Танд өрсөлдөгч бий юу, байгаа бол хэн бэ” гэсэн асуултад тэр бодож санасан юмгүй “Г.Эрдэнэтунгалаг” гэсэн юм. Нэгэн үед тодорч гарсан дуучин маань чин үнэнийг ийнхүү хэлсэн гэдэгт эргэлзэх юм алга.
Гэтэл хөгжмийн зохиолч Б.Шарав “Олон сайхан залуучууд дуулж байна. Яахав цагийн шалгуураар цөөн нь үлддэг хуультай. Г.Эрдэнэтунгалаг гээд цөөн хэд нь цаг үеийг төлөөлж үлдэх болов уу. Бусад нь гомдох вий” гэсэн байх юм. Б.Шарав гэгч монголын төдийгүй дэлхийн хөгжмийн ертөнцөд нэр нь явдаг бяртай хөгжмийн зохиолч.
Бас уянгат дуучдын нэгэн үеийг төлөөлж, одоо ч өөрийн дуу хоолойг үгүйлүүлсээр байгаа УГЖ А.Бүтэд “Г.Эрдэнэтунгалаг олон жил тогтож, сайн дуулах хүн гэж боддог” хэмээжээ. Эдгээр улсын дүгнэлт, ард түмний хүндлэлээс харахад л Г.Эрдэнэтунгалаг гэж ямархан хэмжээний дуучин болж өсч, өндийснийг гэрчлэх бус уу.
Анх удаа “Бодлын цагаан хун”-гийн дэвэлтээр ард түмнийхээ зүрх сэтгэлд нисч ирсэн дуучин маань одоо ид өндөр аван нисч байна даа. “Бодлын цагаан хун”-гийн жигүүр цуцам алсын алсад урлагийн алтан хоймор бий. Гэхдээ энэ гэгээн жигүүр цуцахгүй гэсэн итгэл Монгол түмэнд бат буй бололтой. Эрхэм уран бүтээлчийн цаашдын уран бүтээлийн дөрөөнд үгийн сүү дусаав. “Бодлын цагаан хун” уянгалан уянгалан дэвэг дээ.
С.Ууганбаяр
URL: