Англи хэлний багш эмээ /Шог өгүүллэг/

Ясаа амрааж, гавъяаны “амралт”-аа эдлэнэ гэж бодтол тэс хөндлөн зөрөөд “давхичихав” аа чи минь. Тэтгэвэрт суусны маргааш дунд охин утастдаж “Ээж ээ, та Энхмаагийн англи хэлийг “сайжруулж” өгөөч. Энэ жил дээд сургуульд шалгалт өгнө. Манай энэний дуудлага нохойнд хүний хэл заасан юм шиг “самарч” байна” гээд охиноо над руу явууллаа.

Зээ охин маань англиар ярих гэж тотиноос дор дуугарч байнаа. “Хэлоү” гэхийг “Хэлүү” гэх юм. “Тэнкюү” гэхийг “Тэнэг үү” гэнүү, “Тэнэх үү” ч гэнүү мэддэг хүний дэргэд бол яс хавтаймаар. “Хэл”-ийг нь засах гэж анхнаас нь эй би-гээс нь “заах” хэрэг гарав… Хүний хүүхдэд хичээл зааж байсан болохоос өөрийнхөө хэд рүү “өнгийж харсан” удаа байхгүй юм байна. Том хүүгийн бага хүү англиар ярих гэж золтой л тархинд цус харвуулчихсангүй. “Плийз” гэхийг л хэлж чадахгүй “Биелээч” гээд зогсож байвал яахав.

За, ингээд тэтгэвэрт суусан биш хэлгий даадай ач зээ нартаа хэл заах хүнд хэцүү ажлыг өөрийн биеэр эдэллээ. Би анх орос хэлний багш байлаа. “Дайте мне, пожалуйста” гэдэг үгийг олон хүүхдэд заасан даа… Соц нийгмийн үе байсан болохоор багачууд нь орос дэлгүүрт орохоороо алим гуйгаад, томчууд нь шар толгойтой хүн харахаараа тамхи гуйгаад… том жижиггүй оросоор ус цас байлаа. Бүр дээгүүрээ бол  зөндөө том юм гуйна гээч. Брежнев даргаа, нам нужны много домы гээд. Хонины маханд дуртай нөгөөх нь хэлсэнийх нь зоргоор хороолол хорооллоор байшин барьж өгөөд. Орос хэлний ашиг тусих л байлаа…

Харин дараа нь цагийн эргэлтээр нэмж англи хэлний багшийн мэргэжилтэй болсон юм. Зах зээлд англи хэлний хэрэгцээ бензин шатахуунаас дутахгүй хэрэгцээтэй байсан тул сүүлийн хорь орчим жилийг ардын хүүхдүүдийг англиар “Гийв ми” гэж хэлж суруулах гэж үзэлцлээ. Хаа ч очсон миний шавь нар нүүр улайлгахгүй англиар “плийз, гийв ми” гээд тамхи тарианаас авахуулаад хүссэн зүйлээ гуйгаад авчихна. Жаахан гайгүй яваа сайд дарга болсон нь улс орондоо хэрэгтэй юмыг гуйгаад сурчихлаа. Зарим нэг нь Давосын зөвлөгөөн дээрээс над руу шууд утастдаж “Багшаа, “луу унжихгүй” өрөө төлнө гэдгийг яаж цэвэрхэн дууддаг юм бэ?” гээд асууж байдаг юм.

Багш хүн гэдэг насан туршдаа шавь нартаа “багш” байдаг юм байна. Англиас нэг шавь охин маань утастлаа. Хүнд мөнгө төлөөд гэрлэлтээ батлуулах юм байх аа. “Хуурамч гэрлэлт” гэдгийг яаж хэлэх вэ гэж асуулаа. Уул уурхайн хөрөнгө оруулалт хийх гэрээ хийж буй шавь маань бас залгав. “Тавь тавин хувиар гэрээгээ хийе гэсэн ойлгохгүй байна. Энэ новшнууд манай талд гучин хувийг нь өгнө гээд байх юм. Хамаг баялгаа өгчихөөд гучин хувийн ашигтай гэрээ хийвэл манайхан ойлгохгүй намайг “авилгал” авсан гээд толгой хага цохихбайх даа” гээд утасны цаана мэгшлээ.

Явж явж миний буруугаас болж Монгол улс ашиггүй гэрээнүүд хийгээд байгаа болж таарах нь ээ. Миний сургасан шавь нар англиар “фифти” гэж хүнд ойлгуулж “чадахгүй” байгаа нь миний буруу юу. Монгол залуус нь моодноос гарсан мэт тэр нэг охин Англид “хуурамч гэрлэлт” хийх хүн хайгаад тэнэж яваа нь надтай холбоотой юу. Эсхүл жинхэнээсээ гэрлэнэ, насан туршдаа хамт амьдарна гэдгээ буруу ойлгуулаад чи намайг бичиг баримттай болговол би чамтай үнэгүй унтана гэсэнд намайг холбох хэрэг байна уу?

