“Miss Earth 2012” тэмцээний оролцогч орос бүсгүйн үг шуугиан дэгдээлээ
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Miss Earth 2012”-ын оролцогч 24 настай Наталья Переверзевагийн өөрийн орны талаар хэлсэн илэн далангүй үгс нь үзэгчид болон шүүгчдийг гайхшруулсан байна. “Юу нь таныг өөрийн эх орноороо бахархах сэтгэл төрүүлдэг вэ?” гэсэн асуултанд оролцогч бүсгүйчүүд баяр бахдалтайгаар магтаалын үгс урсгаж байсан бол орос бүсгүй харин эх орноо шүүмжилсэн аж.
Эхлээд Переверзева “Орос орноороо бахархдаг, түүнийг өнгө өнгийн тууз цэцэглэсэн урт бүдүүн гэзэгтэй, өөрөө оёсон гоёмсог сарафан өмссөн, улаа бутарсан хацартай үзэсгэлэнтэй бүсгүйгээр төсөөлдөг” хэмээн өгүүлжээ. Харин дараагийн үгс нь шал өөр утга агуулгатай болоод явчихсан байна.
“Гэвч миний Орос орон харамч, шударга бус, үл итгэгч хүмүүсээр тарчлагдсан асар уудам, ядуу, зовлонтой орон. Миний Орос орон өтгөс буурлууд болон өнчин өрөөсөн хүүхдүүдэд тусалж чаддаггүй. Хамаг шилдэг инженерүүд, эмч, багш нар тэнд амьдрах аргагүйн улмаас яг л живж буй хөлөг онгоцноос зугтаж байгаа мэт түүнээс холдон явцгааж байна. Миний Орос орон бол эцэс төгсгөлгүй кавказын дайн” хэмээн цааш нь өгүүлсэн аж.
Гоо бүсгүйн хэлсэн үгс интернетэд шуугиан дэгдээн, блогчид янз бүрийн санал бодлоо хэлэн идэвхтэйгээр хэлэлцэж байгаа ба олонхи нь түүнийг үнэхээр тус оронд тулгамдаад буй асуудлуудыг хөндлөө хэмээн санал нэгтэй байхад, зарим нь түүнийг эх оронч биш байна хэмээн шүүмжилж байна.
Дашрамд дурдахад, Наталья Переверзева Курскээс гаралтай ба ОХУ-ын засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академийг дүүргэсэн. 2011 онд “Оросын гоо бүсгүй” цолыг хүртэн “Miss Earth 2012”-д оролцох эрхээр шагнуулжээ. Тэрээр ярилцлага өгөхдөө энэ бол түүний сүүлчийн тэмцээн хэмээн өгүүлсэн байна.
Д.Мигаа
http://khulangoo.miniih.com/index.php/home/post/3305
URL: