Шилдэг улстөрч

Хориодхон хоногийн дараа оны шилдгүүдийг тодруулах хариуцлагатай, хачин жигтэй уралдаан өрнөх нь тодорхой. Оны шилдэг түргэн хоол зөөгч, эелдэг боловсон кондуктор, шилдэг залуу нэр дэвшигч, Улаан­баатарын утааг арил­гаж үгүй хийсэн хамгийн гарамгай зохион байгуулагч энэ тэр гээд л хөвөрч өгнө дөө. Арай л “Нарантуул” захын хамгийн их орлоготой наймаачин, хамгийн их газар сэндийчсэн алтны ченж, төрөөс төрсөн хамгийн овсгоо­той тэрбумтан зэрэг номинациар шилдгүүд тодорч золигтохгүй байх. Бус­даар бол болно доо, болох­гүй юм гэж Монголд үгүй.

Оны шилдгүүд дундаа хам­гийн алдартай, бас хам­гийн их бэлэг сэлтэнд даруулж, хамгийн олон оргилуун дарс тул­гагчаар “Оны шилдэг улс­төрчид” өрсөлдөгчгүй торойх нь ойлгомжтой.

Шилдэг улстөрчдийн бусдаасаа товойж, оны шилдэг хүнээр зарлуулах “түүхэн” гавьяа нь их хөөрхөн. Хамгийн олон цаг хөдөөгийн замд “Ланд”-ын хатуу явдалд сэгсчүүлэн байж хамгийн олон иргэн сонгогчтой уулзсан, хамгийн олон гэр баруун солгойгүй тарааж, Улаанбаатарын утааг нэмэгдүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гээд л эхэлнэ.


Тэгээд цааш нь хамгийн олон удаа гадаад явж, гахай шувууны мах зооглосон, гэр бүлдээ хамгийн үнэнч байж элдэв хүүхнүүдтэй орооцолдоогүй үнэнч төрийн түшээ, хамгийн олон удаа зурагтын дэлгэцээр малилзтал инээмсэглэж, би байгаа шүү гэдгээ сонгогч түмэндээ зарлан тунхагласан дэлгэцийн од, УИХ-ын гишүүн, хамгийн олон удаа ажил гэрийн хооронд явган таваргаж, бензин тос, үнэтэй машин тэрэг арвилан хэмнэсэн эх оронч улстөрч хэмээн үргэлжилнэ.

Тэгж байтал энэ жилээс гэртээ хэвтэж байгаад УИХ-ын гишүүнээр тодорч, аз нь шовойсон улстөрч, хамгийн удаан эмнэлэгт хэвтэж ард түмний зүрхийг шархлуулсан улстөрч, гэнэтхэн өөрийн дураар өргөдлөө өгч эрх мэдлээс татгалзсан зоригтой улстөрч, хамгийн олон жил гэр хороололд амьдарч байгаа борчуудын төлөөлөл улстөрчид тодорч сүйд хийнэ. Мөн монгол дээл биенээсээ салгадаггүй жинхэнэ монгол төрийн түшээ, хавьтсан бүхэнтэй шүүхдэлцээд байдаг хамгийн заргач эрхэм гишүүн, УИХ-ын танхимд гурван үг амнаасаа унагаж гэнэтхэн хэлд орсон төрийн түшээ, барилга байшин булааж авдаг хамгийн түрэмгий сайд дуу дуугаа авалцан оны шилдгийн улаан тууз хүзүүндээ зүүцгээнэ.

Оны шилдэг, сүрхий улстөрчдийн дунд арав, хорин жил энэ гуншинд даруулж одоо бүр залхаж хашраад “Ёолк бушуухан дуусаасай” хэмээн залбирч явдаг дарга нар ч өчнөөн байгаа. Ямар сайндаа л орой бүр сархад үнэртүүлсээр донхойж харьдаг нэгэн даргын эхнэр “Гэрээр дүүрэн энэ олон шил шаазан, цом, оны шилдгийн шагналууд чинь оройд гашуун ус дагуулж, гудруулаад байдаг юм бол ажлынхаа өрөөнд аваачиж “залаарай” наадуул аа” хэмээн зандачсан байх вэ дээ. За тэр ч яах вэ.

Хамгийн сонирхолтой нь жил бүр сүр дуулиантай тодруулдаг “Оны шилдэг улстөрч”-д улс эх орондоо ямар гээч гавьяа байгуулж, ард түмнийхээ өмнө хэрхэн мөнхийн дурсгалаа босгосон нь тодорхойгүй, тулгаж уусан оргилуун дарсных нь хөөс адил замхран алга болдог. Оны шилдэг улстөрчдөөс үлдэж хоцордог нь улаа бутарсан жаргалтай царай, бэлэг сэлтэнд даруулсан тэр оройг нь санагдуулах хэдэн гэрэл зураг л байх.

