Төсвийн тэлэлтээс эдийн засгийн байдал хамаарна
Өнгөрөгч 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс социалист улсаас өсөн нэмэгдэж буй эдийн засагтай, олон намын тогтолцоотой улс болж өөрчлөгдсөн. Мөн их хэмжээний эрдэс баялгийн олборлолтоос үүдэлтэй үсрэнгүй өөрчлөлтийн үетэй нүүр тулгараад буй.
ДНБ-нд уул уурхайн эзлэх хувийн жин 20 хувьтай тэнцэж байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Тодруулбал, манай эдийн засаг 2010 онд 6.4 хувьтай байсан бол 2011 онд 17.3 хувьд хүрсэн.
Өөрөөр хэлбэл, 2011 оныг өмнөх жилүүдтэй харьцуулахад макро эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд өндөр өсөлттэй байсан үе гэлтэй. Уул уурхайн салбарын олборлолт үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь экспорт болон төсвийн орлогыг огцом нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд шууд болон шууд бусаар нөлөөлсөн.
Ялангуяа нүүрсний экспорт 2010 онд 16.7 сая тонн байсан бол 2011 онд 21.1 сая тонн, төмрийн хүдрийн экспорт 2010 онд 3.6 сая тонн байсан бол 2011 онд 5.8 сая тоннд тус тус хүрчээ. Харин энэ онд Засгийн газрын тооцооллоор нүүрсний экспорт 31.6 сая тонн, төмрийн хүдрийн экспорт 6.3 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн. Гэвч оны эхний есөн сарын байдлаар 15.7 сая тонн нүүрс экспортложээ.
Үлдсэн хугацаанд нүүрсний экспортыг 30 гаруй сая тоннд хүргэж чадах болов уу. Монгол Улс ашигт малтмалын баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлснээр эдийн засагт томоохон тэлэлт бий болж эхэлсэн. 2012 он гарсаар өсөлтийн хурдац бага зэрэг саарсан ч 10-аас дээш хувьтай байна. Мөн Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудын олборлолт эхэлснээр экспорт, төсвийн орлого тогтвортой өсч, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх тооцоо гарсан.
Гэвч долоо болон наймдугаар саруудад ажиглагдсан экспортын огцом уналт биднийг “сандаргасан”. Өөрөөр хэлбэл, экспортоос хэт хараат, нэгдсэн төсвийн зарлага ихээхэн нэмэгдсэн, төсвийн мөчлөг дагасан бодлого баримталсан явдлаас болж төсөвт тодотгол хийх шаардлага гарав. Мөн нөгөө талаас, дэлхийн эдийн засгийн төлөв байдал тодорхойгүй, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбож болох. Харин Оюутолгой уурхайн олборлолт, улмаар борлуулалт ямар нэгэн байдлаар хойшлогдвол, ойрын үеийн эдийн засгийн өсөлтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй.
Энэ оны нэгдүгээр улиралд 16.5 хувьтай байсан ДНБ-ий өсөлт хоёрдугаар улиралд саарч, 11 хувь болсон хэдий ч ямар нэгэн ноцтой сөрөг цочрол үүсэхгүй тохиолдолд он дуустал 10 хувиас буурахгүй байх төлөвтэй байна. Экспорт энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар буурсан нь 2009 оноос хойшх хамгийн их бууралт болсон юм. Харин инфляци сүүлийн саруудад бага зэрэг тогтворжсон боловч хүнсний барааны үнэ өндөр, халалтад орсон эдийн засагт эрэлтийн талын дарамт үүсгэж буй төсвийн тэлэх бодлогын улмаас өндөр түвшнээс буурахгүй байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголбанк мөнгөний бодлогоо хатууруулсан. Улмаар 2011 оны эцэст 73 хувийн жилийн өсөлттэй байсан зээлийн өсөлтийг энэ оны наймдугаар сарын байдлаар 37 хувь болгож сааруулав. Гэвч зээлийн өсөлт өндөр хэвээр байна. Цаашид макро эдийн засгийн тодорхой эрсдэлүүд, дэлхийн эдийн засгийн өсөлт ч удаашрах хандлагатай. Тиймээс нэгдсэн төсвийн зарлагыг аль болох багасгах нь хойшлуулшгүй шаардлага болж байгаа юм.
Э.Энхцолмон
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: