АН ангалзаж, МАН мангартаж өнжив

Сонгогчдын тал нь оролцсон сонгуулийн ирцийн мэдээлэл өчигдрийн үд гэхэд гараагүй л байлаа. СЕХ-ны удирдлагуудын  тайлбар­ласнаар зарим нэг хүндрэлээс шалтгаалан ирцийг нэгтгэж дуусаагүй юм байх. Харин энэ зуур АН хавтгайрсан ялалт байгуулснаа тунхаглан зарлах нь тэр. Ерөнхий сайд Н.Алтанхуяг  энэхүү  мэдээл­лийг  Төрийн ордноос мэдээлэв.

 

Түүний хэлснээр 15 аймаг, найман дүүргийн сонгогчид АН-д ялалтыг хаяглажээ. Тэр ч бүү хэл, үеийн үед улаан өнгө зонхилж ирсэн Ховд, Төв, Булган аймгийг цэнхэртүүлж чадсанаа бахархангуй ярив. Ирц хүрээгүй газрууд ч Ардчилсан хүчин олонхийн саналыг авч чадсан тухай ч дурьдсан юм. 2008 оны Орон нутгийн сонгуулиар дөрвөн аймаг, нэг дүүрэгт ялалт байгуулж байсан бол энэ удаад бүр олуулаа болж ирснээ тунхагласан нь энэ.

 

Гэхдээ энэ бол албан ёсны дүн биш. Харин МАН-ынхны өгсөн мэдээллээр есөн аймаг, таван дүүрэгт ялсан гэнэ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын 13 тойргийн 10-т, мөн хөдөө сумдад олонх болжээ. Мөн Дундговь аймгийн 23 тойргийн 13-т, Говь-Алтай аймгийн 23 тойргийн 17-д, Өвөрхангай аймгийн 28 тойргийн 18-д, Сэлэнгэ аймгийн 21 тойргийн 13-т, Дархан-Уул аймгийн 21 тойргийн 13-т, Завхан аймгийн 29 тойргийн 23-т, Говь-Сүмбэр аймгийн найман тойргийн тавд, Дорноговь аймгийн 23 тойргийн 13-т нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан мэдээг ажиглагчид нь ирүүлсэн гэнэ.

 

Нийслэлийн есөн дүүргээс Багануур дүүрэгт нийт 25 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-ын 13 хүн ялалт байгуулжээ. Мөн Багахангай дүүрэгт нийт 17 нэр дэвшигчээс МАН-ын 12 хүн сонгогчдын итгэлийг авсан байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт 32 хорооноос 19 нь ирц бүрдэж, үүний 10 хороонд нь МАН ялалт байгуулсан аж. Ийнхүү СЕХ-ны мэдээллийг хүлээх зуур улс төрийн намууд ялалт байгуулсан тухайгаа ээлж, дараалан зарлаж, оргилуун дарс “буудуулав”.

Олон зүйлээр шинэлэг явагдсан Орон нутгийн сонгуулийн дүн АН, МАН, МАХН-ын харьцаанд том нөлөө үзүүлнэ хэмээн улс төр судлаачид болон ажиглагчид дүгнэж буй. АН УИХ болоод хотыг “атгандаа” оруулсан тул Орон нутгийг, анхан шатны нэгжүүдийг эрхшээлдээ авахын тулд бүх хүчээ дайчилж, анхаарлаа ганц зүйл рүү чиглүүлсэн гэж дүгнэж болно. Бүр олуулаа болохыг хүсэмжилсэн тэд хуулийн төслийг ч сөрөг хүчингүйгээр “шинэчлэн найруулсан” юм.

 

Гол нь 1996 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан ч орон нутагт ялагдал хүлээсэн тэрхүү гашуун туршлагаа давтах эрх тэдэнд байхгүй. Хэрэв Орон нутгийн сонгуульд энэ удаад дахин ялагдал хүлээвэл АН дараагийн дөрвөн жилийн парламентад шууд утгаараа улс төрийн намтраа тасалдуулах магадлалтай. Өөрсдийнх нь хэлж байгаагаар тэд бүр олуулаа болж, Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийг эзэрхийлж чадлаа.

 

Тэгэхээр 2016 оны зун бүх сонгууль нэг өдөр болж, олон нүх будах шаардлага гарах бололтой дог шүү. Харин МАН азандаа найдаж, залбирч мөргөсөөр энэ удаагийн сонгуульд оролцсон. 1996 онд Ардчилсан хүчин УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан ч гуравхан сарын дараа болсон. Орон нутгийн сонгуулиар МАН илүүрхсэн нь тэдний сэтгэлийг бага ч атугай тайвшруулна.

 

Тиймдээ ч намба зааж, сүр дуулиан болсонгүй. Нөгөөтэйгүүр, толгой нь АН-д эзлэгдсэн ч гар, хөл нь болсон шат шатны байгууллага ах намынхнаар дүүрэн. Иймээс азандаа найдаж, бурхандаа залбирахаас өөр яалтай. Үнэндээ ч ууган улс төрийн хүчин 1996 оны сонгуулиас хойш УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялагдаж үзээгүй. Гэвч 16 жилийн дараа давтагдсан түүхэн эргэлтэд дахин аз тохионо хэмээн горилж суугаа нь энэ.

Энэ сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ бат итгэлтэй бардамнаж явсан нь МАХН. Хавирган дахь МҮАН-аа хүртэл жийж, ялалтыг ганцаараа хаяглахыг хүсэмжилж байв. Засгийн газарт орж, АН-ынханд хань бараа болж, албан тушаалын амталгааг мэдэрсэн тэд энэ удаад бусадтай бялуугаа хуваахыг хүсээгүй нь энэ. Угшил нэгт намынхаа саналыг хувааж, АН-д олонх биш ч олон болох боломжийг олгосон тэд Орон нутгийн сонгуулиар ч эрх баригч намын төлөвлөж байснаар хөдөлсөн байж мэднэ.

 

Урьдчилсан байдлаар МАХН ялалт байгуулсан тухай мэдээлэл бараг алга. Тус намынхан ч ямар нэгэн мэдээлэл хийж, хөөрцөглөсөнгүй. Хэдийгээр орон нутгийн хурлын сонгуульд долоон нам өрсөлдсөн ч гол тулаан дээрх гурван намын дунд өрнөсөн гэж болно. Тэр дундаа МАН, АН-ын хороонд өрсөлдөөн явагдсан. Гэхдээ энэ удаад МАН сөрөг хүчин, АН эрх баригч хүчний байр сууринаас оролцсон нь тааврын хариуг урьдчилан таамаглахад хүндрэл учруулсан гэлцэх.

 

Ямартай ч сонгууль явагдаж дууслаа. Автомат машинд АН-аас бусад улс төрийн намууд итгэхгүй байгаагаа илэрхийлж байсан ч  саналаа өгөв. Товчхондоо, харийн машинд МАН далаараа тавиулчихсан гэж гомдоллодог. Харин МАХН буруу суган доогуур нь боломжийг ашигласан гэж өөрсдийгөө магтдаг. Үнэндээ ч намд нь гэхээсээ илүүтэй Н.Энхбаярыг бодож саналаа өгсөн сонгогчид олон бий.

 

Нэгэн үе төрийн тэргүүн байсан Намбарын хүүгийн үг, үйлдэл бүр олны анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлж, тэр хэрээр ах намаас саналыг нь “хулгайлж” дөнгөсөн юм. Өдгөөгийн эрх баригч АН-ын хувьд санал тоолох автомат машиныг санаачилан хэрэгжүүлэгч. Тэр утгаараа машинд “нөлөөлсөн” гэж үзэх улс төрийн намууд олон. Тэр ч бүү хэл, сонгуулийн дүн гарахаас өмнө оргилуун дарс задалж байсан гэх явган яриа ч бий.

 

Ямартай ч эцсийн дүндээ тэд “бяцхан” олонх болж чадсан. Тиймдээ ч Орон нутгийн сонгуулийн дүн баталгаажихаас өмнө хавтгайрсан ялалт хаяглагдсан тухай мэдээлэл дуулгалаа гэж хардах нэгэн ч байгаа юм. Олны үг ортой гэгчлэн санал тоолох машин АН-д “элэгтэй” нь үнэн бол МАН, МАХН яаж ч тэмцээд нэмэргүй мэт.

Өвлийн тэргүүн сард сонгуулийг зохион байгуулах нь ирц хүрэхгүй байх магадлалтай хэмээн анхааруулж байсан МАН-ынхны сэрэмжлүүлэг ч ёсоор болов. Гэхдээ Орон нутагт гэхээсээ илүүтэй нийслэлд ирц хангалтгүй үзүүлэлттэй байлаа. Ямартаа л, саналаа өгөөгүй хүнийг төрийн албанд ажилуулахгүй гэх заалтыг хуульчлах ёстой байсан юм гэх үг зарим хүний амнаас цухалзсан.

 

Ийнхүү АН Монгол Улсыг цэнхэр өнгөөр будсан тухайгаа ам уралдан мэдээлж, өдөржин ангалзав. Харин МАН зарим газарт улаанаараа байгааг тодотгож, бас ч үгүй мангартсан байдалтай өдрийг өнгөрөөлөө.

Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих