Жирийн хүн байх уу, Жинхэнэ хүн байх уу

“Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, ирээдүй бол бэлэг” гэж Махатма Ганди хэлсэн байдаг. Бидний өнгөрсөн цаг хугацаа руу эргэн харвал ямархуу харагдах бол. Алдаа оноотой асар олон зүйлүүд бидэнд үнэхээр сургамж болон харагдаж байна. Хүмүүний амьдралыг хиргүй тунгалаг байгаасай гэж өнөөдөр ярьж байгаа хүн магадгүй маргаашийн ирээдүйг бүтээдэг байх гэж боддог юм.

Миний хувьд ганцхан амьдраад буцах хорвоод үхэхгүй мэт авирлахгүй юмсан гэсэн бодлоор өөрийгөө гэгээрүүлж өөдрөг бодолтой сайн сайхны хойноос тэмүүлж явдаг. Гэхдээ нэлээдгүй өөнтөгч гэдгээ та бүхнээс нуугаад яахав. Энэ тухай ярьвал хүн бүхэнд өөр өөрийн гэсэн өнгө төрх, байр суурь бий. Харин үхэхийн хооронд яаж ч амьдарсан яахав гэсэн өчүүхэн бодолтой хүмүүс нийгэмд нэлээдгүй хувийг эзлээд гутранги үзэлтэйгээ тэрсэлдээд, амьдралаа намагтай хутгаад, тэндээсээ гарч чадахгүй бухимдаад яваад байх юм.

 

Зарим нь өнөөдөр амжилт олоод бусдаас илүү амьдараад байгаа юм шиг боловч өөрөө өөрийнхөө мэхэнд унаад өдрөөс өдөрт өөрийгөө үгүйсгээд байгаа харагдана. Гэвч үүнийгээ ялалт хэмээн ойлгоод ялаа шиг хэзээ үхэхээ мэдэхгүй ниссээр л байгаа нь харамсалтай, бас өрөвдмөөр, инээдтэй ч юм шиг санагдана.

Аливаа хүн амьдралыг туулан туулсаар бартаа саадыг даван давсаар, давс хучир, бал бурмыг амтлан амталсаар жирийн хүн болдог байх. Энэ үг жирийн хүн гэдэг үгтэй огт хамааралгүй юм шүү. Жинхэнэ хүн байх уу? жирийн байх уу? гэдэг сонголт хүн бүхэнд бий. Гэвч энэ боломжийг хүмүүс маань буруугаар ойлгох юм даа.

Хүн хүнээ “Нохой шиг хүн”, “Гахай шиг” хэмээн жигшин зэвүүцэж доог тохуу болгон хэсэгхэн хугацаанд өөрийгөө ч танихгүй болтлоо төөрөлддөг. Маргааш нь тэгж хэлж байгаа хүнийг хараад зэвүүцдэг. Үүнийг ямар хүн гэж ойлгож болох бол оо.

“Ухаан солиотой хүнд илд бариулах, Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюул­тай” хэмээн Пифагор хэлсэн байдаг. Үнэхээр боломжийг гартаа атгачихаад юу хийхээ мэддэггүй хүмүүс жинхэнэ хүнд бус жирийн хүнд эрх мэдэл олгоод дараа нь тархиндаа хорт ургамал тариалж эхэлсэн байдаг. Тэндээсээ хайр найргүй тасчин үгтээж бусад руу буцааж авах тухай бодолгүйгээр цацаж орхидог. Ингээд л жинхэнэ хүний эрэлд гардаг боловч өнгө мөнгө, бялдууч үгэнд оосорлуулаад өөрийнхөө өчүүхэн шуналт сэтгэлийн торонд баглуулаад зорьсон зорилгоосоо няцсаар л байна, нэн харамсалтай.

Нийгэмд жинхэнэ хүнийг мод шиг олноор нь тарьж ургуулсан цагт жинхэнэ жинхэнэ хүнээ олдог болно. Тэр цагт л шунал тачаал, атаа хорсол, аливаа муу муухай бүхэн арилсан байх болов уу. Болжмор хэзээ ч бүргэд болдоггүй шиг, хүн ямагт хүнээрээ байх л гэгээрэл юм шүү…

Өөр өнцгөөс 2:

“Засаг дарга чи битгий хуц аа” гэж ИТХ-ын төлөөлөгчид “салаавч” өгөөсэй

“Бурхан чи битгий хуц аа” гэж постмодернист Б.Галсансүх нэгэнтээ “хуцаж” байсан юм. Түүн шиг аймаг, сум, багийн Засаг дарга нарт “битгий хуц аа” гээд “салаавч өгөх”, харин ИТХ-ын дарга нарт “эцээхэн хуц аа” гээд “ташуур өгөх” цөс томтой аавын хүүгээр өнөөдрийн төр буюу нийгэм дутаж байна.  Орчин үеийн зүйр үгэнд “Даргынхаа өөдөөс сөргөлдөх нь салхины өөдөөс шээхтэй адил” гэдэг үг бий болж.

 

Энэ үг бол даргад дарлуулсан аялдан дагалдагсад буюу “Сүүлэнхүү” нарын зусар үг байх магадлалтай. Харин хөнжлийнхөө хэрээр хөлөө жийлцдэг “зиндаа” ойр УИХ-ын гишүүд аар саархан зүйлээр аргацаан “садар салаавч”, “алтан шанаа” хоёрыг сэм солилцон улс төр хийх болсон. Товчоор хэлвэл “улс төрч дүр” эсгэлт юм л даа. Ёох…үнэндээ эднийг хараад сэтгэл өвдөх юм.

 

Иргэд нь тэвчээрээ барахдаа дээрх доорх гүйдэл, суудал ярьж өөр хоорондоо талцана. Эцэстээ улиг болно. Бүүр эцэст нь нийгэмтэйгээ эвлэрч “бөөрөнхий хүмүүс” болон хувирч байна.

Яагаад Засаг дарга нарт “салаавч” өгүүлэх гээд байгаа юм гээд гайхаж байна уу. Тэрхүү өгүүлэх гээд байгаа “салаавч”-ыг аймаг, сум, багийн ИТХ-ын төлөөлөгчидөөр өгүүлмээр байгаа юм. Хүч хүрэхгүй байвал иргэдтэйгээ хавсарч болно шүү дээ. Би сэтгүүлч хийх явцдаа хэд, хэдэн ИТХ-ын дарга, төлөөлөгч нартай уулзаж явлаа. Тэд нарын ярих нь нэг талдаа өрөвдөлтэй, нөгөө талдаа инээдтэй ч юм шиг санагдсан.

 

Тэнгэр газар шиг ялгаатай, тэмээ ямаа хоёрын урт богино хөл шиг төсөв санхүүтэй байдаг тухай ярьсан. Засаг дарга нарын унаа машины шатахуун нь бялхам, эрх мэдэл, зарцуулах төсөв нь өндөр байхад ИТХ-ын дарга нарын машины “ходоод” хонхолзуур, холхон явах гэхээр “явган гүйх” хэмжээний нимгэн төсөвтэй байдаг хэмээн ойлгуулсаан.

 

Харин төлөөлөгчид нь болохоор “бид ИТХ-ын төлөөлөгч байлаа гээд юу хожих вэ дээ, хоёр гурван удаа хоолонд оруулж, нэг удаа гадаад явуулахаас  хэтрэхгүй шүү дээ” хэмээн хээв нэг хэлэх. Тэгэхээр тэд  иргэдийн өмнөөс юун хяналт тавих вэ, тоосонд нь торойгоод хоцордог юм байна.

Уул нь Монгол Улсын хуульд “төрийн эрх мэдэл иргэдийн гарт байна” гээд зоочихсон байдаг. Гэтэл иргэдээ төлөөлж буй ИТХ-нь Засаг дарга нараасаа санхүүгийн хараат байдалд байна гэхээр “битгий хуц аа” гээд “салаавч” өгөх нь байтугай эцээхэн дуугарч чаддаггүй гэж ам хаалаа. “Тэгсэн мөртлөө ямар зардлаар, хэний санхүүжилтээр ИТХ-ын “эрхэм дарга” нь Өндөрхааны өнгөтэй газар нь өндөр сүрлэг хаус бариулаад, гадаадын орнуудаар аялаад байдаг юм” гэж иргэд гайхна.

 

Тэгэхээр ийм ИТХ-ыг байлгаад, дахиад сонгон бүрдүүлэх гээд байх шаардлага байна уу. Иргэдээ үл тоосон идэвхгүй ИТХ-ыг татан буулгаад тэрхүү эрх мэдлийг иргэд олон нийт гартаа авбал яасан юм. Тэгвэл “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр нөгөө хэдэн “гонж чирсэн” нөхдүүд чинь “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ” гэж байхгүй болно биз дээ. Тэднийг “Буруу замаар будаа тээгээд” эхэлвэл ард түмэн буцаагаад татан буулгаж орхино шүү дээ.

Гэхдээ нэг жишээ бий л дээ. Орхон аймгийн ИТХ-ынхан Засаг даргаа “авч хаясан” баримт хуучраагүй байгаа. Яагаад юунаас болов гээд хэвлэлийнхэн зөндөө л шуугисан. Яахав хэн нэгний захиалга байж болох ч Засаг даргын дээр ИТХ-ын эрх мэдэл байдаг юм шүү гэдгийг мэдрүүлсэн.

Одоо аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сурталчилгаа хэдийнэ эхэлж сонгох мөч хариугүй тохиох гэж байна. Нам сүүлдсэн бүхэн эрх мэдэл, албан тушаалаар “өвчлөн” сэрүүн зүүдэлж, толгойд багтамгүй уран үгээр донгодоод эхэлсэн. Зарим нь жүжиг тоглох “хортой хоолыг” намын тогоондоо буцалгаад иргэдэд аягалан идүүлэх болсон.

 

Энэ бол нам хүчнийг аялдан дагадаг өнөөх “Сүүлэнхүү” нар ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох “нүх”-ээ малтаж байгаа нь энэ. Хэрхэн яаж малтах аргаа олж ядахдаа өөрийнхөө сурталчилгааныхаа самбарыг урж тасдан, цоолж бие биенээ баруун солгойгүй мөнгө цацаж яваа мэтээр дайрч,  иргэдэд бусад намын нөхдүүдээ гадуурхаад байгаа мэтээр ойлгуулж, рейтэнгээ өсгөх өчүүхэн санаа агуулж буй нь тэр.

 

Аргагүй шүү дээ, ахиухан төлөөлөгчтэй болчихвол өөрөө автоматоор Засаг даргаа сонгож, араас нь шат шатны “хурган дарга” нар нэг, нэг суудал тэврээд авах санаандаа шатаж яваа. Иймхэн өчүүхэн бодолтой хүмүүс улс төр хийнэ. “Идэх улаан хоолой хүчтэй” боловч, дээрээс нь эрх мэдэл, ямба булаалдан улайрах нь гутамшиг юм аа. Ухаантуудаа сонгодог улс төрийн тогтолцоо бүрдээгүй байсан цагт Монгол орон минь хэзээ ч хөгжихгүй, тамын тогоондоо нэг нэгнээ татан унагаасаар харийн хүмүүсийн идэш болж дуусах аймшигт дүр зураг ажиглагдаж байна…
Өөр өнцгөөс 3:

Оюунлаг хүмүүс төрд гарвал архи , тамхины үнийг навс унагана даа

Архины үнийг 1000 төгрөг болгочихвол яах бол, ангасан мал шиг золдоо орох болов уу. Аль эсвэл анд найздаа, аав ээждээ 1000-хан төгрөгийн архи авч бэлэглэхээсээ ичээд тав, зургаан мянган төгрөгийн үнэтэй жимсний жүүс, эсвэл сүү, тараг авч очих болов уу. Яах бол…миний хувьд эргэлзэх юмгүй жимсний жүүс, сүү, тараг зэргийг аль үнэтэйгээс нь авч очноо. “Чанар дагаж чансаа” гэдэг шүү дээ.

 

Эрүүл мэндэд нь ч тустай. За тэгээд ямар ч ухаантай аав ээж, ах эгч нар хүүхэд, дүү нарынхаа дэргэд жүүснээс хямдхаан архи ууж арай “доошоо орох”-гүй байлгүй дээ. Ичнэ биз дээ…даанч дээ. Яг үүнтэй адилхан хайрцаг тамхийг 100-хан төгрөгөөр зараад эхэлвэл яах бол? Хүүхдүүдийнхээ дэргэд аав нь, ах нь ширхэг иштэй чихэрнээс хямдхаан хайрцаг тамхи авч арай татахгүй байлгүй дээ. Энэ мэтчилэн бодоод үзвэл сонирхол татмаар зүйл цөөнгүй гарах нээ.

Өнөөдөр Монгол Улсад үйлд­вэрлэгдэж буй архины нэр төрөл зам­бараагаа алдсан. Хараа, Ерөөлөөс авахуулаад Хаан эзэн Чингэсийнхээ нэр алдраар “дархалсан” хар, шар, морьтой, морьгүй, модтой, модгүй гээд зөндөө л юм байна. Дотроо үнэ ханш нь бас харилцан адилгүй ээ. Бага үнэтэйгээс нь “гудамжны архичид” хүртэнэ. Дөмгүүр нэгнээс нь нийгмийн “алтан дундаж”-ууд авдаг, хааяа хамгийн үнэтэйгээс нь авч “тансагладаг” гэсээн.

 

Харин баячууд буюу эрх мэдэлтэнгүүд болохоор хэзээ ч хямд архи авч “доошоо орох”-гүйгээ мэддэг болохоор “дээгүүр жаалах” нь мэдээж шүү дээ. Тэгсэн мөртлөө тэд юу гэдэг гэлээ байз. Аан тийм. “Муусайн архичид лангууны архи дуусгаад нийгмийн хог шаарнууд гэж” хараадаг гэсэн шүү. Тэгээд өөрсдөө ард нь “соёлтой архичид” болчихсон мөртлөө гэмгүй царайлан алхана…

Тэгвэл өнөөдөр юу болоод байнаа. Нөгөө “айхтар 76”-г солиод орхитол Архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлээд ядуу нийгмээ улам бүр доройтуулаад эхэлчихлээ. Хамгийн хямд  “Алтан навч” өнөөдөр захын ямар ч дэлгүүрт 1100 төгрөг гээд л байна. Жижиг талхны үнийг энэ муу тамхи даваад хальжээ. Ангаахай шиг хүүхдүүд нь өглөөний цайндаа идэх талхгүй байхад аав нь тамхиа авч татаад сууж байгаа жишээ захаас аван байна. Үнэтэй тамхинуудынх нь үнэ бүр талийсан. Тэрийг нь өнөөх баячууд нь хэрэглэдэг биз ээ.

Ямартай ч энгийн нэг бодит жишээ хэлэхэд: Нэг өдөрт хайрцаг “Улаан шонхор” татдаг байсан хүн нэмэгдээд 1300 төгрөг болсон ч хэрэглээ нь буурахгүй байна. Өдөрт нь татаад л дуусгана. Түүний сарын хэрэглээ ямархуу болохыг бодоод үзвэл 40 орчим мянган төгрөг болно. Энэ мөнгөөр тухайн айл юу авч болох вэ. Хүйтэн сэрүүний улирал хаалга тогшоод эхэлчихсэн өнөө үед хамгийн түрүүнд нүүрс авах тухай бодогдоно.

 

Нөгөө шуудай нүүр нь бас нэмэгдээд 6000 төгрөг болчихсон гэж байгаа. Гэхдээ л 40 мянган төгрөгөөр 6, 7 шуудай нүүрс авчих нь байна шүү дээ. Ингээд хариулт нь бүтэн сар тамхины утаатай суух уу, хагас сар галтай дулаан суух уу гээд гараад ирж байгаа биз. Энэ бол нэг л тамхи татдаг хүнтэй айлын жишээ. Гэтэл хөөрхий минь гэр бүлээрээ тамхи татдаг айл ч цөөнгүй байна.

 

Ээж, аав, эмээ, өвөө, ах, эгч нь гээд л. Эд нар яаж амьдрах вэ? Нөгөө засгаас өгөөд байдаг “муу нэртэй, луу данстай эх орны хишиг” алга болсон. Одоо хүүхэд бүхэнд 20 мянган төгрөг өгөх гэж байна. Энэ мөнгө хэний гарт орж юу болох нь ойлгомжтой шүү дээ. Хэрвээ үнэхээр Засгийн газар монголын хүүхдийн ирээдүйд санаа зовж байгаа бол “ийм өчүүхэн” зүйл хийсэн болж жүжиг тавихаа болиосой билээ.

 
Амьдрал зах зээлийн нийгэмд шилжиж байх 90-ээд оны үед өнөөгийн төр засгийг ээлжлэн толгойлж буй эрхмүүдийн ихэнх нь “найруулсан спирт” зарж хөлжсөн тухай баримтууд нь хэвлэлийн хуудаснаа шарлаж хэвтэнэ. Яагаад энэ төрийн толгойд ухаалаг, оюунлаг нь бус, ямар нэгэн аргаар хөлжиж баяжсан “панзчид” гарч ирээд байна вэ. Тэд хуулийн төсөл боловсруулж, дур мэдэн шинэчилж, батлах эрхийг атгаад “ял завших” боломжоо бүрдүүлээд байна вэ?

 
Өнөөдрийн нийгэмд архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл баталж хэрэгжүүлж эхэлснээр 2012 оны улсын төсвийн орлого 21.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн судалгаа гарчээ. Ингэлээ гээд сайд дарга нарын захиран зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Харин энгийн ардад ямархуу тусч байгаа нь сэтгэл өвтгөнө…Хэрвээ оюунлаг хүмүүс энэ төрд гарсан бол архи, тамхины үнийг “навс” унагах байсан даа…

Ш.Одонтуяа (Хэнтий)
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих