Орон нутгийн сонгуулийн өнгө

Сонгогч түмний олон ч янзын эргэлзээ дунд үргэлжилсэн орон нутгийн сонгууль онцлох үйл явдал арвинтай байлаа. Ардчиллын он жилүүдэд түүхэндээ анх удаа ид хүйтний эрч чангарч, цагийн байдал хүндэрч байгаа үед “сонгуульдаж” байгаагаараа цаг хугацааны хувьд ч ихээхэн онцлогтой байв. Нөгөө талаар өнгөрөгч УИХ-ын сонгуулиар сонгогч дын өгсөн саналыг эргэлзээтэй байдалд оруулсан автомат машинаар иргэдийн саналыг дахин тооллоо.
    Цахим машины санал гомдол өнөөдрийг хүртэл үргэлжилж, өмнөх сонгуулийн элдэв будилаанд хариу өгөөгүй л байгаа. Түүнчлэн түүхэндээ анх удаа хам гийн олон буюу аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод 8108 суудлын төлөө 19400 орчим хүн нэр дэвшин өрсөлдөв. УИХ-ын сонгуулийнх шиг холимог системээр орон нутгийн сонгууль болж байгаа учраас аль нэг улстөрийн хүчин үнэмлэхүй ялалт хүлээх хэрэггүйг ч ажиглагчид хэлж байв.
    Дээр дооргүй нэг л зүйлд хамгийн ихээр санаа зовсон нь ялангуяа хөдөө, орон нутагт сонгуулийн ирц хүрэхгүй байх вий гэдэг асуудал. Тэр дундаа хангайн бүсийн аймгуудад цас ихээр унаж, зарим аймагт 80 см-т хүрч, уул даваа хаагдсан нь үүний гол шалтгаан юм. Нийслэлийн хувьд сонгогчдын ирц хүрэх нь лавтай байсан ч өмнөх жилүүдийнх шиг өндөр хувьтай байж чадахгүй нь угаасаа л тодорхой байв. Өчигдөр 12.00 цагийн үед нийслэлийн нийт сонгогчдын дөнгөж 10 хувь, 17.00 цагийн үед 30 орчим хувь нь саналаа өгсөн нь өмнөх жилүүдийнхээс хамаагүй муу үзүүлэлт.
    Албаны эх сурвалжийн мэдээлснээр өчигдрийн 12.00 цагийн үед говийн бүсийн аймгуудад сонгууль хэвийн явагдаж байгаа бөгөөд нийт сонгогчдын 10-16 хувь нь санал өгөөд байгаа гэлээ. Тэгэхээр цаг тогтуун байгаа говь, тал хээрийн бүсийн аймгуудад сонгуулийн ирц хүрэх үү, үгүй юу гэдэгт эргэлзэх хэрэггүй болов. Харин энэ үед буюу өдрийн 12.00 цагт Баян-Өлгий, Завхан, Увс аймагтай холбогдвол нийт сонгогчдын 7-10 хувь нь саналаа өгөөд байгааг мэдээлэв.
    Цаашид сонгогчдын оролцоо энэ байдлаар үргэлжилбэл сонгууль хэвийн болно гэсэн үг. Цасанд боогдсон сумдын хувьд аргагүй байдал хүнд байгаа. Тэгэхээр зарим хэсгийн хороонд ирц хүрэхгүй асуудал үүсч магадгүй байв. Бидний сонгууль явуулсан 22 жилийн түүхэнд сонгогчдын ирц дандаа буурсан үзүүлэлттэй байдаг. Жишээлэхэд, 1992 онд анх удаа сонгууль өгч байхад 96.2 хувьтай байсан бол 1996 онд 81.9 хувьтай гэх зэргээр буурсаар байгаад өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулийн нийт сонгогчдын ирц 60 гаруй хувьтай болсон юм.
Б.Батзориг, Д.Арвин нарыг унагах гээд үнэний өмнө сөхрөв
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүрэгт өнгөрөгч УИХ-ын сонгуульд МАНаас нэр дэвшсэн Б.Батзориг, Д.Арвин нар босго оноо давж чадаагүй учраас орон нутгийн сонгуулиар хамт санал хураалгаж өрсөлдсөн. Тийм ч учраас өчигдрийн цахим хуудсуудаар Баянзүрх дүүрэгт сонгогчдын ирц муу байна гэсэн мэдээллийг илт улстөрийн зорилгоор тарааж байлаа.
Харин учрыг ухвал, мягмар гаригт нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Б.Батзориг, Д.Арвин нарын эсрэг өрсөлдөгч намынхан шүүхэд хандаж, дахин санал хураалт явуулах тойргийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргуулсан байжээ. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдэл, олонхийн хүчийг ашиглаж ийнхүү сонгууль тулгаж байж тэдний эрхийг илт зөрчих үйлдэл хийсэн байв. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор дахин санал хураалтыг товлосны дагуу явуулжээ.
Тиймээс өчигдөр тэд шударгаар өрсөлдөж, УИХ дахь намынхаа суудлыг тоог нэгээр нэмж чадсан юм. Хэрвээ олонхийн энэхүү улайрсан шийдвэрийг мэдээгүй бол сонгуулийн үймээн дундуур өөрсдийн улайрлаа шургуулах гэж байсан нь үүгээр нотлогдож байгаа юм. Хамгийн гол нь төрд төлөөлөх элчээ сонгож чадаагүй баянзүрхчүүдийн санал бүр ч хүчгүйдэх байлаа.
Сонгуулийн өмнөх шөнийн тулаан
Уяачдын хувьд наадмын урьд шөнө мориныхоо хоолыг тааруулах нь нэн чухал байдаг шиг сонгуулийн санал өгөхийн урьд шөнө хамаг асуудал шийдэгдэх нь ч бий. Учир нь сонгуулийн сурталчилгаа хаачихсан, сонгуулийн өмнөх шөнө “мөлхөө пиар” гэгч хүчээ авч, сонгогч олонд нууцаар эд материал тараах, мөнгө төгрөг өгөх, сонгогчдын гэрээр орж сэтгэл зүйг нь угаах зэрэг асуудал гарч байдаг нь жирийн үзэгдэл болсон. Энэ удаагийн сонгууль ч үүнийг тойрсонгүй.
Тухайлбал, сонгуулийн өмнөх шөнө буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн захын хорооны иргэдэд комиссын хувцас болон архи тараах үзэгдэл гарсан ч чухам хаанаас хэн гэгч нь ийнхүү өглөгийн гараа сунгав гэдэг нь тодорхой бус байна.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн XIII, XIV хорооны нутаг дэвсгэрт зарим айлаар үнэгүй нүүрс өгөхөөр үл таних залуучууд явсан бол Дамбадаржаагийн эцэст мөн л комиссын хувцас болон архи тараасан аж. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу “Алтан-Өлгий” орчимд мөн л комиссын хувцас тараасан залуус “Та бүхэн шинэчлэл хийж байгаа намыг л дэмжээрэй” хэмээн хэлээд гарч одсон гэнэ.
Ямар нэг намд саналаа өг гэж тодорхойлж хэлээгүй ч “шинэчлэл” гэдэг тодотголыг нь бодохоор хаашаа ч үгүй АН-тай холбож ойлгохоор. Яагаад гэвэл өнгөрөгч сонгуулиас хойш өөрсдөө шинэчлэгдэж, бусад нь байрандаа байгаад байгаа юм шиг Ерөнхий сайдаасаа эхлээд “шинэчлэлийн” хэмээх өмнөтгөл хэрэглэх болсон учраас ийнхүү хардсан хэрэг.
Эдгээрийн эзэд хараахан тодроогүй байгаа ч сонгуулийн дараа гардаг маргаанаар эзэн нь тодорно биз ээ. УИХ-ын сонгуулиар мөнгө тараадаг бол орон нутгийн сонгуулиар комиссын хувцас тараах үзэгдэл давамгайлав бололтой. Энэ нь сонгогч олныг хэтэрхий дорд үзсэн явдал гэдгийг ч зарим иргэн хэлж байна.
СЕХ-ны хариуцлагагүй ажиллагаанаас болж зарим иргэн саналаа өгч чадсангүй
Сонгогч иргэд ирэх дөрвөн жилд өөрсдийгөө орон нутагт төлөөлөх элчээ сонгох хариуцлагатай үед ирж, орон нутагт сонгуулийн үйл ажиллагаа хэвийн эхэлсэн. Орон нутагт сонгуулийн үеэр гардаг маргаан, зөрчил энэ удаад харьцангуй гайгүй байна гэсэн мэдээллийг бидэнд өгч байсан ч зарим аймагт будилааны дээд будилаан болжээ.
Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ-д ИЗНН-аас нэр дэвшигч Ц.Ганболд, П.Оюунтуяа нарын нэрийг саналын хуудсаа хэвлэхдээ “мартаад” хэвлүүлчихсэн байна. Тэгэхээр Дорнод аймагт ямар ч байсан сонгууль дахих нь дамжиггүй. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны “Эрлийн-40″, “Гангарын-40″ дугаар байрны оршин суугчид саналаа өгч чадсангүй.
Учир нь дээрх хоёр байрны оршин суугчдад цахим үнэмлэх олгохдоо тухайн хорооны иргэний бүртгэлийн ажилтан “Эрлийн-40″, “Гангарын 40″ дугаар байр гэж тус тусад нь бичилгүй нийтэд нь 40 дүгээр байр гээд бичжээ. Иймээс хаяг давхардаж цахим үнэмлэхээ ч тарааж чадаагүйн улмаас иргэдийн сонгох эрх зөрчигдлөө.
Төрийн албан хаагчид сонгууль өгсөн тасалбартайгаа ажилдаа ирэх гэнэ
Эрх баригчид зүтгэж байж, хөхөө өвлийн хүйтэн хөр цасны арвинд орон нутгийн сонгуулийг явуулах болсон нь хаа хаанаа шүүмжлэл дагуулсан. Тийм ч учраас зарим аймгийн сумдад сонгуулийн ирц хүрэхгүй байх магадлал байсаар байсан. Тэр ч бүү хэл 18.00 цагийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нийт сонгогчдын дөн гөж 29 хувь нь саналаа өгсөн байв. Тиймээс хотын мэр Э.Бат-Үүл яаран нийслэлчүүдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан юм.
Үүний өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч сонгуульдаа яарч оролцохыг уламжилсан билээ. Энэ мэт айдас байсаар байгаагийн нэг илрэл нь 21.00 цагийн үед нийслэлийн Ардчилсан намаас “Төрийн албан хаагчдыг маргааш ажилдаа сонгууль өгсөн тасалбартайгаа ирэхийг холбогдох албаныхан уриалцгаая” гэсэн мессэж тараав.
Энэхүү мессэжийг ямар ч засваргүйгээр хүргэж байгаа нь энэ. Уг нь эрх баригчид саналаа өгөөгүй төрийн албан хаагчдыг ямар нэгэн томилгоонд оруулахгүй, алба хашуулахгүй гэсэн хуулийн заалт оруулахаар улайрч байсан ч бүтэлгүйтсэн. Гэтэл сонгуулийн санал хурааж дуусахаас цаг гаруйн өмнө ийнхүү мессэж тараасныг юу гэж дүгнэхээ дор бүрнээ тунгаах нь зөв буй заа.
Зарим аймагт албадан маягаар санал өгүүллээ
Орон нутагт сонгогч олон идэвхтэй санал өгч байгаа гэсэн мэдээлэл байгаа ч өмнөх сонгуулиудыг бодоход ирц хангалтгүй байгааг орон нутгаас мэдээлсэн юм. Тухайлбал, Дорноговь, Дундговь, Дорнод аймагт 16.00 цагийн байдлаар сонгуулийн ирц аль аль нь 30 гаруйхан хувьтай байжээ. Тиймээс албаны хүмүүс гудамж талбайд чанга яригчаар сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, сонгогчдын гэрээр ухуулга хийсний хүчинд 18.00 цагийн байдлаар 42-45 хувьтай болсон байна.
Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар бол санал хурааж дуустал буюу 22.00 цаг болоход ирц хангалттай биелэхээр байна хэмээсэн юм. Ерөнхийдөө сонгогчдын идэвх илт буурсан нь ийнхүү албадан маягаар санал өгүүлж ирцийн хувийг бүрдүүлэх гэж байгаагаас харж болно.
Шууд утгаараа албадаж байгаа биш гэлээ ч сонгогчдын гэрээр орж сануулах, гудамж талбайд чанга яригчаар сонгуульд оролцохыг уриалах нь албадаж байгаагаас өөрцгүй билээ. Харин автомат машин гацах үзэгдэл төдийлөн гараагүй ч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргихын хэсгийн хороонд саналын автомат машин гацсан аж. Харин тус аймаг уруу утсаар холбогдоход “Машиныг хэвийн явуулах бүх арга хэмжээг авч байна. Хараахан гацсан машиныг засч амжаагүй байна” гэв.
С.УУГАНБАЯР

URL:

Сэтгэгдэл бичих