Улсынхаа мөнгө хөрөнгийг өөрсдөө буруу хоолойгоороо залгичихаад өөр улс орноос гуйлга гуйж, бадар барьж яваа нь бас надтай холбоотой юу? Би тэдэнд англи хэл заасан болохоос төрийг яаж авч явах хичээл заагаагүй биз дээ. Тэрэнтэй худлаа гэрлэ, наад муу хар чинь ДОХ-той байвал яана, энэнтэй битгий суу, сайхан архичин шүү гэж сургаагүй сэн… Намайг тэтгэвэрт гарсаныг мэдээд шавь нар маань байнга утас цохих боллоо. Далайд дарвуулт завьтайгаа живж байгаа шавь маань аврах хантаазаа мартчихаж, тэгээд аюулын дохио өгөх учраа олдоггүй гэнэ.

Юу яах вэ дээ, SOS гэдэг товчин дээр дарах ёстой биз дээ. Гар буугаар пуужин буудах ёстой. Ойр хавьд нь зуун бээрийн зайд хүн амьтангүй гэнэ. Элийгээ хийж эзэнгүй газар арал худалдаж ав гэсэн юм бэ? Эх нутагтаа цөөрөм байгуулчихсан бол жараахай шүүж яваа хүүхдүүд татаад гаргачихгүй юү… Утас нь холбогдохоо больчихлоо. Живсэнээс гарцаагүй… Уул нь овоо бизнесмэн хүү байсан юм. Усанд сэлж сураагүй нь тоогүй… Бас нэг шавь маань бололтой, яаралтай дуудлага орж ирлээ. “Багш аа… багш аа…” гээд ээрч муурах нь ялгаагүй нэг сандарсан амьтан байгаа нь илт. “Багш аа, би… би … Малайзийн хил дээр баригдчихлаа. Миний гэдсэн дотор нэг юм байна гээд байх юм. Мансууруулах бодис гэдгийг англиар юу гэдэг юм бэ? Өглөө би Гонконкт нэг хоолны газар орсон юм. Өлссөнийг хэлэх үү өгсөнийг нь залгисан юм. Тэгтэл эндэхийн цагдаа нар “хоол” нь шингээгүй намайг ойлгохгүй бариад хорьчихлоо” гэж уйлагнав.

Тиймээ, би тэдэнд хар тамхи гэдэг үгийг заагаагүй юм. Хичээлийн хөтөлбөрт байгаа зүйлийг заасан болохоос гэмт хэрэгтэй холбоотой нэг ч үг хэллэг хэрэглээгүй. Багш байна гэдэг балагтай ажил юм даа. Байсаар байгаад өөрөө яланд унах нь ээ, таминь. Тэтгэвэрт гарлаа гээд амраахгүй тэвдсэн шавь нар маань залгаад амар заяа үзүүлэхгүй юм. Тэгэхдээ би үүнд цааргалахгүй ээ. Хэн нэгэнд нь миний тусламж хэрэгтэй байгаа бол хэр чинээгээрээ шавь нартаа тусална. Харин тэр дэлхийн зах зээл дээр хоёр зуун долларын үнэтэй нүүрсийг хорин доллараар зарах, найман мянган долларын үнэтэй зэсийг тал үнээр нь арилжихыг ёстой ойлгохгүй юм билээ. Би “хэл” заасан болохоос “хэрэгтэн” болохыг заагаагүй. Сайн хүн болоосой, сайд дарга болоосой гэж хүсэж явсан болохоос санаа муутай, сархиганан дотортой бол гэж ерөөгөөгүй. Эх орноо хайрлаж, хөгжүүлж мандуулж яв гэсэнээс биш эвлэж худалдсан элэг доторгүй хүмүүс бол гэж бодоогүй…

Мөрөөрөө яваа чадарсан эмээд шавь нарын минь бурууг үүрүүлэхэд би гомдохгүй. Муу шавь хүмүүжүүлсэн үйл ланчигаа харин чиг эдэлнээ. Би л муу багш байж шүү дээ. Үр ач нартаа “хэл” заана гээд одоо ч гэсэн будилуулж явна. Хожим хойно “муу эмээ” гэж хэлүүлэхгүйн тулд больдог ч юм билүү гэж бодох боллоо. Хүнд “хэл” заана гэдэг хүнд хэцүү ажил шүү хүүхдүүд минь. Намайг ийн гуниглан бодож суутал утас хангиналаа. Засгийн газарт томоохон албан тушаал эрхэлдэг шавь минь ярьж байна. Авилгалын талаар олон улсын форумд тавих илтгэлээ бэлтгэх гэтэл жаахан “мэдлэг боловсрол” дутаад байна гэнэ дээ. Авилга, хээл хахууль, хүнд суртал, дампуурал гээд шавь нартаа заагаагүй олон үгийг би толь бичгээс харлаа. Харин шавь маань надаас илүү мэддэг болох нь бичсэн илтгэлээс нь харагдана. Одоо бага зэрэг дүрмийн алдааг нь засчихвал болчих юм байна. Энэ янзаараа бол би шавь нараасаа хоцрох нь ээ. Би тэдэнд идэх, уух, өгөх, авах гэдэг үгийг зааснаас цаашгүй…

MEDELG MN


URL:

Сэтгэгдэл бичих