Хорин жил “Тансаг сайхан”-ыг нь гайхсан, нүд гялбам оройн цэнгүүний онцлох хүнээр тодорч, оны шилдэг болсон улстөрчдийн буянаар Улаанбаатар бүртийх ч утаагүй цэлмэг болж, зах дэлгүүрийн лангуун дээр мах 8000 төгрөг хэмээж ядуу ард нь арааны шүлсээ асгаруулж зогсохгүй л байсан болов уу. Ажиглаад байхад манай шилдэг “улстөрчид” ар гэр, амьжиргаа ахуйгаа бодох талаар ёстой л “оны шилд­гүүд” юм аа. Тэд ганц­хан жилийн дотор өөрийг нь эрх мэдлийн өндөр­лөгт гаргасан жирийн иргэдийн насаараа хөдөлмөрлөөд олохгүй буян хишиг, хөрөнгө мөнгийг босгочихож байна.

Өчигдөр бидэнтэйгээ адил явган таваргаж явсан нөхөр өнөөдөр “Ланд 80” голоод хошуугаа унжуулж сууна. Тэрбум төгрөгөөр үнэ­лэгдэх машиндаа алтан үсгээр өөрийнхөө нэрийг сийлүүлж байна. Оны шилдэг улстөрчийн сог­туурх­сан үедээ хаячихсан “нэг муу” түрийвч есөн зуун мянган төгрөг далдалснаараа бу­руутан болж олсон хүнд нь “Олон юм битгий яриарай” гээд л бэлэглэчихдэг онцгой ид шидтэй шагнал юм байна.

Гэхдээ оны шилдэг улс­төрч­дөө “Эксел” уначихаад “Цагаан шонхор” татаад харайл­гаад бай гэж хэл­сэнгүй. Харин 20 жил оны шилдэг болсон эрхэм та нар 30 жилийн өмнө гуйл­гачин хороолол байсан Ган­нам дүүргээ дэлхийн сор болгосон Солонгосын улс­төрч­дөөс суралцаж, жаахан ч болтугай “ичиж амьд­раасай” гэсэндээ энэ бүхнийг нур­шиж сууна.

Ядуухан ч нүдэндээ цогтой монголчууд 20 жил оны шилдэг “улстөрч”-дийг өлгийдөн авч байна. Авсаар ч байх биз.

Өнөөдөр дэлхий нийт Өмнөд Солонгосын дуучин Пак Жэ Соны дуулсан “Ганнам стиль” дуунд мөргөж залбирах нь холгүй байгаа. БНСУ-ын нийслэл Сөүл хотын Ганнам дүүрэг нь тэнгэр баганадсан шилэн байшин, өндөр сүрлэг нарс моддын гайхалтай цогцолбор болсон үнэхээр “ганган хээнцрийн иж бүрдэл” дүүрэг. Олон удаа тэнд очиж орой үдшийнх нь тансаг амьдралыг биширч л явлаа. Олонх ази хүмүүсээс эрс өөр хямсгар ганган өвгөд, эмгэд ихэд үнэтэй биеэр бага нохдоо салхилуулан алхахдаа харь хэлээр ярих биднийг хяламхийн зөрөхийг бишгүй нэг үзэв шүү.

Харин 1978 онд Өмнөд Солонгосын хамгийн хөгжил муутай хэсгээр шалгарч, хүн ам нь дүрвэн нүүж байсан энэ дүүрэг 30-хан жилийн дотор дэлхийн сонорыг дэлдийлгэх юм гэж тэр үеийн Ерөнхийлөгч, алдарт Пак Жон Хи байтугай өнөөдөр ихэмсэг дүртэй алхах өчигдрийн цагаан будааны тариаланч өвгөд, хөгшид тооцоолоогүй нь үнэн.

Солонгосчууд жинхэнэ эх оронч шилдэг Ерөн­хийлөгчийнхөө харгис хатуу ч алсыг харсан төлөвлөгөөтэй удирд­лагын дор 30-хан жилийн дотор жинхэнэ гайхамшгийг бүтээсэн нь энэ. Гэвч Пак Ерөнхийлөгч хэзээ ч оны шилдгээр тодорч бай­сангүй. Тэр ч байтугай эх орноо Азийн бар болох агуу их замыг засч өгчихөөд 1979 оны аравдугаар сард Таг­нуулын төв газрынхаа даргын гарт амиа алдсан байдаг.

Жинхэнэ шилдэг улс­төрч, он цагийг эзлэх гавьяатан гэдэг ийм л байдаг ажээ. Өнөөдөр түүний охин Пак Гён Хэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, арванхоёрдугаар сарын 8-нд болох сонгуульд ялах нь бараг л тодорхой болсон. Нэг оны “хачирхалтай” шилдэг биш нэг насны жинхэнэ шилдэг улстөрч гэдэг улс эх орон байтугай үр ачдаа ийм л буян үлдээдэг юм байна.

Хөөрхий, бүсгүй зөө­лөн заяаг нь бодож өнөөд­рийн УИХ-ын гишүүн есөн эмэгтэйгээс “оны шил­дэг”-үүд тодроосой. Яагаад гэвэл тэд эх хүн, эмэгтэй хүн.

Дррр… гараа өргө. Та “Оны шилдэг улстөрч мөн үү” Аа мөн ч байж магадгүй, цааш нь явуул.

ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих