Тайландад нэр нүүрээ барсан “Банпу” Монголыг байгаа болгож байна
Тайландад “Банпу” гэж компани бий. Булхай луйвар хийж, бусдыг хуурч мэхлэн ашиг олсон хэрэгт нэр нь холбогддог. Үүндээ маш сайн гаршсан. Ямар сайндаа Лаосын Засгийн газрыг, үндэсний компаниудтай нь хамт хуурч мэхлээд, асар өндөр өртөгтэй цахилгаан станцын тендерт ялж орхих вэ дээ. Гэхдээ энэ луйвар нь илрээд “Банпу” жинхэнээсээ дампуурах дөхөөд байгаа юм билээ. “Банпу” компани Лаос дахь охин компаниараа дамжуулан дээрх луйврыг хийсэн аж. Лаост шинээр баригдах томоохон цахилгаан станцын ТЭЗҮ, түүний талаар мэдээлэл олж авахын тулд “Банпу”-гийнхан тус улсын үндэсний компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингээд шаардлагатай мэдээллүүдээ олж авсныхаа дараа гэрээнээсээ татгалзсан байна. Тодорхой хэмжээний хохирол амссан Лаосын компаниуд Тайландын иргэний шүүхэд гомдол гаргаж. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Лаосын компаниудын талд гарч “Банпу” баахан өрөнд унажээ. Шүүх “Банпу” болон түүний Лаос дахь охин компани нь тус улсын Хонса талбайд баригдах хүрэн нүүрсээр ажиллах цахилгаан станцын ТЭЗҮ болон нүүрс ашиглах давуу эрхийн тухай мэдээлэл олж авах зорилгоор тус улсын компаниудтай халхавч гэрээ байгуулж, Лаосын Засгийн газрыг төөрөгдүүлсэн гэж үзээд тэдэнд олгоод байсан нүүрс ашиглах давуу эрх, цахилгаан станц барих эрхийг цуцалсан байгаа юм. Үүгээр зогсохгүй “Банпу” компанид дөрвөн тэрбум тайланд долларын торгууль ногдуулж, 2015-2027 оны алдангийг жилийн 860 сая доллараар, 2028-2039 он хүртэлх алдангийг жилийн нэг тэрбум доллараар тооцон Лаосын компаниудад төлүүлэхээр болжээ.
Хаа хол Тайландын дампуу компанийн хэрэг явдал бидэнд ямар хамаа байх вэ, уг нь. Гэтэл хамаатай болж таараад байна. Өнөөх өр ширтэй, ял шийтгэлтэй “Банпу” компани чинь Монголд буянтны дүрээр залрах гэж байгаа аж. “Банпу” компани Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Хүннү коул” компанийн бүх хувьцааг Австралийн хөрөнгийн бирж дээрээс яг жилийн өмнө буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд 497 сая ам.доллараар худалдаад авчихжээ. Монгол Улсын нийт 843.5 сая тонн нөөц бүхий хоёр орд газарт буй 11 хайгуулын талбай ийнхүү Тайландын компанийн мэдэлд шилжжээ. Тайланддаа нэр нүүргүй болсон “Банпу” компани Монголд “Хүннү коул” нэрээр ийнхүү хөл тавих гэж байгаа юм. Чоно хонины арьс нөмөрлөө ч чоно хэвээрээ байх хойно. “Банпу” компани Монголд үйл ажиллагаа явуулж эхлээд, өнөө л луйвар, залилангаа үргэлжлүүлж таарна. “Банпу”-д хувьцаагаа худалдсан Австралид бүртгэлтэй “Хүннү коул” компани олон улсад эл дол болсон эдийн засгийн алуурчид буюу хитмэнүүдийн хэрэглэдэг шалгарсан аргыг тэд манай улсад туршсан байна.
Тэд эхлээд манай үндэсний компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Мэдээж уул уурхайн салбарт хамтран ажиллаж хөрөнгө оруулалт хийх чиглэлээр. Хамтарсан компани байгуулж, монгол хамтрагчдынхаа тусгай зөвшөөрлүүдийг нэр дээрээ шилжүүлж авмагцаа “Хүннү коул”-ынхан түүнийг ашиглан асар их мөнгийг олон улсын хөрөнгийн бирж дээрээс босгож чаджээ. Тэд “Хүннү коул” компаниа 497 сая ам.доллараар зарсан байна. Ийнхүү Монголын ашигт малтмалын ордууд гадаадынхны халаасанд шууд орох нь тэр. Чонын амнаас гараад барын аманд гэгч л болж л дээ. Австралийн зальхай хөрөнгө оруулагчдаас Тайландын хууран мэхлэгчдийн гарт “Хүннү коул”-ын эзэмшлийн орд, тусгай зөвшөөрлүүд шилжжээ. Тиймээс “Хүннү коул”-д мэхлүүлсэн Монголын компаниуд арбитрын шүүхэд хандаад байгаа ажээ. Эндээс монголчууд том сургамжтай үлдэж байна. Монголын газар нутаг, ашигт малтмалын ордууд ямар замаар гадаадынхны гарт орж, тэд бидний баялгийг олон улсын зах зээл дээр хэрхэн яаж эргэлтэд оруулан мөнгө босгоод байна вэ гэдгийг олон хүн гайхдаг. Тэгвэл “Хүннү коул”-ын луйвар бидэнд тэр асуултыг хариуг өгөв. Эдийн засгийн алуурчид яаж ажилладгийг, ямар арга мэх хэрэглэдгийг тэд яруу тод харуулав. Ингэснээрээ “Хүннү коул” монголчуудад тус хүргэж байгаа гэж хэлж болно. Дахиад бид ийм дампуу компаниудад хууртахаа өнгөрсөн. Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэдэг чинь л энэ. Одоо хууль эрх зүйн орчноо сайжруулаад, зохицуулалтыг нь тодорхой болгон, давхардлыг нь арилгаж, бүрхэг ойлгомжгүй зүйлүүдийг нь тайлбарлачих юм бол хитмэнүүдэд боломж олдохгүй.
Манай компаниудыг хувьд хөрөнгө оруулалт гэдэг өгөөш үмхсэнээсээ болж гадаадынханд ашиглуулж, залилуулдаг байна. Хөрөнгө оруулагч А компани манай компаниудын гаргаж чадахгүй байгаа хөрөнгийг гарган, хамтарч ажиллах санал тавина. Мэдээж уул уурхай хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг, эрсдэл өндөр салбар. Тиймээс монгол компаниудын хувьд гадаадын хөрөнгө оруулагч олно гэдэг чухал. Гэрээнд зааснаар А компани орд газрын хайгуул, олборлолт, ашиглалтын бүх зардлыг даах, Б компани өөрийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг шинээр байгуулах хамтарсан компанийн нэр дээр хувь болгон шилжүүлэх үүрэг хүлээнэ. Тусгай зөвшөөрлөө шилжүүлснийх нь шанд Монголын компанид 1-2 сая ам.доллар амлана. Энэ нь уул уурхайд дөнгөж хөл тавьж байгаа монгол хүнд асар их мөнгө санагдах тул бүх юмаа хамтрагч компанидаа даатгаад, өөрсдөө тайвширч, сэтгэл ханана. Гадаадын хашир акул энэ агшныг овжноор ашиглаж Монгол дахь охин компанийн тогтоогдсон нөөц, үйл ажиллагааг ашиглан олон улсын томоохон хөрөнгийн биржийн аль нэг дээр, дүрэм султай тул ихэвчлэн Австралийн ASX бирж дээр IPO хийж толгой компаниа хэдэн зуун сая доллараар зарна.
Монгол хамтрагч нэг сайхан нартай өдөр энэ тухай санамсаргүй тохиолдлоор гэнэт олж мэдэх боловч нэгэнт хожимдсон байна. Гадаадын хөрөнгө оруулагч нь “Энэ та нарт хамаагүй. Манай толгой компани хувьцаагаа зарсан. Та нар толгой биш охин компанитай гэрээ байгуулсан биз дээ. Өчнөөн мөнгө зүгээр авчихаад яасан муухай хүмүүс вэ. Тэгж яривал та нар хамтарсан компанид тэдэн тэрбум төгрөгийн өртэй шүү” гээд л аман дээр нь тэмээн тавхай тавьж орхино доо. “Хүннү коул” Монголын “Говь хурах” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа “Дангаар санхүүжүүлэх хугацаанд “Хүннү коул”-ын гаргасан бүх зардал нь хамтарсан компанийн өр хэлбэрээр тооцогдох бөгөөд хамтарсан компани ашиг олмогц “Хүннү коул”-д гаргасан бүх зардлыг төлнө” гэсэн заалт оруулсан байдаг. Үүгээрээ тэд монгол хамтрагчаа өрөнд оруулах урхи тавьсан ажээ. Ингээд олон зуун сая тонноор хэмжигдэх нөөц тогтоогдсон Монголын орд газар гуравдагч орны хэн нэгний эзэмшилд очин, монгол хүн, Монгол Улсын өмчлөлөөс гарна. Үүнд Монголын талын туршлагагүй, хэнэггүй зан, гадаадын компанийн овжин, сурамгай байдал, Монгол Улсын хууль тогтоомжийн сул, доголдолтой тал ч нөлөөлдөг байна. Австралийн “Хүннү коул” ийм л луйвар булхайн сонгодог гэмээр загварыг Монголд хэрэгжүүлжээ. Гэтэл дугуй дугуйгаараа нийлнэ гэгчээр тэрхүү луйварын компанийг Лаосын Засгийн газрыг компаниудтай нь хамт мэхэлсэн “Банпу” компани худалдаад авчихсан байдаг. Амташсан хэрээ арвангурав дахина гэдэг шиг амташсан “Банпу” ахин луйвар хийх гэж байгааг үгүйсгэх газаргүй.
Х.Аянга
URL: