Ард түмнээрээ хүрээлүүлсэн МАХН-ын хаалтын ажиллагаа “халуун” байлаа
МАХН өнөөдөр сонгуулийнхаа хаалтын ажиллагааг Төмөр замын соёлын ордонд зохион байгууллаа. Уг хаалтын ажиллагаанд МАХН-ын удирдлагууд болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон болон шударга элч нар, ард түмний төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Зааланд багтахгүй олноороо цугласан иргэдийн зарим нь Төмөр замын соёлын ордны гадаа үлдсэн ч шударга ёсны төлөө ажиллаж байгаа МАХН-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байсан юм. Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн тэдгээр төлөөллийг хараад МАХН ард түмнээрээ хүрээлүүлж чадсан, ард түмэнтэйгээ хамгийн ойр байж чаддаг нам гэдэг нь харагдаж байсан юм. Халуун дулаан уур амьсгалаар дүүрэн тэрхүү хаалтын ажиллагаанд ирсэн ард иргэд МАХН-ыг орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, намын дарга Н.Энхбаяр удахгүй суллагдаж улс оронд шударга ёс жинхэнэ утгаараа тогтоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Хаалтын ажиллагааг нээж МАХН-ын дэд дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва үг хэлсэн юм. Тэрбээр “Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны ажил төгсөх шатандаа орж саналаа өгөх цаг хугацаа тулж ирлээ. МАХН орон нутгийн сонгуульд “Шударга хяналт тогтоох ” зорилготой оролцож байна. Шударга хяналт гэдгийг МАХН иргэдийн оролцоотой хяналт гэж ойлгож байна. Нийслэл, аймаг, сум, дүүрэг, баг, хороодын ажил амьдралын бүх асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэдэг, тэдгээрт иргэдийн шударга хяналт тогтоох нь нутгийн өөрөө удирдах байгууллагын мөн чанарт яв цав нийцэж байгаа юм.
Би үгийнхээ төгсгөлд МАХН-ын дарга, Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч Н. Энхбаяр даргын нийт ард түмэндээ хандан илгээсэн ил захидлаас иш татая. “Шударга ёс тогтоох ажлыг өөрсдөө гардан хийцгээе. Ийм боломж та бидэнд, шударга сонгогчдод 2012 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр улс орон даяар болох орон нутгийн сонгуулиар олдоно. Шударга сонгуулиар нутаг нутгийн олигархууд, МАН-АН хэмээх үзэгдлийн үлдэгдэлээс ангижран салах, сайхан бололцоог битгий алдаарай гэж захъя” гэж Н. Энхбаяр дарга маань та бидэнд хандаж захижээ. МАХН-аас нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөөрэй гэж би бас та бүхнийг уриалж байна” гэлээ. Уг хаалтын ажиллагааны үеэр намын дарга Н.Энхбаярын илгээлтийг ард түмэнд хүргэхээр төлөвлөж байжээ. Гэтэл хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл өгөөгүй байна. Тиймээс түүний гаргасан 12 зорилтыг хүргэхэд ард иргэд нүдэндээ нулимастай хүлээн авч байсан юм. Тэд улс төрийн зорилгоор Н.Энхбаярыг хэлмэгдүүлж, гишүүд, дэмжигчиддээ үгээ хүргэх боломжийг нь олгохгүй байгаад бухимдаж байлаа. Тэд Соёлын ордны заалыг доргиож “Хөх Монгол минь сэрээрэй” дууг хамтран дууллаа.
МАХН-д гишүүнчлэлээ сэргээж, шинээр гишүүн болон орж ирж байгаа хүмүүс олон байлаа. Хаалтын ажиллагааны үеэр аймаг, дүүргүүдийн 400 гаруй хүн гишүүнчлэлээ сэргээж төлөөлөл нь МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Нарийн бичгийн дарга У.Барсболд нараас намынхаа батлахыг гардан авсан.
Жирийн иргэдээрээ бүл нэмсэн, тэднээрээ хүрээлүүлж чадсан, тэдэндээ ойр байж чаддаг МАХН-ын сонгуулийн хаалтын ажиллагаа ийнхүү халуун уур амьсгалаар дүүрэн болж өнгөрлөө. Тэд бүгдээрээ шударга ёс ялж, хүмүүнлэг энэрэнгүй нийгэм тогтож, монгол хүн газар нутаг, эрдэс баялагтаа эзэн суух цаг тун удахгүй ирнэ гэсэн итгэлээр дүүрэн байсан юм.
MAXN
URL: